Спортын үйлчилгээний тусгай үзэсгэлэн болно
2022-08-03 16:32:06
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны яармагийн есөн гол агуулгын нэг болох спорт үйлчилгээний тусгай үзэсгэлэн ирэх есдүгээр сарын эхээр Бээжингийн Шөү Ган паркт болно. Спортын үйлчилгээний үзэсгэлэн нь энэ оны үйлчилгээ худалдааны яармагийн хамгийн том арга хэмжээний нэг юм. Одоогийн байдлаар хэд хэдэн төсөлд гарын үсэг зурах нь тодорхой болсон бөгөөд гэрээний нийт хэмжээ 5 тэрбум юанийг давжээ.

Үйлчилгээ худалдааны яармагийн спортын үйлчилгээний тусгай үзэсгэлэн нь “Спортын үйлчилгээ худалдааг холбож, хамтын ажиллагааг ахиулан, олон улсын спортын салбар хоорондын харилцааны гүүрийг бий болгох” зорилготой төдийгүй олон улс, мэргэжил, зах зээл, технологи гэх дөрвөн гол агуулгатай, үзэсгэлэн, форум, хэлэлцээр,туслах арга хэмжээ зэрэг хэлбэрээр зохиогдоно. Бээжин хотын Бие тамир, спортын газрын хэвлэлийн төлөөлөгч Чэнь Же:Үзэсгэлэн нь олон улсын спортын үйлчилгээ, олимпын амжилтыг сурталчлах үйлчилгээ, спортын тэмцээний үйлчилгээ, спортын хэрэглээний үйлчилгээ, ухаалаг спортын үйлчилгээ, спортын нэгдсэн үйлчилгээ, дасгал, бизнесийн үйлчилгээ, аялал зугаалгын үйлчилгээ зэрэг найман хэсгээс бүрдэнэ. Өнөөгийн байдлаар 121 аж ахуйн нэгж үзэсгэлэнд офлайн хэлбэрээр оролцохоор бүртгүүлж, үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын гүйцэтгэл 100 хувьтай болоод байна гэлээ.

Мөн үзэсгэлэнгийн үеэр хэд хэдэн форум, бага хурал болон туслах арга хэмжээг зохион байгуулах юм байна. Олон улсын спортын үйлчилгээ худалдааны хөгжлийн чуулган, Дижитал спортын хөгжлийн форум, Олон улсын спорт, соёл, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх форум, Олон улсын өвлийн спортын хөгжлийн форум зохиогдож, Хятадын болон олон улсын судлаачид, салбарын төлөөлөгч нар оролцоно. Мөн 2022 оны Хятадын спортын үйлчилгээ худалдааны хөгжлийн тайлан, 2022 оны дижитал спортын хөгжлийн тайлан зэрэг хамгийн сүүлийн үеийн судалгааны үр дүнг зарлах ажээ.

Үзэсгэлэнд оролцогсдод хэлэлцээрийн тусгай талбайг гаргаж өгчээ. Өнөөгийн байдлаар спортын аялал жуулчлал, дасгал сургалтын үйлчилгээ зэрэг чиглэлээр хэд хэдэн төсөлд гарын үсэг зурах нь тодорхой болоод байна.

 Хэвлэлийн төлөөлөгч Чэнь Же: Арга хэмжээний үеэр гарын үсэг зурахаар тохиролцоонд хүрээд буй нийт зургаан төсөл урьдчилсан байдлаар батлагдсан бөгөөд гэрээний хэмжээ 5 тэрбум 350 сая юаньд хүрсэн байна гэжээ.