Амлалтаасаа няцаж, амар тайван байдлыг алдагдуулагч- АНУ
2022-08-04 18:47:56
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ удаа дараалан анхааруулж, эрс эсэргүүцлээ илэрхийлсээр байсан хэдий ч АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Ненси Пелоси энэ сарын 2-ны өдөр Хятадын Тайванийн бүсэд айлчиллаа. Пелосигийн айлчлалыг БНХАУ төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг зэмлэн буруушааж байна.

Энэ айлчлал нь олон улсын харилцааны тогтсон хэм хэмжээнүүдийн нэг болсон “Нэг Хятад” зарчмыг ноцтой зөрчиж, өөр улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, АНУ өөрийн өгсөн амлалт, хийсэн мэдэгдлүүдээсээ ухарсан хэрэг боллоо.

НҮБ-ын ерөнхий ассамблей 2758 дугаар тогтоол баталж, БНХАУ-ын засгийн газар бол НҮБ-д Хятад улсыг төлөөлөх цорын ганц хууль ёсны төлөөлөгч хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. НҮБ-ын нарийн бичгийн газрын хууль эрх зүйн алба ч Тайвань бол Хятадын нэгэн муж, бие даасан статусгүй гэж тодорхой бичсэн байдаг.

БНХАУ болон АНУ нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагаа зохицуулах гэж гурван хамтарсан мэдэгдэл гаргасан байдаг бөгөөд тэдгээр нь өнөөг хүртэл тус хоёр орны харилцааны чухал үндэс суурь болсоор ирсэн юм. Тэдгээр хамтарсан мэдэгдэлд чухам юу гэж дурдсан байдгийг дор сийрүүлье.

Мэдэгдэл 1

1972 оны хоёрдугаар сард Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Жоу Эньлай, АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон нарын эхлүүлсэн түүхэн хэлэлцээний дүнд гаргасан хамтарсан мэдэгдлийг Шанхайн хамтарсан мэдэгдэл гэж нэрлэдэг бөгөөд энэ нь тус хоёр орон харилцаа, хамтын ажиллагаагаа зохицуулахын тулд гаргасан анхны хамтарсан мэдэгдэл билээ.
Энэ хамтарсан мэдэгдэлд Вьетнам, Солонгосын хойг, Энэтхэг, Пакистан, Кашмирын бүс болон БНХАУ-ын Тайванийн бүс зэргийн талаарх хоёр талын байр суурийг тодорхой тусгасан байдаг. Магадгүй тэдгээрээс хамгийн чухал нь Хятадын Тайванийн талаарх, тодруулбал Тайванийн улс төрийн статусын талаарх асуудал байх. Талууд нэг нэгнийхээ үндэсний бүрэн эрхт байдал болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхээр зөвшилцсөнөө уг мэдэгдэлд тусгаж, “Нэг Хятад” бодлогыг хүндэтгэж, Тайванийн хоолойн хоёр талд байгаа хятадууд бүгд зөвхөн Хятад гэсэн нэг л улсад хамаарахыг АНУ хүлээн зөвшөөрсөн байдаг.
Мэдэгдэл 2

БНХАУ болон АНУ хоорондын хоёр дахь хамтарсан мэдэгдэл нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоох тухай 1979 оны нэгдүгээр сарын хамтарсан мэдэгдэл билээ. Тус хоёр улс уг хамтарсан мэдэгдлээрээ талуудын хооронд хэвийн харилцааны эхлэл тавигдсаныг зарлан тунхагласан юм.

Уг хамтарсан мэдэгдэлд “БНХАУ-ын Засгийн газар бол бүх Хятадын хууль ёсны цорын ганц засгийн газар бөгөөд Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг гэсэн” Хятадын байр суурийг АНУ хүлээн зөвшөөрсөн байдаг.
Мөн Хятадын Тайваньтай улс төрийн албан ёсны харилцаагаа зогсоож, эдийн засаг болон соёлын харилцаагаа цаашид хадгалахаа уг мэдэгдэлд АНУ тусгасан байдаг юм.

Мэдэгдэл 3

БНХАУ болон АНУ нь гурав дахь хамтарсан мэдэгдлээ 1982 оны наймдугаар сарын 17-нд гаргасан учир уг хамтарсан мэдэгдлийг “Наймдугаар сарын 17-ны хамтарсан мэдэгдэл” гэж нэрлэдэг.
Эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан болон технологийн харилцаагаа цаашид улам бүр бэхжүүлэхээ талууд гурав дахь хамтарсан мэдэгдэлдээ тусгаж, өмнөх хоёр хамтарсан мэдэгдэлд тусгасан Тайванийн талаарх байр сууриа дахин нотолсон байдаг юм.

Пелосигийн айлчлал бол явуургүй өдөөн хатгалга

Ненси Пелоси Тайваньд айлчлах эсэхийг өөрөө шийдэх бүрэн эрхтэй гэж АНУ өөрийгөө өмгөөлж, түүний айлчлалын улмаас ямар нэгэн хямрал үүсэж, нөхцөл байдал хүндэрвэл хариуцлагыг нь Хятад үүрэх ёстой гэж мэдэгдсэн.
Аливаа улс орны төр засгийн эрх бүхий албан тушаалтан тухайн улс орноо төлөөлөх учир үг үйлдэлдээ анхаарч, болчимгүй алхам хийж хэрхэвч болохгүй.
Ненси Пелоси бол АНУ-ын жирийн нэг иргэн биш, АНУ-ын улс төрийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг учир АНУ-ын гадаад бодлогыг чандлан мөрдөх ёстой. Гэвч тэрбээр Хятадын эрс эсэргүүцэл, хатуу байр суурийг илт үл тоомсорлон Хятадын Тайваньд айлчиллаа. Түүний энэ айлчлал нь АНУ ардчиллаар халхавч хийж, дээрх хамтарсан мэдэгдлүүдэд тусгасан амлалтаасаа ухарч, Хятад улсыг илт өдөөн хатгаж, бүс нутгийн төдийгүй дэлхий дахины энх тайван байдалд заналхийлсэн үйлдэл болсныг олон улсын шинжээчид хэлж байна.

БНХАУ болон АНУ бол дэлхийн хамгийн том эдийн засагтай улс орнууд. Энэ хоёр улс орны харилцаа сэвтэж, хамтын ажиллагаа уруудах нь хэнд ч ашиггүй.
Нэгэнт цар тахалд нэрвэгдсэн дэлхийн эдийн засаг дөнгөж толгой өндийх гэж байхад Орос-Украины хямрал эхэлж, улмаар дэлхий даяар бензин шатахууны үнэ огцом өсөж, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, дэлхий дахин туйлдаж байна. Ийм үед хоёр их гүрэн сөргөлдөх нь хэнд ч тусгүй.
Өт хүртэл биед нь хүрэхээр арваганадаг. Өгсөн амлалтаасаа няцаж, улс орных нь дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож, бүрэн эрхт байдалд нь халдаж байхад язгуур эрх ашгаа өмгөөлж хамгаалахгүй улс орон гэж байхгүй биз ээ.

Өнөөдөр Хятад улс эвийг эрхэмлэж, хурдацтай хөгжиж, өөрөө хөгжөөд зогсохгүй бүх нийтийн хөгжлийг чухалчлан дэлхий дахинд тусламжийн гараа сунгаж байна.

Хятадын Тайваньд Пелоси айлчилсан нь Хятадын эв нэгдлийг хагалган бутаргаж, хөгжлийг хойш татаж, Хятадыг олон улсын тавцанд “харлуулах” гэсэн явуургүй оролдлого, өдөөн хатгалгаас өөр юу ч биш.

Г.Солонго