Жангар судлалын эрдэм шинжилгээний хурал Ордост болов
2022-08-04 22:32:59
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Жангар судлалын эрдэм шинжилгээний хурал ӨМӨЗО-ны Ордос хотын Эзэнхороо хошуунд энэ сарын 4-5-ны өдрүүдэд болов. ӨМӨЗО-ны Үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, Хятадын Нийгмийн ШУА-ын Үндэстний утга зохиол судлах газрын удирдамжтай тус арга хэмжээг ӨМӨЗО-ны цөөн тоот үндэстний судар бичиг цуглуулан эмхтгэж судлах тасаг, ӨМИС-ийн Жангар судлалын төвөөс эрхлэн, Хятадын Жангар судлалын нийгэмлэг, Ордос хотын үндэстний хэрэг эрхлэх зөвлөл хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн хурал нь ӨМӨЗО Жангарыг уламжлан хамгаалах үндэсний зэрэглэлд орсноос хойш хуралдаж буйгаараа онцлог бөгөөд ӨМӨЗО-ны Үндэстний хэрэг эрхлэх зөвлөлөөс зохион байгуулж буй Жангар судлалын тусгай сэдэвт Хятадын үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний хурал юм. 

Хурлыг ӨМӨЗО-ны Цөөн тоот үндэстний судар бичиг цуглуулан эмхтгэж судлах тасгийн дарга Соёлт даргалж, Ордос хотын үндэстний хэрэг эрхлэх зөвлөлийн орлогч дарга Баянчимэг, ӨМӨЗО-ны Үндэстний хэрэг эрхлэх зөвлөлийн орлогч дарга Юн Гүөшэн, Хятадын НШУА-ын Үндэстний утга зохиол судлах газрын орлогч дарга Сэцэнбат нар үг хэлэв. Хятадын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, ӨМӨЗО-ны аймаг хотуудын үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч гэхчилэн 70 гаруй хүн хуралд оролцжээ. 

Мөн ШУӨЗО, ӨМӨЗО, Хөхнуур, Гансу, Бээжин зэрэг ӨЗО, муж, хотын эрдэмтэд тусгай сэдэвт 61 илтгэл дэвшүүлж, гуч шахам өгүүллийг хурлын үеэр хэлэлцсэн байна. Төвийн үндэстний их сургууль, Өвөр монголын их сургууль, Шиньжяны их сургууль, Баруун хойдын үндэстний их сургууль, Хөхнуурын үндэстний их сургууль, Өвөр монголын багшийн их сургууль, Өвөр монголын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн, Хөххотын Үндэстний дээд сургууль, Бортохойн дээд сургуулийн судлаачид болон Үндэстний хэрэг эрхлэх зөвлөлийн аймаг, хошуудын удирдлагууд, дунд бага сургуулийн багш нар Жангар туульд тусгагдсан үзэл санаа, судалгааны түүх, жангарчид, текст, бар хэвлэл, хэлзүй, баатрын дүр, соёл болон орчуулгын судлал гэсэн сэдвээр хэлэлцүүлэг хийсэн байна.

Хурал гол илтгэлүүд болон салбар хуралдаан гэх хоёр хэсгээс бүрджээ. Хятадын Жангар судлалын нийгэмлэгийн дарга Сэцэнбат "Жангарын гайхамшиг нь юундаа байдаг вэ", ӨМИС-ийн Мөнхзаяа профессор "Жангар" бол идэг идгээр гүнзгийрэх системт инжежерэнг" сэдвээр тус тус илтгэл тавив. Салбар хуралдаанд Д.Таяа, Б.Мөнхөө, Д.Мөнхөө, Т.Өлзийсан, Үжин нарын 50 шахам эрдэмтэн сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв.

Хурлын хаалтын ёслолыг Хятадын "Жангар" Судлалын Нийгэмлэгийн дарга, Хятадын НШУА-ын Үндэстний утга зохиол судлах газрын орлогч дарга Сэцэнбат даргалж, Хятадын "Жангар" Судлалын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, Хятадын НШУА-ийн Үндэстний утга зохиол судлах газрын дэд судлаач Юй Лань, Баруун хойдын Үндэстний их сургуулийн Цөөн тоот үндэстний хэл утга зохиолын дээд сургуулийн орлогч дарга Б.Мөнхөө нар хоёр салбар хуралдааныг тус тус дүгнэж, ӨМИС-ийн Жангар судлалын төвийн дарга, профессор Д.Таяа эрдэм шинжилгээний хурлыг ерөнхийд нь хураангуйлан дүгнэв.

Энэ удаагийн хурал нь Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний санаачлагаар Хятадын гурван том баатарлаг туулийг хамгаалах, уламжлуулах чиглэлээр хийж байгаа ажлын нэг хэсэг бөгөөд энэ нь Хятадын үндэстнүүдийн нэгдмэл ухамсрыг цогцлоож Жангар туулийг хамгаалан уламжлах, үндэстний хоорондох харилцаа холбоог нягтруулахад гүнзгий ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Н.Пүрэвжав мэдээлэв