Автономит жолоодлогын "давалгаа" улам хүчтэй болж байна
2022-08-05 15:37:15
Share
Share this with Close
youtube WeChat

Автономит жолоодлогын технологи нь алгоритм, мэдрэгч, идэвхжүүлэгч, тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн хэсэг, үйлдлийн программ хангамж, процессоруудын цогц хослол байж, тус бүр нь чухал үүрэг гүйцэтгэдэг.

Автономит жолоодлого нь орчин тойрноо зөв оновчтой мэдэрч, ойр хавьд байгаа тэрэг унаа, гэрлэн дохио, явган зорчигч, эгнээний тэмдэг зэргийг цаг тухайд нь хянаж мэдэрч чаддаг. Одоогийн судалгааны үр дүнгээс хархад бүрэн ажиллагаатай, аюулгүй автономит жолоодлоготой тээврийн хэрэгслийг бий болгохын тулд автономит жолоодлогын дэд систем бүрд томоохон сайжруулалт хийх шаардлагатай хэвээр байгаа хэдий ч эдгээр чухал сайжруулалтыг хийснээр авто машины салбарт ихээхэн өөрчлөлт гарч, олон салбарт ач холбогдол үзүүлэх болно. Америкийн хоёр долоон хоног тутамд хэвлэгддэг "Форбес" сэтгүүл автономит жолоодлого бидний ирээдүйг доорх 4 аргаар өөрчлөх болно хэмээн үзжээ.

ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫГ БУУРУУЛНА

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тоо бүртгэлээс үзэхэд дэлхийн хэмжээнд жилд 1 сая 300 мянган хүн авто ослын улмаас нас барж байгаа бөгөөд энэ тоо 2030 гэхэд 2 сая 200 мянга болон нэмэгдэнэ хэмээн тооцоолжээ. Эдгээр ослын ихэнх нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй байдаг. Үүнээс гадна Америкт өдөрт 32 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас амь насаа алдаж байна. Өнөөдөр зам тээврийн осол гэмтэл нь дэлхийн хэмжээнд нас баралтын 8 дахь шалтгаан болжээ.

Автономит жолоодлоготой машин нь жолоочийн буруутай үйлдлээс үүдэлтэй зам тээврийн осол, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хорлолтойгоор жолоодох зэргийг багасгана.

Автономит жолоодлоготой авто машиныг тээврийн гол хэрэгсэл болж хөгжүүлснээр зам тээврийн ослоор нас барах тохиолдол 94 хувиар буурна. Америкийн авто машины 90 хувь нь автономит жолоодлоготой машин болохоор авто ослоос болж нас барсан хүний тоо жилд 330 мянгаас 113 мянга болж буурна хэмээн Америкийн нэгэн судалгааны байгууллага тооцоолжээ.

АВТО МАШИНЫ ТООГ БУУРУУЛНА

Авто машинтай болсноор их хэмжээний зардал дагалддаг ч олонх машин ихэнх цагаа зогсоол дээр өнгөрүүлдэг.

Цаашид автономит жолооддогтой машин дундын тээврийн хэрэгслийн хэлбэрээр ажиллах магадлал өндөр байгаа. Томоохон компаниудаас хүмүүс шаардлагатай үедээ машин түрээслэн хэрэглэнэ. Ингэснээр авто машины тоо буурч, замын тээврийн осол, түгжрэл, мөн авто машины зогсоол хүрэлцэхгүй зэрэг асуудал шийдэгдэх болно. МакКинси компанийн тооцоолсноор автономит жолоодлоготой машинууд Америкт ойролцоогоор 61 тэрбум метр квадрат талбай бүхий машины зогсоолыг чөлөөлж өгнө.

Автономит жолоодлого нь мөн хэрэглэгчдийн зардлыг хэмнэх болно. Одоо АНУ-д шинэ автомашины дундаж үнэ 30,000 доллар орчим байгаа бол 2035 он гэхэд автономит жолоодлогын технологи нь хүний хяналтыг огт шаарддаггүй төвшинд хүрч чадсанаар автомашины үнэ 3000 ам доллар болж буурах болно хэмээн Америкийн автомашины судалгааны IHS компани тооцоолжээ.

Америкийн Мичиганы их сургуулийн Тээврийн судалгааны хүрээлэнгийн судалгаанаас үзэхэд  Автономит жолоодлоготой машинтай болсноор АНУ-д автомашины тоо 43% хүртэл буурах болно. Автономит жолоодлоготой машинууд түгээмэл болсноор замын хөдөлгөөний ачаалал 70 хувиар буурна хэмээн АНУ-ын Стэнфордын их сургуулийн компьютерын мэргэжилтэн Себастиан Трон дүгнэжээ.

ЛОЖИСТИКЫН САЛБАРЫН АВТОМАТЖУУЛАЛТЫГ ХУРДАСГАНА

Автономит жолоодлого нь ирээдүйд хоол хүнс, илгээмжийг хүргэхэд ашиглах боломжтой. Автономит жолоодлоготой машин нь бизнес эрхлэгчдэд хэрэглэгчийн хэрэгцээг хурдан шуурхай саадгүй хангах боломжийг олгоно.

Өнөөдөр ч гэсэн Хятадын буухиа шуудангийн компаниуд туршилтын журмаар автономит жолоодлогыг ашиглан илгээмжийг эзэд нь хүргэж өгч байгаа. Үүнээс гадна Америкийн арми мөргөлдөөнтэй бүс нутагт хоол хүнс, түлш, хангамжийг хүргэх автомат танк, автономит жолоодлоготой машинуудыг бүтээж байна.

ХОТЫН АМЬДРАХ ОРЧНЫГ САЙЖРУУЛНА

2022 оны хэмжилтээр агаар мандлын нүүрсхүчлийн хийн агууламж нэг саяд 421 хувь буюу аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 50%-иар өндөр болжээ. Америкт автомашин нийт хүлэмжийн хийн ялгаралтын 16.4 орчим хувийг ялгаруулж байна.

Автономит жолоодлого түгээмэл болсноор автомашины хэрэглээ буурч агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгаралт багасах болно.

Автономит жолоодлогын давлагаа улам хүчтэй болж байна. 2035 он гэхэд дэлхийн бүрэн автомат жолоодлоготой автомашинууд дэлхийн шинэ автомашины борлуулалтын бараг дөрөвний нэгийг эзлэх болно. Мөн үйлдвэр, газар тариалан зэрэг олон салбарт автономит жолоодлогын тээврийн хэрэгсэлд ихээр ашиглагдах болно. Автономит жолоодлого нь хүмүүсийн амьдралд ийм том өөрчлөлтийг авчрах болно, үүнийг бид тэсэн ядан хүлээх л үлдлээ.