Өндөр хүлээлт үүсгэж буй Ван И сайдын айлчлал
2022-08-07 10:25:53
Share
Share this with Close
youtube WeChat

Ковид-19 цар тахал болон Орос-Украины хямрал зэргийн улмаас дэлхийн эдийн засаг хүндхэн байгаа энэ цаг үед БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И мөнхийн хөрш Монгол Улсад айлчлах гэж байна.

Цар тахлаас улбаатай хориг хязгаарлалтын улмаас хилийн боомтуудын хэвийн үйл ажиллагаа алдагдаж, экспорт буурч, бараа бүтээгдэхүүн тээвэрлэлтийн үнэ тэнгэрт хадаж, томоохон төслүүдийн хэрэгжилт удаашралтай байгаа энэ үед болох гэж буй түүний айлчлалд монголчууд анхаарлаа ихээхэн хандуулж, ямар нааштай үр дүн гарахыг тэсэн ядаж хүлээж байна.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэдэгдсэнчлэн, энэ айлчлалын үеэр хоёр орны эдийн засаг, худалдаа, хилийн боомт, томоохон төслүүд, Монгол-Хятад-Оросын гурван талын эдийн засгийн коридорыг тойрсон асуудал зэргийг хөндөж, бүс нутаг болон олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлуудаар талууд санал солилцох төлөвтэй байна.

Ван И-гийн айлчлалын Монголд өгөх үр өгөөж

БНХАУ бол Монголын мөнхийн хөрш, худалдааны хамгийн том түнш бөгөөд дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс.

Дипломат харилцааны тогтоосны 70 жилийн ойгоо 2019 онд өргөн дэлгэр тэмдэглэсэн Монгол Улс болон БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа хамгийн таатай үе дээрээ явааг судлаачид болон холбогдох албаны хүмүүс онцолж байна.

Хятадын Гадаад харилцааны сайд Ван И-гийн энэ удаагийн айлчлал ч Монголд бодит үр өгөөжөө өгсөн, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх ач холбогдолтой  айлчлал болох нь эргэлзээгүй.

Тухайлбал, Монголын эрчим хүчний салбарын томоохон төслүүд, тодруулбал Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц (УЦС), Багануурын цахилгаан станцын санхүүжилтийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хилийн боомтуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах зэрэг нь Ван И сайдын айлчлалын үеэр яригдах гол асуудлууд байх төлөвтэй байна.

Эрдэнэбүрэнгийн УЦС болон Багануурын цахилгаан станцыг Хятадын санхүүжилтээр барьж байгуулснаар Монгол орны өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд эрчим хүчээр орлуулах боломж бүрдэхээс гадна эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоосоо бүрэн хангах Монголын Засгийн газрын зорилтыг биелүүлэхэд хувь нэмэр болно. Монгол Улс нь одоогоор нийт цахилгаан эрчим хүчний хэрэгцээнийхээ 20 хувийг импортоор хангаж байгаа юм.

Хилийн боомтуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах тухай асуудал бол энэ айлчлалын хамгийн чухал сэдэв бөгөөд Монголын бизнес эрхлэгчид болон жирийн иргэдийн ч хамгийн их хүсэн хүлээж, чих тавьж буй асуудал. Цар тахлын улмаас Эрээн-Замын Үүдийн боомт хаагдахад Монголын эдийн засаг үндсэндээ уналтад орж, жимс жимсгэнэ, хүнсний ногооноос эхлээд эм эмнэлгийн хэрэгслийн хомстолд орох эрсдэл нүүрлэж байсан. Тиймээс нэг боомтоос үндсэндээ хараат байдлаас гарахын тулд хоёр улс хоорондын бусад боомт, тухайлбал Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ болон Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулж, боомтуудыг төмөр замаар холбох ажлыг түргэвчлэх асуудлаар энэ айлчлалын үеэр тодорхой шийдвэр гаргана гэсэн хүлээлт монголчуудын дунд байна. Ингэснээр Монгол-Хятадын хоёр талын худалдааны хэмжээ нэмэгдэж, Монголын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний экспорт нэмэгдэх зам засагдах боломж бүрдэнэ.

Түүнчлэн Хятадын Ардын банк болон Монголбанк хоорондын байгуулсан 15 тэрбум юанийн своп хэлцлийн хугацааг 2026 хүртэл дахин сунгах саналыг Монголын талаас Хятадад Бээжингийн өвлийн олимпын наадмын үеэр тавьсан ч тодорхой шийдэлд хүрээгүй байгаа бөгөөд энэ асуудлыг Ван И сайдын айлчлалын үеэр эцэслэн шийдвэрлэх төлөвтэй байна. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын талаар эерэг дохио өгч, гадаад өрийн дарамт тодорхой хэмжээгээр буурах болно.

Шинжээчдийн хэлж буйгаар, олон улсын харилцаанд сүүлийн нэгэн зуунд үзэгдээгүй адармаатай өөрчлөлтүүд гарч байна. Ковид-19 цар тахал сунжирч, Орос-Украины хямрал үргэлжилж, улмаар дэлхий даяараа эдийн засгийн хямрал бэрхшээлийг сөрөн зогсох гэж чармайж байхад АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Ненси Пелоси саяхан Хятадын Тайванийн бүсэд айлчиллаа. Түүний энэ айлчлал нь олон улсын харилцааны тогтсон хэм хэмжээ болсон “Нэг Хятад” зарчмыг ноцтой зөрчиж, энэ зарчмыг хүндэтгэнэ гэсэн амлалт, мэдэгдлээсээ АНУ ухарч, Хятад улсын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн болчимгүй үйлдэл, илэрхий өдөөн хатгалга болсон гэж БНХАУ төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг үзэж, зэмлэн буруушааж байна.

“Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг. Тайвань, Төвөд зэрэгтэй холбоотой асуудал бол Хятад улсын дотоод асуудал” гэж үздэг болохоо Монгол Улсын үе үеийн удирдагчид Хятадын талд нотлон хэлж, “Нэг Хятад” бодлогыг хүндэтгэн дэмжиж буйгаа мэдэгдсээр ирсэн.

Ван И сайдын айлчлалын үеэр ч Монголын тал энэ байр сууриа дахин илэрхийлэх нь дамжиггүй.

                                         Г.Солонго