Бразилын багийн шинэ өмсгөл худалдаанд гарлаа
2022-08-09 16:54:16
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны хөл бөмбөгийн ДАШТ ирэх 11-р сарын 20-ноос 12-р сарын 18-ны өдрүүдэд Катарт болно. Дөрвөн жилд нэг удаа болдог дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хөл бөмбөг сонирхогчид тэсч ядан хүлээж байна. ДАШТ-ны таван удаагийн аварга Бразилын үндэсний шигшээ баг уг тэмцээнд өмсөх шинэ өмсгөлөө худалдаанд гаргалаа. Энэхүү шинэ өмсгөлийн загварыг ягуар гэгддэг Америкийн цоохор ирвэсээс санаа авсан хэмээн Бразилын хөл бөмбөгийн холбоо танилцуулжээ.

Бразилын Хөл бөмбөгийн холбооны албаны сайтад нийтэлсэн зургаас харахад эзэн талбайн шар өнгөтэй өмсгөл нь бүхэлдээ ирвэсний толботойн дээр, энгэр болон заханд нь Бразилын далбааг байрлуулжээ. Харин зочин талбайн хөх өнгөтэй өмсгөлийн ханцуй нь хөх, ногоон алагласан ирвэсэн толботой юм байна.

Бразилын төв болон баруун хэсэгт орших Пантанал мужид Америк тивийн ирвэс буюу ягуарууд олноор амьдардаг учраас ирвэсэн толбот загварыг ашиглажээ. Бразилын Хөл бөмбөгийн холбоо мэдэгдэхдээ, "Шинэ өмсгөл "Бразилын сарвуу" хэмээх нэртэй бөгөөд энэ нь тухайн орон нутгийн хэлэнд "Бразилын хатан зориг", "Бразилын эрэмгий санаа" хэмээх үгтэй ижил дуудлагатай, үндэсний нэр алдар, залуучуудын соёл, эрэлхийлэгч сэтгэлгээг илэрхийлж байгаа" гэжээ.

Бразилын Хөл бөмбөгийн холбооны шинэ өмсгөлөө танилцуулж буй богино хэмжээний видео бичлэгт "2022 оны Бразилын эрэгтэйн хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн өмсгөл нь эрч хүч, эрэмгий зоригийн бэлгэдэл төдийгүй Бразилчуудын тууштай тэмүүлэл, тэмцэгч соёлын илэрхийлэл. Африкийн цоохор ирвэсний хурд хүч хийгээд гоо үзэсгэлэнгээр Бразилын ард түмний хүчийг нэгтгэх болно" гэжээ.

Видео танилцуулгад оролцсон Бразилийн шигшээ багийн тамирчин Ришарлисон, "Африкийн цоохор ирвэс нь хурц түрэмгий атлаа урлагтай довтолдог Бразилын шигшээ багийн тоглолтын хэв маягтай нийцэж байна. Энэ өмсгөлөөрөө бид өрсөлдөгчөө айдаст автуулна. Шигшээ баг маань намайг ДАШТ-нд дуудахыг би тэсэн ядан хүлээж байна" хэмээн ярьжээ.

Шинэ өмсгөлийг онлайн болон офлайнаар зэрэг худалдаалж байгаа ч захиалга ихтэй хэвээр байгаа аж.