Роботууд өөрийгөө таньдаг, төсөөлдөг болж байна
2022-08-09 16:48:00
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Колумбын их сургуулийн инженерийн хүрээлэнгийн судалгааны баг хүний тусламжгүйгээр өөрийнхөө биеийн загвартай танилцаж өөрийгөө мэдэрч чаддаг робот бүтээснээ саяхан зарлалаа. Тэдний шинэ бүтээл нь өөрийнхөө кинематик загварыг бие даан бүтээж, уг загвараа ашиглан хөдөлгөөнөө төлөвлөн, янз бүрийн тохиолдолд саад тотгороос зайлсхийж, мөн өөрт бий болсон алдааг автоматаар танин, өөрийгөө засварлах чадамжтай хэмээн судлаачид "Science Robotics" сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлдээ танилцуулжээ.

Роботыг камеруудаар тоноглосон тойрогт байршуулахад робот камерын тусламжтайгаар өөрийгөө ажиглан чөлөөтэй хөдөлж эхэлжээ. Нялх хүүхэд анх толинд өөрийгөө хараад гайхдаг шиг робот ч өгөгдсөн командын дагуу бие нь хэрхэн хөдөлж байгааг мэдэхийн тулд камерт өөрийгөө харан янз бүрээр хөдөлж үзжээ. Гурван цагийн турш ингэж өөрийгөө ажиглан туршсаны дараа робот зогсжээ. Тэр өөрийн үйлдэл хөдөлгөөнөө хянаж, ямар үйлдлийг ямар орон зайд ямар хугацаанд гүйцэтгэж буйгаа санах ой, мэдрэлийн системдээ нэгэнт суулгажээ. Ингэснээр тэр орчноо мэдрэн өөрийгөө чөлөөтэй ажиллуулах бүрэн боломжтой болж байгаа юм.

Колумбын их сургуулийн механик инженерийн тэнхмийн профессор, Бүтээлч машин механизмын лабораторийн захирал Ход Липсон хэлэхдээ: "Робот өөрийгөө хэрхэн таньж төсөөлж буйг хүмүүс мэдэхийг үнэхээр их хүсэж байгаа. Гэхдээ зөвхөн мэдрэлийн системийг нь ажиглаад байж болохгүй. Тэр нь үнэндээ онгоцны хар хайрцагтай адилхан зүйл. Харин робот инженерийн тусламжгүйгээр өөрийгөө загварчлах, таних, төсөөлөх чадвар маш чухал юм. Энэ нь зөвхөн хөдөлмөрлөх хүчнийг хэмнээд зогсохгүй роботууд өөрийнхөө элэгдлийг хянаж, гэмтэл согогоо илрүүлж, нөхөн сэргээх боломжтой болж байна" гэжээ.

Хүн биологийн хийгээд ухамсрын бие даасан системтэй учраас л чөлөөтэй дураараа байж чаддаг. Тиймээс роботын хувьд өөрийгөө мэдэрч таньж эхэлж буй нь маш чухал юм хэмээн судалгааны багийнхан үзэж байна. Жишээ нь үйлдвэрт ажиллах робот үйлдвэрлэлийн шугамд доголдол гарч буруу хөдөлж байгааг илрүүлж, засах буюу тусламж үзүүлэх боломжтой болох юм байна.

Ход Липсон хэлэхдээ, "өөрийгөө загварчлах нь өөрийгөө танин мэдэхийн анхны хэлбэр юм. Хүн, амьтан, робот бүгд адилхан, өөрийнхөө бие загварыг зөв мэдэрч чадаж байж л илүү сайн ажиллаж, илүү сайн шийдвэр гаргаж, түүнчлэн хувьсан хөгжих чадвартай болно" гэжээ.