Ван И-гийн Монголд хийсэн айлчлалын талаар танилцуулав
2022-08-09 17:40:34
Share
Share this with Close
youtube WeChat

8-р сарын 9-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр сурвалжлагч Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И-гийн Монгол улсад хийсэн айлчлалын талаар хэвлэлийн төлөөлөгч дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү хэмээн хэлжээ.

Үүнтэй холбоотойгоор хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Монгол улсад амжилттай айлчлал хийж, айчлалаа саяхан өндөрлүүллээ. Айлчлалын хугацаанд тэрбээр Монгол улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх, Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарт тусбүр бараалхаж, Монгол улсын Гадаад харилцааны сайд Б. Батцэцэгтэй хэлэлцээ хийжээ.

Айлчлалын үеэр хоёр талын харилцаа, ажил хэрэгч хамтын ажиллагаа болон харилцан анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар хоёр тал стратегийн зөвшилцөл хийж, өргөн хүрээний нийтлэг ойлголтод хүрлээ. Олон улс, бүс нутгийн өнөөгийн ээдрээтэй нөхцөл байдалд Хятад Монгол хоёр орон хувь заяа нэгтэй, ирээдүй нягт холбоотой хэмээн хоёр тал үзлээ. “Бүс ба зам" санаачилга болон Монгол улсын “Талын зам”, Дэлхийн хөгжлийн санаачилга болон Монголын “Шинэ сэргэлтийн бодлого”, Хятадын “хоёр үе шат”-ын хөгжлийн стратегийн зорилт болон Монголын алсын бодлогын хэтийн төлөвийг хооронд нь гүнзгий уялдуулж, хоёр талын харилцааны хөгжлийн гурван томоохон хөдөлгөх хүчийг бий болгон урагш ахиулахад хоёр тал бэлэн буйгаа илэрхийлсэн юм.
Тусгаар тогтнол, бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа харилцан хүндэтгэж, нөгөө талынхаа амин чухал ашиг сонирхолтой холбоотой асуудлаар бие биенээ үргэлжлүүлэн шуурхай дэмжинэ хэмээн хоёр тал дахин нотлов. Монгол улс тогтвортой байдлаа хамгаалж, хөгжилдөө анхаарал төвлөрүүлэн, улс орныхоо бодит байдалд нийцсэн хөгжлийн замаа хайхыг Хятад улс дэмжиж байна. Монгол улс нэг Хятадын зарчмыг шуурхай баримталж, Тайвань, Төвөд, Шиньжян, Хонконг зэргийн үйл хэрэгт Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэхээ дахин нотолсныг Хятад улс сайшааж байна.  Хилийн бүсийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, нээх боломжтой боомтуудыг аль болох нээж, холбох боломжтой төмөр зам авто замыг аль болох холбон, үйлдвэрлэл нийлүүлэлтийн гинжин хэлхээг тогтвортой шулуухан нэвтрүүлэхийг хоёр тал зөвшөөрөв. Энэ удаад хоёр тал Ганц-мод боомтын хил дамнасан төмөр замыг холбох асуудлыг эцэслэн тохиролцсон нь Монгол улс илүү нээлттэй болж, эрчтэй хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэх болно.

Хоёр тал худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, шинжлэх ухаан технологи, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрчим хүч зэрэг салбарын томоохон жишиг төслийг бий болгож, хоёр орны уялдаатай хамтын хөгжлийн төлөө зүтгэхэд санал нэгдэв. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хоёр тал зохицуулан хэрэгжүүлж, Монголын баруун бүс нутгийн иргэдийн цахилгаан хэрэглээний асуудлыг даруй шийдвэрлэхийг хоёр тал зөвшөөрөв.
Хорооллуудыг шинэчлэн засварлах, бохир ус цэвэршүүлэх, мах махан бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр зэрэг иргэдийн амьжиргаатай нягт холбоотой төслүүд даруй хэрэгжиж, Монголын ард түмэнд илүү сайн үр өгөөжийг хүртээхийг дэмжих бөгөөд хоёр тал цаашид мод тарих, цөлжилттэй тэмцэх салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр болов.
Монгол улсын  “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг Хятад улс сайшааж байгаа бөгөөд Хятад улс ч ирэх 10 жилд 70 тэрбум мод тарихаа мэдэгдэн, бие биедээ тус дэмжлэг үзүүлж, байгаль орчноо хамтран хамгаалахад бэлэн буйгаа илэрхийлэв. Цар тахлын эсрэг цаашид мөн хамтран ажиллаж, ард түмний амь насны аюулгүй байдлыг хамгаалахыг хоёр тал зөвшөөрөв. Хоёр орны шууд нислэгийг нэмэгдүүлэн, иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулах боломж бүрдүүлнэ. Хятадад суралцаж буй Монголын оюутнуудыг үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэхээр тохиролцож, иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулж сэргээхээр ярилцав. Залуусын солилцоо, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад, Монголын найрсаг харилцааны иргэдийн суурийг бэхжүүлнэ. Хоёр тал олон улсын үйл хэргийн талаар зохицуулалтаа нэмэгдүүлж, жинхэнэ олон талт үзэл, нээлттэй бүс нутгийн үзлийг баримталж, Даян дэлхийн хөгжлийн санаачилга болон Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг хэрэгжүүлэн, хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхолыг хамгаалан, Азийн хөгжил болон хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахын төлөө хамтран зүтгэхэд санал нэгдэв гэжээ.
Ван Вэньбинь хэлэхдээ, Хятад, Монгол хоёр орон бол алтаар сольшгүй сайн хөрш, жаргал зовлонгоо хамтатгасан сайн анд, сайн түнш юм. Хятад улс энэ удаагийн айлчлалын боломжийг ашиглан, Монгол улстай хамтран хоёр төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтуудыг хэрэгжүүлж, харилцан ашигтай найрсаг хамтын ажиллагаагаа хамтран ахиулж, хамтын хөгжил цэцэглэлийн төлөө хичээн зүтгэхэд бэлэн байна гэжээ.