Соёлын солилцооны нэгэн чухал агуулга бол музей хоорондын хамтын ажиллагаа
2022-08-09 16:52:10
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ жил Хятад улсад Италийн соёл, аялал жуулчлалын жил болж байна. Уг арга хэмжээний чухал нэгэн агуулга болох “Италийн үүсэл - Эртний Ромын соёл иргэншлийн үзэсгэлэн" долдугаарр сарын 10-наас 10-р сарын 9-ний өдрүүдэд Хятадын Үндэсний музейд болж байна. Үзэсгэлэнд Италийн үндэсний зэрэглэлийн 26 музейн 308 багц, нийт 503 ширхэг өв, дурсгал багтжээ. Цар тахлын нөхцөл байдалд Хятад, Итали хоёр олон бэрхшээлийг даван туулсны эцэст соёлын дурсгалуудыг анх удаа видеогоор хянаж дамжуулан, хил дамнасан соёлын өвийн үзэсгэлэнгийн хамтын ажиллагааны шинэ загварыг амжилттай туршин хэрэгжүүллээ. Хятадын үндэсний музейн соёлын өвийг хамгаалж сэргээн засварлах 10 гаруй ажилтан уг ажилд оролцож, шаазан, алт мөнгөн эдлэл, чулуу, ваар, ханын зургийг сэргээн засварладаг мэргэжилтнүүд мэргэжлийнхээ хүрээнд Италийн соёлын өвийг хянаж, сэргээн засварлалт хийж, энэхүү олон улсын үзэсгэлэнгийн солилцоонд мэргэжлийн чухал дэмжлэг үзүүлжээ.

Хил дамнасан үзэсгэлэн нь соёлын солилцооны чухал гүүр байдаг. Хятадын Үндэсний музей байгуулагдсан цагаасаа хил дамнасан соёлын үзэсгэлэнг чухалчлан үзсээр иржээ. 1912 оны долдугаар сарын 9-нд Хятадын Үндэсний музейн эхлэл болох Үндэсний түүхийн музейн бэлтгэл ажлын алба байгуулагдаж байсан бол дараа жил нь Германы Лейпцигийн олон улсын хэвлэлийн үзэсгэлэнд урилгаар оролцон, Тэнгэр тэтгэгч хааны хаш чулуун дээр сийлсэн Арван гурван судрын өмнөтгөл, хаш тамга зэрэг түүхэн өвийг Германд дэлгэн үзүүлж байжээ.

БНХАУ байгуулагдсаны дараа эртний түүх соёлын өвөө олон улсад идэвхтэй танилцуулсаар иржээ. 1950 онд Хятадын Үндэсний музей ЗХУ-ын урилгаар тус улсад Хятадын урлагийн үзэсгэлэнг зохион байгуулж, түүх соёлын 89 өвийг танилцуулжээ. Түүхэн өв дурсгалын аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд Хятадын Үндэстний музей тухайн үед тусгай төсөл хэрэгжүүлж, баглаж боох ажлыг нарийн хянамгай гүйцэтгэж, мөн зарим өв дурсгалыг сэргээн засварлаж байжээ. Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжиж эхэлснээс хойш Хятадын соёлын байгууллагууд соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах зэрэг ажлаар олон улсын солилцоонд улам идэвхтэй оролцох болов. 1989 онд АНУ-ын соёлын дурсгалт өвийг хамгаалах мэргэжилтнүүд Хятадад айлчлан Хятадын Үндэсний музейд эрдэм шинжилгээний илтгэл тавьж, лаборатори болон сэргээн засварлах газартай танилцаж, туршлага солилцжээ. 20-р зууны 90-ээд онд Хятадын Үндэсний музей Канадын Хятадын соёлын дурсгалыг хамгаалах сантай хамтран ажиллаж, залуу эрдэмтдийг Канадад суралцуулах хамтын ажиллагааны гэрээ байгуулж, шинжилгээ судалгааны багаж хэрэгсэл худалдан авч, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах ажлын ололт амжилтын үзэсгэлэн зэргийг зохион байгуулжээ. Хятадын Үндэсний музейн мэргэжилтнүүд бусад улс орнуудад ч дэмжлэг туслалцаа үзүүлсээр иржээ. 1999 онд Хятадын Үндэсний музейн Уран бичлэг, уран зураг хуулбарлах, сэргээх ажлын хэсэг Канадын Онтарио эзэн хааны музейд байгаа Хятадын эртний гурван уран зургийг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэжээ. Япон, Итали зэрэг орнуудын соёлын дурсгалт өвийг сэргээн засварладаг мэргэжилтнүүд ч Хятад улсад айлчлан ажил хэрэгч хамтын ажиллагаа өрнүүлж байжээ.

Сүүлийн 10 жилд Хятадын Үндэсний музейн сэргээн засварлах мэргэжилтнүүд тусгай урилгаар Францын үндэсний музей, Францын үндэсний өвийн хүрээлэн, Английн Их Британийн музей, Виктория ба Альберт музей, БНСУ-ын Үндэсний төв музей зэрэг олон улсад нэр хүндтэй музей, соёлын байгууллагуудтай соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр эрдэм шинжилгээний солилцоо хийжээ. 2018 оноос Хятадын Үндэсний музейн сэргээн засварлах мэргэжилтнүүд Орос, Малайз, Египет зэрэг улсад суугаа Хятадын ЭСЯ-нд очиж сэргээн засварлах ажил хийж, Хятад болон гадаад орнуудын соёлын солилцоог ахиулахад хувь нэмрээ оруулжээ.

Музей нь хүн төрөлхтний соёл иргэншлийг хамгаалах, өвлүүлэх чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ жил Хятадын үндэсний музей байгуулагдсан 100 жилийн ой тохиож байна. Улсын Үндэсний музейн хувьд түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах ажилд чухал үүрэг гүйцэтгээд зогсохгүй олон улсын соёлын солилцоонд ч идэвхтэй хувь нэмэр оруулсаар байна.