Хийн хоолойн Монгол дахь бүтээн байгуулалт хойтон эхэлнэ
2022-08-16 14:46:40
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн жилүүдэд олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудал бол хийн хоолойн тухай сэдэв юм. Хятад, Монгол, Орос гурван орны төр засгийн удирдагчдаас эхлээд жирийн иргэдийн яриа хөөрөөний жийрэг болж буй энэхүү сэдвээр мэдэж, мэдэмхийрч, мэдэн будилж ярьцгаасаар удлаа. Хятад Оросын байгалийн хийн хоолойг Монгол улсын нутгаар дамжуулан тавих асуудлаар Монгол улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ 2022 оны долдугаар сарын 19-нд Английн Financial Times сонинд ярилцлага өгөхдөө, “Хятад Оросын “Сибирийн хүч-2” байгалийн хийн хоолойн барилгын ажлыг 2024 онд эхлүүлж, 2030 онд ашиглалтад оруулна. Уг хоолой Монголоор дамжин өнгөрөх болно” гэжээ.

Эх сурвалжийн мэдээгээр, Сибирийн хүч-2 байгалийн хийн хоолойг Хятад, Монгол, Орос гурван орон 2019 онд хэлэлцэх ажлын төлөвлөгөөнд тусгаж, 2600 км урт хийн хоолойг Монголоор дамжуулж тавих бөгөөд жилд 40-50 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай тус байгууламжийг 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Сүүлийн арван хэдэн жилийн турш Оросын ерөнхийлөгч Владимир Путин Хятад улс руу урт хугацаанд нефть, байгалийн хийх нийлүүлэх стратеги хэрэгжүүлж, улмаар Хятад Оросын зүүн хэсгийн Сибирийн хүч-1 хоолойг байгуулан ашиглалтад оруулаад удаж буй ч Хятад улсын тасралтгүй өсөн нэмэгдэж буй байгалийн хийн эрэлт хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж хүчрэхгүй байгаа юм. Тиймээс “Сибирийн хүч-2” төслийг хэрэгжүүлэхээр шийджээ. Ингээд Хятад, Монгол, Орос гурван орон Сибирийн хүч-2 хоолойг барих техник, эдийн засгийн үндэслэлийг яаравчлан боловсруулж, газарзүйн хайн хэмжилт, хөрсний нарийвчилсан судалгаа зэрэг техникийн шинжтэй ажлуудыг шуурхай гүйцэтгэсэн юм. Өдгөө уг хоолойг барьж байгуулах ажлыг эхлүүлэх судалгаа шинжилгээний хөрс суурь хэдийнээ бэлэн болсон гэсэн үг.

Орос улс Хятадад байгалийн хийгээ шууд нийлүүлэх сонголтууд байсаар байтал яагаад заавал Монголоор дайруулан байгуулах болсон бэ гэдэг асуудал аяндаа урган гарч байна. Үүний учир шалтгааныг товчхон тайлбарласу.

Юун түрүүнд Монгол улсын газарзүйн онцгой байрлал нь тэднийг Хятад, Орос гэх дэлхийн хоёр том гүрний хоорондын маш том гүүр болгосон юм. Монгол улс бол Хятад, Монгол, Орос гурван орны эдийн засгийн коридорын чухал туннель болж байгаа. Гурван улс эртээсээ авто зам, төмөр зам, агаарын замаар холбогдсоор ирсэн. Сүүлийн жилүүдэд гурван орон эдийн засаг, худалдаа, уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаа хийгээд цар тахлын эсрэг тэмцэлд ихээхэн үр дүнтэй хамтран ажилласан юм. Харин одоо байгалийн хийн хоолойн төсөл дээр хамтарсан нь Орос Украины мөргөлдөөнөөс болж янз бүрийн хоригт өртсөн Орос улс дорно дахинд эрчим хүчний зэх зээлээ өргөтгөх, дэлхийн эрчим хүч импортлогч том гүрэн Хятад улс ч өөрийнхөө эрчим хүчний хэрэгцээгээ хямд төсөр аргаар хангах, шинээр хөгжиж буй Монгол улс санхүүгийн шинэ орлогын эх үүсвэртэй болох олон талын ач холбогдолтой билээ. Энэ нь гурван орны уламжлалт нягт харилцааг улам бэхжүүлж, Хятад, Монгол, Орос төдийгүй Ази Европын хооронд бас нэгэн чухал гүүр босгож, эдгээр гурван орон, цаашлаад дэлхийн цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтэд асар их түлхэц болох учиртай.

Хятад Орос хоёр орон байгалийн хийн шинэ хоолой барихаар ярилцсан цагаас эхлэн Монгол улс уг төлөвлөгөөнд идэвхтэй оролцож, Хятад Оросын байгалийн хийг өөрийнхөө нутгаар дамжуулахыг дэмжсээр ирсэн юм. Уг хоолой Монголын нутгаар дамжин өнгөрснөөр жил бүр Монгол улсад долоон тэрбум юанийн тогтвортой ашиг орлого бий болгох боломжтой. Ийм ч учраас Монгол улс барилгын ажлын зөвшөөрөл олгох, гадаадын ажилчдын цалин хөлсний татварыг бууруулах чиглэлээр маш олон арга хэмжээ авч хэрэгжүүлж буй юм.

Орос Украины дайн Сибирийн хүч-2 байгалийн хийн хоолойг барих ажлыг түргэтгэсэн гэж хэлж болно. Орос улс байгалийн хийгээр Европын холбоотой барьцаж, Америкийн хориг арга хэмжээг хүчгүйдүүлж, бас мөнгө санхүүгээ нэмэгдүүлж чадлаа. Оросын авсан хариу арга хэмжээний үр дүнд Украиныг дэмжигч Англи, Эстон зэрэг орны төр засаг солигдож буй юм. Гэвч Орос улс Европт экспортолж байсан эрчим хүчний хоосон орон зайгаа даруй түргэн нөхөж, Хятад улсад экспортлох эрчим хүчний хэмжээгээ цаашид нэмэгдүүлэх шаардлагатай тулгарсан.

Харин 1.4 тэрбум хүн амтай Хятад улсын хувьд 15-р таван жилийн төлөвлөгөөндөө эрчим хүчний хэмнэлт, экологи хамгаалалтын төслийнхөө зорилтыг тодорхой дэвшүүлж, цэвэр эрчим хүч ашиглах зорилт тавьсан юм. Байгалийн хий бол чухал цэвэр эрчим хүчний эх үүсвэр мөнөөсөө мөн билээ. Ийм учраас Оросын байгалийн хийг их хэмжээгээр импортлох нь Хятадад хамгийн их үр өгөөжөө өгөх юм.