Ургамлын харшлаас сэргийлэхийн чухлыг мэргэжилтнүүд онцлов
2022-08-16 14:30:12
Share
Share this with Close
youtube WeChat

Жил бүрийн наймдугаар сарын эх, намрын уур орох цагаар Хятадын умард нутгийн зун намрын улиралд урган төлждөг өвс ургамлууд хоёр сарын хугацаанд агаарт их хэмжээний тоос тоосонцор дэгдээдэг. Энэ үед цэцгийн тоосонцор хийгээд ургамлын харшилтай хүмүүст нүд улайж загатнах, найтаах, нус гоожих, хүндэрсэн тохиолдолд ханиалгах, амьсгал давчдах шинж тэмдгүүд илэрч сандаргадаг билээ. Сүүлийн жилүүдэд харшлын гаралтай өвчин нэмэгдэх хандлагатай болж байгаа. Дэлхийн дулаарал, хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хүрээлэн буй орчинд нөлөөлж буй сөрөг хүчин зүйлсийн өөрчлөлт нь ургамлын харшлыг ихэсгэж байгаа бас нэгэн шалтгаан хэмээн эмч нар үздэг юм. Тиймээс энэ төрлийн өвчтөнүүд хүрээлэн буй орчны хүчин зүйлд түлхүү анхаарч, харшил үүсгэх зүйлсээс зайлсхийн, зориулалтын тусгай эмчилгээ хийлгэх шаардлагатай хэмээн тэд сануулж байна.

Харшлын өвчлөл нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан эрүүл мэндийн асуудал болоод байгаа бөгөөд Хятад улс ч үүнийг үгүйсгэхгүй. Бээжингийн Шехэ эмнэлгийн Харшлын салбарын эмч, дэд профессор Гуан Кай энэ тухайд, “Хятадын умард нутгийн зарим газруудад цэцгийн тоосонцрын харшлын тархалт 20 хувиас давсан. Нүд улайж загатнах, найтаах, нус гоожих зэрэг шинж тэмдгүүдээс гадна харшилтай хүмүүсийн 37 хувь нь таван жилийн дотор харшлын астма болж архагшин хүндэрч байна” гэжээ.

"Харшлын өвчлөл бол ген хийгээд байгаль орчны хүчин зүйлсийн хамтын үр дагавар" гэж Хятадын Анагаах ухаан судлалын холбооны Харшлал судлалын нийгэмлэгийн дарга профессор Инь Жя онцлоод байгаль орчны хүчин зүйлүүд нь харшил, астма өвчнийг үүсгэх, улмаар хурцадмал байдлыг бий болгоход шууд нөлөөлдөг” гэжээ.

Байгаль орчны хүчин зүйлд идээ ундаа, агаарын бохирдол, эм бэлдмэл, химийн орцтой хэрэглээний бүтээгдэхүүн, амьдралын дадал зуршил, уур амьсгал, биологийн олон төрөл байдал, хотжилт, нийгэм, эдийн засгийн хүчин зүйл зэрэг гадаад орчны олон нөлөөлөл багтдаг бол бодисын солилцоо, үрэвслээс үүдэлтэй биеийн дотоод орчны хүчин зүйлс, гэдэс, арьсны бичил биетний хувиралт зэрэг микробиомын орчны нөлөө ч хамрагддаг. "Байгаль орчны олон төрлийн хүчин зүйлүүд нь удамшилд, түүгээр ч барахгүй хромсомын өөрчлөлтийг дэмжих замаар генд нөлөөлж, эцэстээ харшлын өвчин үүсгэж, тархалтыг нэмэгдүүлдэг" гэж эмч Инь Жя хэллээ.

Тэгвэл гадаад орчин хэрхэн цэцгийн харшлыг нэмэгдүүлдэг вэ? Инь Жягийн хэлж буйгаар бол хүлэмжийн хийн нөлөө, дэлхийн дулаарал нь цэцгийн улирлыг уртасгаж, ургалтыг нэмэгдүүлснээр энэ төрлийн харшлыг бий болгосон байж болзошгүй юм. Зарим судалгаанаас үзэхэд, нэг ширхэг өвс нь жилд хэдэн зуун сая цэцгийн тоосонцор үүсгэх магадлалтай хэмээн үзвэл уур амьсгал, газарзүйн орчны өөрчлөлтийг хувиргах төдийгүй өвс цэцгийн тоосонцор нь зарим газарт их хэмжээгээр нэвтэрч, тархах боломжийг ихэсгэдэг байна.

Түүнчлэн ногоон байгууламжуудыг дагалдан таримал ургамлын тоо хэмжээ нэмэгдэхийн хэрээр тэдгээрийн төрөл зүйл, тоосонцрын тархцад өртөхөөс зайлсхийх боломжгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Гуанжөүгийн Анагаах ухааны их сургуулийн харьяат Нэгдүгээр эмнэлгийн профессор Ли Жингийн хийсэн судалгаанаас үзэхэд, 2018 онд Хятадын умард нутгийн улиас зэрэг олон төрлийн ургамлаас үүдэлтэй харшил 2008 оныхоос хамаагүй өндөр бүртгэгдсэнээс гадна бударганын төрлийн цэцгийн тоосонцрын харшлын түвшин мэдэгдэхүйц нэмэгджээ.

Хүний биед харшил үүсгэгч цэцгийн тоосонцор нь гол төлөв агаарын урсгалаар дамждаг тул бүс нутаг дамнасан тархацтай. Судалгаанаас үзэхэд, Бээжин-Тяньжин-Хэбэйн хүмүүст нийтлэг тохиолддог цэцгийн харшил нь хөдөө орон нутагт ургадаг бударганын төрөл бөгөөд зэргэлдээ мужууд, бүр цаашлаад Монгол, Орос, Казахстан зэрэг орнуудаас баруун хойдын хүчтэй салхины улмаар Бээжин-Тяньжин-Хэбэй бүс рүү хийсэж ирдэг” гэж Бээжингийн Шехэ эмнэлгийн Харшлын салбарын эмч, дэд профессор Гуан Кай хэлсэн байна.

Уур амьсгал, газарзүйн хүчин зүйлийн нөлөөгөөр ижил төрлийн цэцгийн тоосонцор хүртэл өөр өөр газар нутагт цаг хугацаа, тоо хэмжээгээр ялгаатай байдаг тул өвчтөнийг харшлын тасагт үзлэг хийж, харшил үүсгэгчийг тогтоосны дараа энэ төрлийн цэцгийн тоосонцрын тархалтын цаг хугацаа, орон зайн онцлогийг сайтар судалж, оршин амьдарч байсан нөхцөлийнх нь дагуу эмчилгээ хийх шаардлагатай байдаг. Эмчилгээг онож хийхийн тулд асар их судалгаа шаарддаг нарийн няхуур ажил тул хүмүүс өөрсдөө харшлаас урьдчилан сэргийлэхийн тулд хичээх хэрэгтэй. Тухайлбал, өрөө тасалгаандаа илүүхэн дасгал хөдөлгөөн хийж, гадуур гарахаас зайлсхийж, цэцгийн тоосны агууламж багатай газруудаар явахыг чухалчилж, гэртээ харьсны дараа ариутгалыг хичээнгүйлэн хийвэл эрсдэл буурна. Харшлаас сэргийлэхийн тулд хувь хүний өөрийнх нь оролцоо маш чухал гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.