Инфляцийг бууруулах тухай хуульд гарын үсэг зуржээ
2022-08-17 14:31:49
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар наймдугаар сарын 16-нд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “2022 оны Инфляцийг бууруулах тухай хууль”-д гарын үсэг зурснаар уг хууль албан ёсоор хэрэгжиж эхэлжээ. Ингэснээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, эмчилгээний даатгалын хамрах цар хүрээг өргөтгөх зэрэгт 750 тэрбум ам.долларыг зарцуулах эрхзүйн боломж нээгдсэн байна.

Дараагийн долоо хоногуудад Жо Байден Америкийн олон газруудаар явж уг хууль Америкчуудад хэрхэн тус болохыг тайлбарлах болно гэж Цагаан ордон мэдэгдсэн байна. Жо Байден мөн есдүгээр сарын 6-нд уг хууль батлагдсаныг тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулах юм байна. “Энэхүү түүхэн ач холбогдолтой хууль нь АНУ-ын өрхийн эрчим хүч, эм бэлдмэл болон бусад эмчилгээний зардлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулан, санхүүгийн алдагдлыг багасгаж, томоохон корпорациудад татварын тэгш хуваарилалт хийх болно” гэж Цагаан ордон мэдэгджээ.

Уг хуулийн хүрээнд 369 тэрбум ам.долларын санхүүжилттэй эрчим хүчний аюулгүй байдал хийгээд уур амьсгалын дулаарлыг сааруулах төслүүд хэрэгжих бөгөөд 2030 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг 40 хувиар бууруулах зорилттой байна. Мөн хуулийн дагуу 64 тэрбум ам.доллароор эмнэлгийн эмчилгээ тусламжийн үйлчилгээг сайжруулж, даатгалын тогтолцоог боловсронгуй болгосноор ахмад настнуудын халааснаас гардаг эмийн зардлыг жилд 2000 ам.долларын дотор барих боломжтой болох юм байна. Түүнчлэн өндөр орлоготой хувь хүн, аж ахуйн нэгжүүд татвараас зайлсхийхийг зогсоохын тулд АНУ-ын Үндэсний татварын ерөнхий газрын хууль хэрэгжүүлэх чадварыг сайжруулахад 80 тэрбум ам.долларыг зарцуулж, хувьцааг эргүүлэн худалдаж авахад нэг хувийн хэрэглээний татвар хураахаар тогтоожээ.

Уг хууль нь хойшдын арван жилийн дотор засгийн газрын төсвийн алдагдлыг 300 тэрбум орчим ам.доллароор бууруулна хэмээн Цагаан ордон мэдэгдсэн байна. \Уртнасан.\