Синофарм вакциныг 119 улс орон, бүс нутагт ашиглахыг зөвшөөрчээ
2022-08-18 09:56:46
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улс өнөөг хүртэл дэлхийн 120 гаруй улс орон, олон улсын байгууллагад ковид-19-ийн вакциныг 2.2 тэрбум гаруй тун нийлүүлж, 20 гаруй оронд технологи шилжүүлэн, вакцин үйлдвэрлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд жилд 1 тэрбум тун вакциныг гадаадад үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ. Синофарм компаниас энэ сарын 15-нд хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр Хятад улсад суугаа олон орны элчин сайд нар талархлаа илэрхийлж, дэлхийн тахлын эсрэг хамтын ажиллагааг ахиулах талаар гаргасан Хятад улсын хүчин чармайлтыг сайшаан дэмжиж буйгаа илэрхийлэв. 

Аргентинаас Хятадад суугаа Элчин сайд Сабино Вака Нарважа хэлэхдээ, “Тахлын эсрэг вакцин маш ховор байгаа энэ үед Хятад улс Аргентинд их хэмжээний вакцин нийлүүллээ. Ингэснээр Аргентин улс тахлын эсрэг вакциныг түргэн бөгөөд аюулгүйгээр олж авах боломжтой болсон. Энэ нь хоёр орон хоорондын гүн зузаан найрамдлыг харууллаа” гэв.

"Аргентин Хятад хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Аргентины тал вакцины хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хамтран ажиллах шинэ боломжуудыг хайж, эв нэгдэлтэй хамтын ажиллагаа бол тахлыг ялах хамгийн хүчтэй харилцаа гэдгийг дэлхий дахинд харуулахыг идэвхтэй уриалж байна".

2021 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр Хятадын Синофарм компанийн үйлдвэрлэсэн вакциныг Египет улс яаралтай хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрснөөр Африк тивд иргэдээ тахлын эсрэг вакцинд хамруулсан анхны орнуудын нэг болсон юм. Египетээс Хятадад суугаа Элчин сайд Мохамед Бадри 2020 оны 12-р сарын эхээр АНЭУ-аас нийлүүлсэн 50 мянган тун хятад вакцин Египетэд хүргэгдэн ирсэн байдлыг тодоос тод санаж байна гэжээ.

"Египетүүд ковид-19-ийн эхний ээлжийн вакциныг Синофарм компаниас хүлээн авсан. Түүнээс хойш үргэлжлүүлэн их хэмжээний вакцин хүлээн авсан нь олон мянган хүний амийг аварсан. Дэлхий даяараа тахал өвчний заналхийлэлтэй тулгараад байгаа үед Хятадын Синофарм компани вакцин үйлдвэрлэж, хүний амь насыг аварсаар байгаа явдалд талархал илэрхийлэх ёстой. Мөн тахал өвчний эсрэг олон улсын тэмцэлд оруулсан хүчин чармайлтад талархал илэрхийлэх ёстой юм".

2021 оны есдүгээр сард Хятад, Серби, Арабын Нэгдсэн Эмират улс хамтран Синофарм компанийн 30 сая еврогийн хөрөнгө оруулалттай вакцин үйлдвэрлэх үйлдвэрийг Сербийн нийслэл Белград хотод албан ёсоор байгуулж эхэлжээ. Үйлдвэрийг байгуулж дууссаны дараа Серби нь Хятадын вакциныг үйлдвэрлэдэг Европын анхны орон болсон юм. Сербээс Хятадад суугаа Элчин сайд Майя Стефанович хэлэхдээ:

“Серби, Хятад, Арабын Нэгдсэн Эмират улсын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Сербийн нийслэл Белград хотод баригдсан вакцин үйлдвэрлэх үйлдвэр удахгүй үйл ажиллагаагаа эхлүүлэх төлөвтэй байгааг дуулгахад таатай байна” .

Синофарм компанийн намын хорооны нарийн бичгийн дарга, ерөнхий захирал Лю Жинжэнь танилцуулахдаа, “Одоогийн байдлаар Синофарм компанийн үйлдвэрлэсэн вакциныг 119 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагад ашиглах зөвшөөрөл олгож 196 орны иргэд вакцинд хамрагдаад байна. Мөн 3.5 тэрбум гаруй тунг дотоод гадаадад нийлүүлсэн. Энэ нь Хятад улс тахлын эсрэг вакциныг дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгох гэсэн амлалтаа биелүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн талархлыг хүлээж буйн илрэл юм”.