Ираны хэлэлцээр сунжирч байна
2022-08-29 11:16:05
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: "Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн  хэлэлцээрийг сэргээх тухай хэлэлцээний ихэнх асуудлыг шийдсэн ч үлдэж буй хэдэн заалт нь эмзэг бөгөөд шийдвэрлэх чанартай зүйлс" хэмээн Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Насар Канани энэ сарын 28-нд мэдэгдэв.

Насар Канани мөн  өдөр Исламын Бүгд Найрамдах Иран улсын мэдээллийн агентлагт ярилцлага өгөхдөө, "Ираны мэргэжилтэн тусгай хуралдаан хийлгэж  АНУ-ын талаас өгсөн хариуг хэлэлцэж байна" гэлээ. Хуралдаан дууссаны дараа Ираны тал АНУ-д  хариу өгөх бөгөөд өнөөгийн байдлаар тодорхой цагийг хараахан товлоогүй байна. 

Насар Канани үргэлжлүүлэн хэлэхдээ, "Хэлэлцээний уур амьсгал харьцангуй эерэг байна хэмээн Иран үзэж байгаа бөгөөд урт хугацааны эерэг хандлагатай хэлэлцээр хийхийг зорьж байна. Гэхдээ хэлэлцээрт оролцогч талууд үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлах ёстой. Мөн Америкийн тал ухаалаг ажиллаж, улс төрийн уян хатан байдал гаргаж Ираны зүй ёсны хүлээлтийг харгалзан үзэхийг хүсэж байна" гэжээ.

Энэ сарын 8-нд Европын холбооноос холбогдох гэрээ хэлэлцээрт оролцогч талуудад 2015 оны Ираны цөмийн хэлэлцээрийг сэргээн хэрэгжүүлэх "эцсийн бичвэр"-ийг гардуулсан байна. Иран энэ сарын 15-ны өдөр "эцсийн бичвэр"-т албан ёсоор хариу өгсөн бөгөөд  өөрчлөлт оруулахыг санал болгожээ.   24-нд Ираны тал АНУ-ын саналын хариуг  хүлээн авчээ.