10 улс анхны удаа өөрсдийн нэрээр үзэсгэлэнд оролцож байна
2022-09-02 15:16:38
Share
Share this with Close
youtube WeChat

 

"Үйлчилгээний хамтын ажиллагаагаар хөгжлийг ахиулж, ногоон инновациар ирээдүйг угтъя" уриатай 2022 оны Хятадын үйлчилгээ худалдааны олон улсын яармаг Бээжинд болж байна. Энэ удаагийн Үйлчилгээ худалдааны үзэсгэлэнд гадаад, дотоодын 189 чухал зочин ирсэн байна. Дэлхийн 71 улс болон олон улсын байгууллага улс орныхоо нэрээр  үзэсгэлэн гаргаж байгаа ажээ. Үүний дотор Арабын Нэгдсэн Эмират, Швейцарь, Бурунди зэрэг 10 улс анх удаа улс орныхоо нэр дээр үзэсгэлэн гаргаж байна.

АНЭУ-ын нисэх, санхүү, соёл урлаг болон бусад салбарын төлөөлөгч компаниуд бүтээгдэхүүнээ дэлгэжээ. АНЭУ-ын Хятад дахь ЭСЯ-ны эдийн засгийн хэлтсийн дарга Саид Аль-Фари сэтгүүлчдэд хэлэхдээ: "Үйлчилгээ худалдааны үзэсгэлэн бол Хятад улсыг гадаад ертөнцөд нээх гурван том үзэсгэлэнгийн нэг юм. Энэ удаагийн зочин орны хувьд манай улс энэхүү платформыг ашиглан АНЭУ-ын олон талт эдийн засгийг Хятадын хөрөнгө оруулагчдад харуулахыг зорьж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Хятадын маш олон хөрөнгө оруулагч Дубай, Абу Даби зэргийг сайн мэддэг. Үйлчилгээ худалдааны үзэсгэлэнгийн платформоор дамжуулан Хятадын олон арван хөрөнгө оруулагчид АНЭУ-ын талаарх ойлголтоо нэмэгдүүлнэ гэж найдаж байна. Тухайлбал, газрын тос, байгалийн хийн салбар манай нийт эдийн засгийн дөнгөж 30 хувийг бүрдүүлдэг, харин 70 хувь нь өөр салбараас бүрддэг. Энэ удаад бид АНЭУ-ын нисэх, аялал жуулчлал, банк санхүү, соёл урлаг болон үйлчилгээний салбаруудаа танилцуулж байгаа. Бид Хятадуудад хөрөнгө оруулах олон салбартай гэдгээ ойлгуулахыг хүсч байгаа бөгөөд АНЭУ нь Хятадын хөрөнгө оруулагчдыг таашаан угтах болно"гэжээ.

Энэхүү үзэсгэлэнд Итали улс ч мөн адил анх удаа улсынхаа нэр дээр үзэсгэлэн гарган оролцож байгаа юм. Италийн гадаад худалдааны комиссын Бээжин дэх төлөөлөгчийн газрын ахлах төлөөлөгч Бруно сэтгүүлчдэд хэлэхдээ: "Үйлчилгээ худалдааны үзэсгэлэн нь дэлхийн энэ салбарын хамгийн том үзэсгэлэнгийн нэг болох платформын үүрэг гүйцэтгэж байгааг чухалд үзэж байна. R&D, хүнсний бүтээгдэхүүний үйлчилгээ, үйлдвэрлэлийн дизайн, бизнесийн зөвлөгөө, хууль эрхзүйн үйлчилгээ, соёлын үйлчилгээ, барилга болон инженерийн үйлчилгээ, тээвэр, ложистик гэх мэт Италийн аж ахуйн нэгжийн 15 баг тус үзэсгэлэнд оролцож, энэхүү боломжийг ашиглан илүү олон түншүүддээ өөрсдийнхөө давуу байдлыг ойлгуулна гэдэгт найдаж байна" гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Хятадын үйлчилгээ худалдааны салбарт Италийн компаниудын нэр хүндийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийг хүсэж байна. Ялангуяа өнөө үед үйлчилгээ худалдаа нь өнөөгийн дэлхийн эдийн засгийн хамгийн идэвхтэй салбаруудын нэг юм. Дижитал хувьсгалд Хятад улс инновацийн тэргүүн эгнээнд явж байна. Бид Үйлчилгээ худалдааны үзэсгэлэнд оролцож байгаагийн шалтгаан ч энэ юм. Хятадын зах зээлд нэвтэрсэн үйлчилгээний салбарын компаниудаа Итали дэмжих болно” гэжээ.  

Үйлчилгээний салбар нь Австралийн эдийн засгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 70 гаруй хувийг бүрдүүлдэг. Цар тахал гарахаас өмнө буюу 2018 онд Хятад улс Австралийн жуулчлалын салбарт хамгийн том орон зайг эзэлсэн юм. Түүнчлэн Австрали бол Хятад оюутнуудын гадаадад суралцах эн тэргүүний сонголт юм. Шанхай дахь Австралийн Консулын газрын дэд консул Лю Бин сэтгүүлчдэд хэлэхдээ: "Австрали нь аялал жуулчлал, боловсролоос гадна санхүүгийн үйлчилгээ, эрчим хүч болон уул уурхайтай холбоотой үйлчилгээ, хүрээлэн буй орчны үйлчилгээ гэх мэт дэлхийн хэмжээний олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Үйлчилгээ худалдааны үзэсгэлэнгийн платформын тусламжтайгаар, Австралийн үйлчилгээний салбарын олон аж ахуйн нэгж Хятадын хэрэглэгчид болон түншүүдийн хараанд өртөхийг чармайж байна" гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “Мөн бид маш сайн ажиллаж байгаа бусад салбаруудаа сурталчлахыг хүсч байна. Үүнд санхүүгийн үйлчилгээ, ногоон эрчим хүч, байгаль орчныг хамгаалах, кино үйлдвэрлэл, тамирчдын бэлтгэл зэрэг багтаж байгаа. Бид Хятадын хэрэглэгчид болон компаниуд, төлөөлөгчдөд Австралийн бусад үйлчилгээний салбарын давуу талыг ойлгуулахыг хүсч байна"гэжээ.

Сүүлийн арван жилийн хугацаанд Хятадын үйлчилгээ худалдааны импортын нийт хэмжээ 4 их наяд ам.доллароос давсан байна. Үйлчилгээ худалдааны үзэсгэлэн нь тус салбарын үндэсний, олон улсын, иж бүрэн томоохон хэмжээний үзэсгэлэн бөгөөд дэлхийн олон орны компаниудад Хятадын үйлчилгээний том зах зээлд идэвхтэй нэгдэх бүх талын боломжийг олгодгоороо онцлог. Хятадын Худалдааны яамны Үйлчилгээ худалдааны газрын дарга Ван Дунтан хэлэхдээ: "Бид үйлчилгээ худалдааны үзэсгэлэнг үргэлжлүүлэн зохион байгуулж, дэлхийн улс орнуудад үйлчилгээ худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэх олон улсын болон мэргэжлийн платформыг хангаж, Хятадын том зах зээлийг дэлхийн хэмжээний боломж болгон өөрчлөхийг зорьж байна" гэжээ.