Канадын Нунавутын усны хомсдолыг мөддөө шийдвэрлэхгүй
2022-09-08 11:11:19
Share
Share this with Close
youtube WeChat

Удаан хугацааны туршид үргэлжилсэн ундны усны дутагдлаас болж Канадын Нунавут бүс нутаг наймдугаар сарын 18-нд онц байдал зарласан юм. Хэдийгээр тэд одоо онц байдлаа цуцлаад байгаа ч асуудлаа хараахан шийдвэрлэж чадаагүй хэвээр. Канадын Нунавут бүс дахь Икалуит  усан хангамжийн системийн доголдлоос үүссэн усны хомсдол олон жил яригдаж байгаа ч уг асуудалд нөлөөлж буй хүчин зүйлс хэтэрхий олон тул богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй гэдгийг Хятадын Төв телевизийн сэтгүүлч ярилцлага авах явцдаа тодруулжээ. 

Ундны усны хангамжид нөлөөлдөг байгалийн хамгийн том хүчин зүйл нь уур амьсгал юм. Уг бүс нутгийн уур амьсгалын онцлог, мөн дулаарлын асуудал ч гэсэн богинохон хугацаанд үүсээгүй учраас Икалуит, түүгээр ч барахгүй бүхий л бүс нутагт усны хомсдол урт хугацаагаар үргэлжлэх болно. Дерек Аллертон долоон жилийн өмнө Их Торонто мужийн Миссисаугаас энд нүүж ирсэн бөгөөд анх удаагаа ундны усны хямралд өртсөн юм. Арктикийн бүс нутаг бүхэлдээ усны хомсдолд орж байна гэж тэрээр хэлж байлаа. 

Харамсалтай нь энэ бол онцгой  үзэгдэл биш, Икалуит гэлтгүй хойд бүсүүдээр бүхэлд нь оршиж буй асуудал болоод байна гэж  Дерек Аллертон ярив. 

Икалуит нь тундрын уур амьсгалын бүсэд оршдог болохоор хур тунадас маш багатай нутаг. Хэрэв уг бүс нутаг хүн ам багтай, иргэд нь тархай бутархай оршин суудаг байсан бол байгалиа түшин амьдарч болох байсан. Гэхдээ Икалуит нь 8000 хүн оршин суудаг бүс  учраас туйлын уур амьсгалын орчинд амьдрахад маш хүндрэлтэй нутгаар тодорчээ. 

Уур амьсгалын өөрчлөлт Икалуит бүсийн усны хомстолд шууд нөлөөлж байгаа. Өнгөрсөн арван жилийн хугацаанд уг бүс нутаг хурдтай өргөжин тэлснээс 8000 оршин суугчтай болсон байна. Уг хотын анхны тохижуулалт  бүтээн байгуулалтыг хийхэд 8000 хүнийг багтаана гэж төсөөлөөгүй учраас  усан сан нь хамгийн тохиромжтой нөхцөлд ч гэсэн энд байгаа бүх хүмүүсийн хэрэгцээг хангах боломжгүй юм. 

2021 оны арванхоёрдугаар сард Икалуит усан хангамжийн систем нь шатахууны  бохирдолд өртсөний улмаас анх усны хомсдол үүсгэсэн байна. Найман сарын дараа Икалуит дахин усны хямралд өртөн, тухайн нутгийн усан хангамжийн систем маш эмзэг болсон байна. Гэсэн хэдий ч Канадын засгийн газраас инуит үндэстний хүмүүс энд голлон амьдардаг гэж үзэн хот тохижилтын талаар урт хугацааны төлөвлөгөө боловсруулаагүй аж. Харин Арктик дахь цэргийн баазуудад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх талаар анхаарлаа тавьсаар ирсэн юм. Хойд Америкийн хуурай газар, хойд нутгийг хамгаалахад оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг ойрын хорин жилийн дотор 40 тэрбум канад долларт хүргэнэ гэж  Канадын Батлан хамгаалах яам саяхан мэдэгдсэн. Энэхүү санхүүжилт нь  Икалуитийн  усны хангамжийн системд  оруулсан хөрөнгө оруулалтаас 180 дахин их байгаа юм. 

Нунавут бүсийн албан хаагч Марла Лимосин хэлэхдээ, “Манай ерөнхий сайд Жастин Трюдо саяхан (Кембрижийн буланд) 3.5 тэрбум канад долларын үндэсний  батлан хамгаалахын чиглэлээрх шинэчлэлийн хөтөлбөр зарласан бөгөөд энэ нь Орост зориулагдсан байх гэж би хувьдаа таамаглаж байна. Хэрэв та газрын зургийг харвал Кембрижийн булан баруун хойд гарцаас хир ойрхон байдгийг тодорхой мэднэ” гэжээ.  

Хятадын Төв телевизийн сэтгүүлч Жан Сэнь хэлэхдээ, “Бидний байрлаж буй газар бол  Икалуит хотын төв бөгөөд давхар санхүүгийн төв нь юм. Үүнийг бас "Дөрвөн булан" гэж нэрлэдэг. Барилгын  ажил хийгдэж байгаа  ч эндэхийн зам гүүрээс дэд бүтэц тааруухан байгааг харж болно. Усны хомсдол бол олон асуудлуудын зөвхөн нэгээхэн хэсэг нь л юм. Ирэх хорин жилд Канадын засгийн газар цэргийн төсвөө үргэлжлүүлэн нэмэх гэж байгаа нь  бусад зардлуудыг  аяндаа бууруулна гэсэн үг. Эдийн засгийн хүч дутмаг Нунавут бүс нь хангалттай төсвийн мөнгө олж авахад бүр ч хэцүү байгаа. Үүнээс үзвэл уг бүс нутгийн усны хомсдолын асуудал урт хугацаагаар үргэлжлэх нь мэдээж хэрэг болоод байна гэжээ”.