Хятад, Монгол, Оросын төрийн тэргүүн нарын уулзалт болов
2022-09-16 09:25:20
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар есдүгээр сарын 15-ны үдээс хойш Хятад, Монгол, Оросын төрийн тэргүүн нарын зургаадугаар уулзалт Самаркандын төрийн зочид буудалд болжээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин хэлэхдээ, Хятад, Орос, Монголын гурван талт хамтын ажиллагаа нь маш чанга эрч хүч, хөгжлийн уян хатан чанартай. Хэдийгээр цар тахлын нөлөөгөөр хурд нь удааширсан ч мөн олон амжилт олсоор байгаа юм. Бид цар тахлын эсрэг хамтдаа тэмцэж, харилцан шуурхай дэмжлэг туслалцаа үзүүлэн, тахлын эсрэг туршлагаасаа харамгүй хуваалцаж, гурван орны ард түмний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж ирлээ. Та бид онлайн уулзалтаар санал бодлоо шуурхай солилцож, иргэд түмний харилцан ойлголцол улам нэмэгдсэн юм. Түүнчлэн хилийн бүсийн тахлын эсрэг хамтын ажиллагаа идэвхтэй явагдаж, эдийн засаг худалдааны хэлхээ холбоог ахиулан, гурван орныг дамнасан Азийн авто замын тээврийн сүлжээ илт амжилт оллоо гэжээ.

Гурван орны хамтын ажиллагааны тухайд Ши Жиньпин дөрвөн зүйлийн санаачилга дэвшүүлжээ. Тухайлбал, нэгд, гурван талт хамтын ажиллагааны зөв чиглэлийг баримталж, улс төрийн харилцан итгэлцээ бэхжүүлэн, үргэлжлэн харилцан дэмжиж, язгуур ашиг сонирхлоор харилцан хүндэтгэж, олон улсын болон бүс нутгийн үйл хэргийн тухайд зохицуулалтаа нэмэгдүүлнэ. Хоёрт, ШХАБ-ын хүрээн дэх хамтын ажиллагаагаа шат ахиулж, эрсдэл, сорилтыг хамтдаа зохицуулах, хөгжлийн нөөц боломжийг нэмэгдүүлж, хуваалцах тусгай хамтын ажиллагааны индэр, платформыг байгуулна. Гуравт, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын талаарх нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, хил залгаа бүс нутаг хоорондын эдийн засаг худалдаа, хүмүүнлэг, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, гурван орны худалдаа, аж үйлдвэрийн салбарыг үргэлжлэн хамтын ажиллагааны идэвхтэй индэр тавцангаар хангана. Дөрөвт, гурван талт хамтын ажиллагааг улам шаргуу ололт амжилтад хүргэж, худалдааг тухайн орны валютаар тооцох цар хүрээг тэлж, Орос, Монголын банк санхүүгийн улам олон байгууллага, аж ахуйн нэгж юанийн үндэстэн дамнасан төлбөр тооцооны системд нэгдэж, банк санхүүгийн аюулгүйн баталгааг нэмэгдүүлэхийг дэмжинэ.

Владимир Путин хэлэхдээ, Орос, Хятад, Монголын гурван талт хамтын ажиллагаа илт амжилт тогтоосон төдийгүй, харилцан ашигтай байх давуу тал нь явах тусмаа тодорч, гурван орны харилцааны хөгжлийн “нэмүү өртөг”-ийг нэмэгдүүлсээр байна. Манай гурван орон нь ойрын хөрш болохын хувьд харилцан ойлгон дэмжиж, гурван талт хамтын ажиллагаагаа тасралтгүй бэхжүүлэх ёстой. Түүнчлэн аж ахуйн нэгж хоорондын солилцоо, хамтын ажиллагааг дэмжиж, зам харилцаа, ложистик, транзит тээвэр, эрчим хүч, дэвшилтэт технологи, аялал жуулчлал, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагаанд улам олон бодит ахиц дэвшил гаргах ёстой гэжээ.

Ухнаагийн Хүрэлсүх хэлэхдээ, Хятад, Оростой найрамдалт хөршийн найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол улсын дипломат бодлогын тэргүүлэх чиглэл мөн. Ээдрээ будлиантай олон улсын өнөөгийн нөхцөлд гурван талын хамтын ажиллагааг эрхэмлэх нь маш чухал юм. Хятад, Оростой зөвшилцөл, зохицуулалтаа нэмэгдүүлж, гурван талт худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль хамгаалалт, эрчим хүч, төмөр зам, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд улам идэвхтэй ахиц дэвшил гаргахад Монголын тал бэлэн байна гэжээ.

Уулзалтын үеэр гурван тал Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын төлөвлөгөөний хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацааг таван жилээр сунгаж, гурван улсыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх тухай судалгааны ажлыг албан ёсоор эхлүүлж, Хятад, Оросын байгалийн хийн хоолойг Монгол улсаар дамжуулан тавих төслийг идэвхтэй авч хэлэлцэхээр тохиролцжээ.

Д.Хүчитбаатар