ШХАБ-ын талаар бидний мэдэх ёстой зүйлс
2022-09-16 16:45:34
Share
Share this with Close
youtube WeChat

Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22 дугаар дээд хэмжээний уулзалт Узбекистан улсын Самарканд хотноо 9 дүгээр сарын 15-16-нд болж байна. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт жилд нэг удаа болдог бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн онд Киргиз улсын нийслэл Бишкек хотноо болсон.

Самаркандын дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф, Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси тэргүүтэй дэлхийн улс төрийн удирдагчид оролцож байна.

ОХУ болон Украины хооронд үүсээд буй геополитикийн зөрчилдөөн болоод түүнээс үүдэлтэй асуудлууд нь ШХАБ-ын энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр авч хэлэлцэх гол асуудлуудын тоонд байна.

ШХАБ гэж юу вэ?

ШХАБ бол улс төр, эдийн засаг, хөгжил дэвшил, цэрэг армийн асуудалд гол анхаарлаа хандуулдаг засгийн газрууд хоорондын байгууллага юм.

ШХАБ нь 2001 онд Хятадын Шанхай хотноо албан ёсоор байгуулагдсан, Хятадын хотын нэрээр нэрлэгдсэн олон улсын цорын ганц байгууллага билээ.

Тус байгууллага нь өдгөө нийт найман гишүүнтэй. Тодруулбал, БНХАУ, ОХУ, Энэтхэг, Пакистанаас гадна Төв Азийн Казахстан, Киргиз, Тажикистан болон Узбекистан гэсэн дөрвөн улс тус байгууллагад албан ёсны гишүүнчлэлтэй.

Мөн Иран, Афганистан, Беларусь болон Монгол гэсэн дөрвөн улс тус байгууллагад ажиглагчийн статустай бол Камбож, Шри Ланк, Балба, Турк, Азербайжан болон Армени гэсэн зургаан улс тус байгууллагын яриа хэлцлийн түншүүд.

ШХАБ нь дэлхийн хамгийн том бүс нутгийн байгууллага юм. Тус байгууллага нь Евразийн нутаг дэвсгэрийн 60 хувийг хамардаг, 3.2 тэрбум гаруй хүн амтай, гишүүн улс орнууд нь дэлхийн ДНБ-ий дөрөвний нэг хувийг бүрдүүлдэг.

ШХАБ-ын зорилго

Бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, хилийн асуудлыг шийдвэрлэх, терроризм, шашны хэт даврагчидтай тэмцэх, бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжил цэцэглэлтийг ахиулах зэрэг нь ШХАБ-ын гол зорилго юм. Тодруулбал,

    ✓ Гишүүн орнуудын харилцан итгэлцэл, хөршийн харилцааг бэхжүүлэх

    ✓ Улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёл, боловсрол, эрчим хүч, зам тээвэр, аялал жуулчлал, байгаль орчныг хамгаалах болон бусад салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх

    ✓ Бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллах

    ✓ Олон улсын улс төр болон эдийн засгийн салбарт ардчилсан бөгөөд шударга дэг журмыг тогтоох

    ✓ Терроризм, салан тусгаарлах үзэл болон хэт давруу үзэл гэсэн “гурван хүч”-тэй тэмцэх

    ✓ Алсдаа гишүүн улс орнуудын хооронд чөлөөт худалдааны бүс байгуулах зэрэг нь тус байгууллагын гол зорилго билээ.

ШХАБ-ын ирээдүй

Цар тахлын хөлд нэрвэгдээд сэргэж амжаагүй байсан дэлхийн эдийн засгийн байдал ОХУ болон Украины хямралын улмаас улам бүр дордож, дэлхий даяараа эдийн засгийн хямралтай нүүр тулж, бүс нутгийн байдал тогтворгүй болж буй нь ШХАБ-аас хамтын ажиллагаагаа илүү гүнзгийрүүлэхийг шаардаж байна.

Сүүлийн нэгэн зуунд үзэгдээгүй томоохон өөрчлөлтүүд гарч, цар тахал сунжирч, улмаар олон улсын болон бүс нутгийн байдал тогтворгүй байгаа нь гишүүн орнуудын хувьд томоохон сорилт болох төлөвтэй байна.

Тиймээс ШХАБ өөрийн шинэчлэлийг түргэтгэж, гишүүн орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, дэлхийн засаглалын тогтолцоонд оролцоогоо илүү нэмэгдүүлэх нь зүйтэй.

Мөн ШХАБ нь гишүүн орнуудын олон талт буюу ялгаатай байдал, сонгосон хөгжлийн замыг хүндэтгэн, том, жижиг улс орнуудын эрх тэгш байдлыг хангаж, харилцан итгэлцлээр дамжуулан эв нэгдлийг улам бүр бэхжүүлэх болно.

ШХАБ-ын гол гишүүдийн нэг бол БНХАУ. Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах үзэл санааны хүрээнд бусад улс оронтой хамтран ажиллаж, хөгжлийн боломжуудаа хуваалцаж байна.

Энэ оны 6 дугаар сарын эцсийн байдлаар, Хятад улсаас ШХАБ-ын гишүүн бусад улс оронд хийсэн хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 37.5 тэрбум ам.долларт хүрчээ. ШХАБ-ын орнуудын цар тахлын дараах сэргэлтэд туслахын тулд Хятад улс ойрын таван жилд ШХАБ-ын бусад оронтой хийх худалдааны нийт хэмжээг 2.3 их наяд ам.долларт хүргэхийг зорьж байна. Мөн тус улс “Дэлхийн хөгжлийн санаачилга” болон “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга”-ынхаа хүрээнд холбогдох бүх талтай хамтран ажиллаж, практик хамтын ажиллагааг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ бүхэн нь ШХАБ-ын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү шинэ ололт амжилтыг бий болгож, илүү сайхан ирээдүйг цогцлоох замыг засахад тус болох нь эргэлзээгүй юм.

                            Г.Солонго