“Бүс ба зам” ба Ногоон хөгжил
2022-09-22 15:59:57
Share
Share this with Close
youtube WeChat


МУ-ын Боловсролын ухааны доктор (Ph.D), Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш, Хятад судлаач Т.Чулуун-Эрдэнэ

Оршил

Хятад улсын дарга Ши Жиньпин дэлхийн улс орнуудтай дэд бүтцээр холбогдож, бодлогоор уялдаж, худалдаагаар саадгүй нэвтрэлцэн, санхүүгийн эргэлтийг сайжруулж, улс орнуудын ард иргэдийн харилцаа холбоо, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх гэсэн үндсэн зорилготойгоор “Бүс ба зам” санаачлагыг анхлан 2013 онд дэвшүүлсэн байдаг. Тус санаачилгад дэлхийн хэмжээнд “эко, эрүүл, ухаалаг, энх тайванч хөгжлийг хамтдаа бүтээн байгуулах” гэсэн нь улс орнуудтай байгаль орчины хамгаалал, эрүүл мэнд, технологийн салбарт хамтран ажиллах төлөвлөгөө, мөн НҮБ-аас дэвшүүлсэн 2030 оны тогтвортой хөгжлийн зорилттой ч уялдана.

Газар зүйн хувьд Евразийн эх газрыг хөндлөн гулд дамнаж, дорно зүгт Ази Номхон далайн эдийн засгийн бүс, өрнө зүгт Европын эдийн засгийн бүсүүдтэй холбогдож, хойд Америкийн эдийн засгийн бүсүүдэд хүрсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн эдийн засгийн идэвхтэй гурван том бүсийг дэд бүтцийн хатуу холбоосоор холбож чадсан цорын ганц хөгжлийн санаалчлага гэж хэлж болно. Эдүгээ дэлхийн 149 улс оны 4,4 тэрбум хүнийг хамруулж, хамтрагч улс орнууд, тэр дундаа зам дагуух улсуудад төмөр зам, нисэх буудал, далайн боомт, хуурай замын боомт, эдийн засгийн чөлөөт бүс, аж үйлдвэрийн парк, олборлолт, уул уурхай, байгалийн хийн хоолой, цементийн үйлдвэрлэл, гангийн үйлдвэрлэл зэрэг олон салбарыг хамарсан бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Онцлон хэлэхэд “Бүс ба зам” дагуух улс орнуудын ихэнх нь эрчим хүчний нөөц баялаг их боловч байгаль экологийн хувьд эмзэг, усны нөөц хязгаарлагдмал, хагас хуурай бүс нутагт харъяалагддаг хөгжиж буй улс орнууд. Хөгжихийн тулд байгалийн баялгаа хэтрүүлэн ашиглах, аж үйлдвэржилт, хотжилтын бүтээн байгуулалтад төвлөрөх, хүрээлэн буй орчноо бохирдуулах, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулах, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх зэрэг экологи хүрээлэн бий орчны олон асуудалтай тулгардаг. Тиймээс ч Хятад улсын зүгээс аливаа төсөл хөтөлбөр, мега бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхдээ хүрээлэн буй байгаль орчны асуудалд ихээхэн анхаарал хандуулах болсон.

Миний бие тус нийтлэлдээ“Бүс ба зам”-ын ногоон хөгжлийн үзэл баримтлал хийгээд энэ хүрээнд дэвшүүлээд буй бодлого, арга хэмжээ, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээс танилцуулахыг зорив.

Нэг. Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг дэвшүүлэх болсон шалтгаан

Хятад улс нийгэм эдийн засгийн стратегиа тав, таван жилээр нарийн төлөвлөж, хэрэгжүүлэлтэд онцгой анхаардаг улс. Өнгөрсөн 2021 онд “14 дэх таван жил”-ийн төлөвлөгөөг баталж, “нийгэм эдийн засгийн хөгжлийн загварыг бүх талаар ногоон хэлбэрт шилжүүлэх ажлыг хурдасгаж, өндөр чанартай эдийн засгийн хөгжил, байгаль орчныг дээд зэргээр хамгаалах ажлыг уялдаагаар урагшлуулах”, “Хүн ба байгалийн зохирон орших нөхцөлийг бүрдүүлж, хөгжүүлэх” зэрэг үндсэн шаардлага тавьсан. Түүнчлэн 2035 он гэхэд “Ногоон үйлдвэрлэл, ногоон амьдралын хэв маягийг өргөнөөр бий болгож, хүлэмжийн хийн ялгарлыг дээд хэмжээнд хүргэсний дараа тогтвортой буулгах, экологийн орчныг сайжруулах, үзэсгэлэнтэй Хятад орныг бүтээн байгуулах зорилгодоо хүрсэн байна” гэсэн хэтийн зорилт дэвшүүлээд буй.  

Хятад улс ногоон хөгжлийг ийнхүү чухалчлах болсон шалтгааныг авч үзвэл: Нэгд, өнөөдөр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт бөмбөрцгийн улс орон бүрийн өмнө тулгараад байгаа нийтлэг аюул, бэрхшээл, сорилт болоод байна. АНУ-ын ШУА 2070 он гэхэд дэлхийн хүн амын 1/3 нь цаг уурын өөрчлөлтөөс болж (жишээ нь оршин сууж байгаа нөхцөл нь цаашид амьдрах боломжгүй болох)газар нутгаа орхиж, нүүхээс аргагүйд хүрнэ [1] гэсэн таамаглал дэвшүүлэн. Тиймээс энэ цаг үед дэлхийн улс орнууд НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн үзэл баримтлалын дагуу хүлэмжийн хийг аль болох бага ялгаруулж, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх уламжлалт аргачлалаа өөрчилж, зохицуулах шаардлагатай тулгараад байна. Хоёрт, ХКН-ын XVIII их хурлаас хойш тус нам хөгжлийн шинэ үзэл баримтлал буюу инновацлаг, зохицолт, нээлттэй байх эдийн засгийн зарчим дээрээ “Ногоон, хамтдаа хүртэх” гэсэн хөгжлийн хоёр шинэ үзэл баримтлалыг нэмсэн нь цаашид ногоон эко хөгжлийг эдийн засаг нийгмийн хөгжлийн тэргүүн эгнээнд тавих хандлагыг харуулав. Гуравт, “Бүс ба зам” дагуух улс орнуудын ихэнх нь хөгжил буурай, хөгжиж буй орнууд. Эдийн засгийн нийт хэмжээ бага ч хүн ам их, хөгжлийг эн тэргүүнд тавьдаг тул хүрээлэн буй орчны эрсдэлтэй байнга учирдаг онцлогтой. Тиймээс ногоон эко хөгжилд шилжих явдал нь зам дагуух улс орнуудын нийтлэг эрх ашиг болж цаашид ногоон дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ногоон худалдааны хөгжлийг ахиулах [2] зэрэг шаардлагатай тулгараад буй.

Түүнчлэн өнгөрсөн 2 жилийн хугацаанд Хятад улсын дарга Ши Жиньпин улсаа төлөөлж олон улсад гурван чухал амлалт өгөв. Юуны өмнө, тус улс 2030 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг дээд цэгт хүргэж, 2060 он гэхэд нүүрстөрөгчийн саармагжуулалтад хүрэх. Өнөөдрөөс 2025 он хүртэл жил бүр шинээр ойжуулах талбайн хэмжээг 36000 хавтгай кв км буюу Бельги улсын газар нутгийн хэмжээнээс давуулах. Хоёрт, дэлхий дээр үндэсний паркийн хамгийн том системийг байгуулж, дэлхийн байгаль орчныг хамгааллын манлайлагч улс болно. Гуравт, цаашид гадаадад дахиж нүүрсээр ажилладаг цахилгаан станц барихгүй [3] гэх мэт.

Мөн Хятад улс Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн хүлэмжийн хийн ялгарлыг тэгд хүргэх зорилтын дагуу 2050 он гэхэд нар болон салхин цахилгаан станцаас гарах эрчим хүчний хэмжээг эдүгээс 20 болон 11 дахин нэмэгдүүлэх тооцоо гаргасан бол хүлэмжийн хий бага ялгаруулдаг зам тээврийн технологийн хувьд дэлхийн цахилгаан автомашины борлуулалтыг 2035 он гэхэд 6-8 дахин нэмэгдүүлэх зорилт тавьжээ [4].

Эдгээр нь бүгд Хятад улсын ногоон хөгжлийн үзэл баримтлалыг илүү сайн хэрэгжүүлж, байгальд ээлтэй эко орчныг бий болгох бодлогын чиг баримжаа болоод байна.

Хоёр. “Бүс ба зам”-ын хүрээнд дэвшүүлсэн ногоон хөгжлийн бодлого, арга хэмжээ

Хятад улсын дарга Ши Жиньпин 2015 оны 10 сард ХКН-ын XVIII удаагийн Төв Хорооны V бүгд хурлаар инновацын, зохицуулалттай, ногоон, нээлттэй, хамтдаа хүртэх гэсэн хөгжлийн шинэ үзэл баримтлалыг анхлан дэвшүүлж, “Бүс ба зам” зэрэг олон улсын хамтын ажиллагааны чухал том төслүүдийн хэрэгжилт, гүйцэтгэлд тус үзэл баримтлалыг илүүтэй анхаарч ажиллахыг үүрэг болгосон.

Түүнчлэн 2015 онд “Бүс ба зам”санаачлагын хүрээнд “Торгоны замын эдийн засгийн бүс, XXI зууны далайн торгоны замыг хамтдаа бүтээн байгуулах явдлыг урагшлуулах хэтийн төлөв, үйл ажиллагаа”-г тунхаглаж, экологийн соёл иргэншлийн үзэл баримтлалыг дэвшүүлж, байгаль орчин, биологийн олон төрөл зүйл, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх хамтын ажиллагааг идэвхжүүлж, хамтдаа ногоон торгоны замыг бүтээн байгуулна гэдгээ онцолсон. Энэ хүрээнд Хятад улс дэлхийн 29 улс хамтран “Бүс ба зам” Ногоон Хөгжлийн Олон Улсын Холбоо байгуулан, “ Бүс ба зам ногоон хөрөнгө оруулалтын зарчим”гэгчийг тунхаглаж, “хөгжиж буй орнуудын эрчим хүчний ногоон, хүлэмжийн хий бага ялгаруулдаг хөгжлийг бүх чадлаар дэмжиж, хилийн чанадад нүүрсээр ажилладаг цахилгаан станц дахин шинээр барихгүй” гэх амлалт өгсөн [5].

Хятад улс “14 дэх таван жил”-ийн төлөвлөгөөнд ногоон хөгжлийг эдийн засаг, нийгмийн хөгжлийн эд эс бүхэнд шингээж, үйлдвэрлэлийн салбараас гадна иргэн бүрийн амьдралын хэв маягийг ногоон хөгжилд шилжүүлэх, эрчим хүч, нөөцийг зохистой хуваарилах, үр ашигтай ашиглах, хот суурин газруудад эко тээврийн хэрэгслийг өргөн ашиглах, шинэ тутам хөгжиж буй нийгмийн салбарын эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг олон бодлого дэвшүүлсэн юм. Ингэснээр эдүгээс 2025 он хүртэл “Бүс ба зам” бүтээн байгуулалтын нийт хөрөнгө оруулалтын 40 орчим хувийг цахим эдийн засаг, ногоон хөгжилтэй холбоотой төслүүд эзлэхээр байна.

Үүнээс гадна, 2021 оны 6 сарын 23 өдөр “Бүс ба зам” Ази номхон далайн бүс нутгийн Олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний хуралдаан дээр нийт 30 улс орон “Бүс ба зам” ногоон хөгжлийн түншлэлийн харилцааны санаачлагыг хамтдаа гаргасан дотор Монгол улс ч багтжээ [6].

Хятад улс мөн 2021 оны 9 сард “Дэлхийн хөгжлийн тухай санаачлага” гэгчийг танилцуулж, тууштай баримтлах ёстой цөм 6 агуулгадаа хүн хийгээд байгалийн зохиролт оршихуйн жамыг дагаж, дэлхийн байгаль орчны засаглалыг сайжруулан, уур амьсгалын өөрчлөлтөд идэвхтэй арга хэмжээ авах бодлогыг оруулсан.

2022 оны 3 сарын 28 өдөр Хятадын Үндэсний Хөгжил Өөрчлөлт Шинэчлэлтийн Хороо Гадаад Хэргийн Яам, Байгаль Орчны Яам, Худалдааны Яамтай хамтран “Бүс ба замын ногоон хөгжлийг түргэтгэх тухай санал”-ыг зарлав. Тус “санал”-д эдийн засаг нийгмийн хөгжлийг экологи хүрээлэн буй орчны хамгаалалтай уялдуулан, дэд бүтэц, эрчим хүч, зам харилцаа, үйлдвэрлэл, худалдаа, санхүү, шинжлэх ухаан технологи стандарт болон цаг уурын өөрчлөлттэй тэмцэх зэрэг 9 чухал салбарт “Бүс ба зам” –ын ногоон хөгжлийг хамтдаа түргэтгэхэд чармайн ажиллах ёстой талаар дэвшүүлж, ингэхдээ дэд бүтцийн ногоон эко, хүрээлэн буй байгалиа хамгаалах стандарт болон сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, ногоон цэвэр эрчим хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, шинэ эрчим хүчний автомашины салбарын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар “Бүс ба зам”-ын ногоон хөгжлийг хамтдаа бүтээхийг уриалаад буй [7].

Энэ бүгдээс харахад Хятад улс цаашид ногоон дэд бүтэц, ногоон эрчим хүч, ногоон зам тээвэр, ногоон санхүү зэрэг салбаруудаа улам дэмжиж, гадаад улс орнуудад ногоон, хүлэмжийн хий бага ялгаруулдаг салбарт илүү төвлөрч, шинэ эрчим хүчний үйлдвэрлэл болон эко автомашины үйлдвэрлэл дэх хөрөнгө оруулалтын хэмжээг улам нэмэгдүүлэхээр харагдаж байна.

Гурав. “Бүс ба зам” ногоон хөгжлийн хүрээнд хэрэгжүүлсэн төслүүдээс

Хятад улс “Бүс ба зам”-ын хамтын ажиллагаанд сэргээгдэх эрчим хүч, хэмнэлттэй эрчим хүч, бохирдол бага, зарцуулалт багатай өндөр технологийн жишиг төслүүдийг хөгжүүлсээр байна. Эдгээр төслүүдийг Хятадаас санаачлан байгуулсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын Банк, БРИКС-ийн орнуудын шинэ нээлттэй хөгжлийн банкнууд санхүүжүүлдэг [8].

Мөн Хятад улс аж үйлдвэрийн паркад хүрээлэн буй орчинд ээлтэй шинэ технологи нэвтрүүлж, үүнийгээ “Бүс ба зам”–ын төслүүдэд авч ашигласаар байгаагийн нэг жишээ нь Шанхай хотын баруун талд орших Сүжоу хотын аж үйлдвэрийн парк. Тус паркын эрчим хүчний зарцуулалтын 75 хувийг цэвэр эрчим хүч эзэлдэг. Органик хог хаягдал боловсруулах үйлдвэрүүд барьснаар ижил шинж чанартай хог хаягдлыг нэгтгэж, органик бордоо, метан, биологийн түлш зэргийг үйлдвэрлэж, ингэснээр жил бүр нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулалтыг 8000 тонн-оор багасгаж, үйлдвэрлэлийн бараг 94 хувийн усыг дахин ашиглах болжээ [9]. Сонирхуулахад өнөөдөр Хятадын хилийн чанадад байгуулсан аж үйлдвэрийн паркын тоогоор Индонези тэргүүлж (аж үйлдвэрийн 9 парк), удаалаад Орос (8), Камбожи (7), Лаос (5) болон Вьетнам (5) орж байна [10].

Хятад улсын зүгээс гадаад улс оронд хэрэгжүүлсэн ногоон төслүүдээс цөөн хэдийг дурдвал Египетийн өмнөд хэсэгт орших аагим халуун цаг ууртай Асван (Aswan) мужийн элсэн цөлд Египетийн анхны “нарны эрчим хүчний тосгон” буюу дэлхийн хамгийн том фотогальваник үйлдвэрлэлийн паркийг барьж, энэ нь тус улсын ногоон эрчим хүчний хөгжилд нэгэн шинэ боломжийг авчирсан байна [11].


Египет дэх Асваны Нарын эрчим хүчний үйлдвэр

Эх сурвалж: https://www.nsenergybusiness.com/news/acciona-swicorp-solar-egypt/

Аргентин улсын Дубай (Dubai) хотоос өмнө зүгт 65 км-т 700 мегаваттын хүчин чадалтай нарны эрчим хүчний цахилгаан станцыг барьсан нь өнөөдөр дэлхий дээр хэмжээгээр хамгийн том, хамгийн их хөрөнгө оруулалт шингээсэн станц болжээ.


Аргентины Дубай хотын нарны цахилгаан станцын үйлдвэр

Эх сурвалж: https://www.comnews.cn/content/2022-04/15/content_6233.html

Казахстаны өмнөд хэсэгт орших Жамбил (Jambyl region) бүс нутагт Дундад Азидаа хамгийн томд тооцогдох  салхин цахилгаан станцын төсөл хэрэгжүүлснээр тус улсын өмнөд бүс нутгийн цахилгааны хомсдлыг ногоон эрчим хүчээр шийдэхэд тус болжээ [12].

2021 онд Лаос улсад 2,8 тэрбум ам долларын санхүүжилттэй 1272 мегаваттын хүчин чадалтай усан цахилгаан станцыг барьж дуусгасан байна.


Лаосын Нам Оу усан цахилгаан станц  

Эх сурвалж: http://www.xinhuanet.com/energy/2021-01/07/c_1126954698.htm

Африкийн Конго улсад 656 сая ам долларын хөрөнгө оруулалтаар 240 мегаваттын хүчин чадалтай Бусанга-гийн усан цахилгаан станцыг  Хятадын Төмөр зам Ресурсинг компани 5 жилийн хугацаанд барьж энэ 2022онд ашиглалтад оруулсан гэх мэт.


Конго улсын Бусанга усан цахилгаан станц

Эх сурвалж: https://www.sohu.com/a/542621687_257321  

Дүгнэлт

“Бүс ба зам” дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, хамтрагч улс орнуудын нийгмийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулдаг ч эдгээр улс орнуудын нийгмийн хөгжлийн онцлог, нөхцөл байдлаас хамаарч Хятад улс дэд бүтэц хийгээд бусад мега төслүүдийг хэрэгжүүлэхдээ хүрээлэн буй орчныг гэмтээн, бохирдуулахгүй байхад ихээхэн анхаарах шаардлага гардаг нь дамжиггүй. Тиймээс ч Хятад улс “Бүс ба зам” санаачлагад ногоон хөгжлийг удирдлага болгож, эко, эрүүл, цэвэр хөгжлийн үзлээр байгалийн нөөц баялгийг хэмнэсэн, байгаль орчинд ээлтэй байх зарчмыг баримтлах, цаашлаад ногоон хөгжлийг зам дагуух улсуудтайгаа хуваалцах зорилгыг давхар тусгаж, энэ хүрээнд сүүлийн жилүүдэд бодлогын баримт бичгийг гаргаж, бодитой арга хэмжээ авсаар байна.

Монгол улсын хувьд Хятад улсаас санаачилсан “Бүс ба зам” ногоон хөгжлийн түншлэгч орнуудын нэг. Энэ хүрээнд хөрш Хятад улсын ойрын жилүүдэд уг салбарт дэвшүүлсэн бодлого, стратегийг сайтар судалж, улсынхаа ногоон хөгжлийн бодлоготой уялдуулж, хамтран ажиллах төсөл хөтөлбөрийг санаачилж, хоршиж ажиллах шаардлагатай тулгараад байна.

Ашигласан эх сурвалж

[1] 亚辛·安瓦尔,推进绿色“一带一路”建设,专题:“一带一路”绿色金融合作,2021年第22期。

[2] 孔祥荣 石庆芳,“ 一带一路”绿色转型: 合作机制、挑战与路径,城市与环境研究,2022年第1期

[3] 观中国 | 共建绿色“一带一路”,迈向生态文明之路https://cn.chinadaily.com.cn/a/202205/17/WS6283902ca3101c3ee7ad5c4c.html

[4] 任泽平:迎接中国新源能汽车“黄金十五年”

https://finance.sina.cn/zl/2022-03-22/zl-imcwipih9836488.d.html?vt=4&cid=79615&node_id=79615  

[5] 生态环境部:绿色成为高质量共建“一带一路”的鲜明底色http://finance.people.com.cn/n1/2022/0616/c1004-32448620.html

[6] 一带一路”绿色发展伙伴关系倡议https://www.yidaiyilu.gov.cn/xwzx/hwxw/178061.htm

[7] 统筹合作防范风险,推动“一带一路”绿色发展, https://www.yidaiyilu.gov.cn/xwzx/gnxw/232238.htm

[8] 让绿色切实成为共建“一带一路”的底色, https://www.yidaiyilu.gov.cn/xwzx/gnxw/233621.htm

[9] 促进“一带一路”倡议绿色发展: 发挥金融和技术的作用, 推动低碳基础设施建洞察报告, 202201

[10] “引航”第四期,海外产业园区如何开启“一带一路”合作新篇章?,2020年7月。

[11] 凝聚绿色共识 共促绿色发展https://www.yidaiyilu.gov.cn/xwzx/hwxw/221230.htm

[12] 共建“一带一路”:水绿山青春日长

https://www.comnews.cn/content/2022-04/15/content_6233.html