ХКН-ын түүхэн онцлох зарим хурлын түүхээс
2022-10-13 09:24:35
Share
Share this with Close
youtube WeChat


МУ-ын Боловсролын ухааны доктор (Ph.D),  Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш, Хятад судлаач Т.Чулуун-Эрдэнэ

ХКН 1921 онд үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл нийт 19 удаагийн их хурлыг зохион байгуулжээ. Харин тус намын XX дугаар их хурал энэ 10 дугаар сарын 16-ны  өдөр товлогдсон. Энэхүү хурал болох өдрийг дэлхий нийтээрээ хүлээн чагнаж байгаа буй. Бид ч мөн адил. 

ХКН-ын их хурлыг жил бүрийн 3 сард чуулдаг Хоёр чуулгантай андуурах нь элбэг. Хоёр чуулган бол Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал болохоос биш, харин намын хурал биш гэдгийг хэлэх нь зүйтэй. Ирэх 5 жил нь Хятад улсын хувьд орчин үеийн социалист их гүрнийг иж бүрэн байгуулах “Хоёр дахь 100 жил”-ийн зорилтыг биелүүлэхээр ханцуй шамлан орох буй чухал үе.

Миний бие энэхүү нийтлэлдээ ХКН-ын өмнөх 19 удаагийн их хурлаас онцлох заримыг танилцуулахыг зорилоо. Учир нь ХКН-ын их хурлын түүх гэдэг бол тус намын зүгээс улс орныг удирдаж ирсэн түүх, мөн тус намын үзэл санааны өөрчлөлт, хөгжлийн өнөө, маргаашийн чиг хандлагыг олж мэдэх түлхүүр гэж болно.


Эх сурвалж: Xinhua News Agency

Нэг. ХКН-ын их хурлаар чухам юу болж өрнөдөг вэ?

ХКН-ын их хурал нь тус намын эрх барих дээд байгууллага бөгөөд Хятадын улс төрийн маш чухал уулзалт юм. Тус хурал 5 жил тутамд нэг удаа хуралдаж, өнгөрсөн таван жилийн ажлаа дүгнэж, ирж буй таван жилийн зорилтоо тодорхойлон, Төв Хорооны улс төрийн илтгэлийг авч хэлэлцэхийн зэрэгцээ улс орныг удирдах Төв Хороо, Сахилга батыг шалгах хорооны гишүүдийг сонгох, басхүү шаардлагатай нөхцөлд намын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах үүрэгтэй. Их хурлаар сонгогдсон намын Төв Хорооны Бүгд Хурлаас Төв Хорооны Улс Төрийн Товчоо, Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүдийг сонгодог.

ХКН-ын Их хурал гурван үндсэн чиг үүрэгтэй, өөрөөр хэлбэл гурван асуудалд төвлөрч ажилладаг гэсэн үг. Нэгд, улс орныг удирдан залах цаашдын бодлогын төлөвлөгөөг батлах. Ингэхдээ өнгөрсөн таван жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлуудад үнэлэлт дүгнэлт өгч, намын өнөөгийн хөгжлийн бодит байдлыг авч хэлэлцээд, цаашдын таван жилийн ажлын чиглэлийг гаргана. Үүнийгээ “Улс төрийн тайлан” хэлбэрээр Намын удирдагч, Ерөнхий Нарийн бичгийн дарга нийтэд танилцуулдаг. Хоёрт, Намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах. Одоогийн ХКН-ын үндсэн дүрмийг 1982 оны ХКН-ын XII дугаар их хурлаар баталж, өнөөдрийг хүртэл намын ээлжит хурлуудаар зарим  өөрчлөлтүүдийг оруулсаар иржээ. Үүнд намын дүрэмд заасан намын жолоодох үзэл санаа,  намаас тогтоосон стандарт хэм хэмжээ, дээд удирдах байгууллагын гишүүдийн үйл ажиллагаатай холбоотой заалт зэрэгт оруулах нэмэлт өөрчлөлтүүд багтана. Гуравт, Намаас Төв Хороо болон Төв Хорооны Сахилга батыг шалгах  хорооны гишүүдийг шинээр сонгох буюу ХКН-ын дээд удирдлагын давхаргад халаа сэлгээ хийх. Энэ үүргийг гадны улс орнууд хэвлэл мэдээллийнхэн илүүтэй онцлон, ач холбогдол өгдөгөөс болж, ХКН их хурлын цор ганц үүрэг мэтээр андуурах нь ч бий. 

ХКН-ын удирдлагын бүтэц 


Эх сурвалж. The Chinese Communist Party

Харин энэ удаагийн ХКН-ын XX их хурал дэлхий нийтэд тогтворгүй байдал газар авч, ковид цар тахлын тархалт буурахгүй байгаа амаргүй нөхцөлд болох гэж буй. 

Өнөөдөр Хятад улс дэлхийн эдийн засгийн хөгжил, тогтвортой байдалд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Түүнээс гадна тус улсын дэвшүүлсэн “Нэг бүс нэг зам”, “Дэлхийн хөгжлийн санаачлага”, “Дэлхийн аюулгүй байдлын санаачлага” –д олон улс орон хамрагдаж, харилцан хамтын ажиллагааг өрнүүлж байгаа. Нэг үгээр хэлбэл Хятадтай харилцаа холбоогүй улс дэлхийд бараг алга. Тиймдээ ч XX дугаар их хурлыг бүгд туйлын анхаарал тавин ажиглаж буй.

 Хятад улсын удирдлагууд хөгжингүй, хүчирхэг, баян чинээлэг их гүрэн болох зорилгодоо хүрэхийн тулд ирэх таван жил цаашлаад түүнээс ч урт хугацааны улсын хөгжлийн зорилт, төлөвлөлтийг хэрхэн гаргах бол гэсэн хүлээлт байна. 

Хоёр. ХКН-ын түүхнээ онцлох зарим их хурал

ХКН-ын их хурлуудаар удирдлагын гол үзэл санаа, үндсэн бодлого, стратеги, үзэл баримтлалыг дэвшүүлж, зохих түүхэн шийдвэр, өөрчлөлтүүдийг оруулсаар иржээ. Тэгвэл өнөөгийн хөгжингүй Хятад орныг хэлбэржин бүрэлдэхэд нөлөөлсөн зарим их хурлын талаар танилцуулъя.

- ХКН-ын Анхдугаар их хурал: Хятадын ард түмэн шинэ ардчилсан хувьсгалыг эхлүүлэх түүхэн цаг мөчид буюу 1921 оны 7 дугаар сарын 23-ны  өдөр ХКН-ын анхдугаар их хурал Шанхай хотод зохион байгуулагджээ. Тус хурлаар залуу Мао Зэдун нар намын анхны мөрийн хөтөлбөр, анхны тогтоол шийдвэрийг баталж, ХКН байгуулагдсаныг тунхаглаж, хувьсгалын цаашдын чиг баримжаагаа тодорхойлсон байна. 


Эх сурвалж: ХКН-ын анхдугаар их хурал Шанхай хотын Хуанпү дүүрэгт анх зохион байгуулагдав

- ХКН VII дугаар их хурал:  Хятад Японы дайны төгсгөлд буюу 1945 оны 4 дүгээр сард хувьсгалын өлгий нутаг Янь-ань хотноо хуралджээ. Тус их хурлыг түүхэнд хамгийн удаан завсарлаж, 6 дугаар их хурлаас 17 жилийн зайтай зохион байгуулав. VII дугаар их хурлаар “Олон түмнийг сэрээн, ард түмний хүчийг зузаатган, намын удирдлагын доор Японы түрэмгийлэгчдийг нухчин дарж, бүх ард түмнийг чөлөөлж, шинэ ардчилсан Хятад улсыг байгуулах” улс төрийн жанжин шугамыг тогтоож, улс төр, эдийн засаг, соёлын бүх талын хөтөлбөрийг боловсруулан, Хятад улсыг үйлдвэржүүлэх том ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн аж. Мөн “Мао Зэдуны үзэл санаа”-г намын жолоодох үзэл санаагаар тодорхойлж, намын дүрэмд тусгажээ.

- ХКН-ын XII дугаар их хурал: 1982 оны 9 дүгээр сард Бээжин хотноо зохион байгуулагдав. Их удирдагч Дэн Шяопин хурлын нээлт дээр: “Марксизмын түгээмэл үнэнийг манай улсын бодит байдал лугаа холбож, өөрсдийн хөгжлийн зам мөрөөр алхаж, хятадын онцлогтой социализмыг бүтээн байгуулах болно” гэдгийг онцолжээ. Ингэснээр Хятад улс “Хятадын онцлогтой социализмыг байгуулах” замналд эргэлт буцалтгүй орж, өөрчлөлт шинэчлэлт нээлттэй бодлогыг хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөлт, эдийн засгийн бүтээн байгуулалтын стратеги зорилт, хөгжлийн алхмыг тогтоож, “Дундаж чинээлэг” гэх стратегийн зорилтыг дэвшүүлэв. Мөн ХКН-ын дүрмийг шинээр баталж, намын их хурлыг таван жил тутамд нэг удаа зохион байгуулахаар заасныг эдүгээ хүртэл хатуу баримталж буй.  


Эх сурвалж: ХКН-ын 12 дугаар их хурлын хурлын танхим

- ХКН-ын XVI дугаар их хурал: 2002 онд зохион байгуулагдаж, “Дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулах” зорилго буюу энэ зууны 20 он гэхэд иргэдийн хүчийг төвлөрүүлж, 1 тэрбум гаруй хүн амыг илүү өндөр буюу дундаж чинээлэг нийгмийн түвшинд аваачин, эдийн засгийг илүү хөгжүүлж, ардчилалыг илүү төгөлдөржүүлж, шинжлэх ухаан боловсролыг илүү ахиулж, соёлыг илүү бадруулж, нийгмийг илүү зохиролд хүргэж, ард иргэдийн амьдралыг илүү тав тухтай байлгах зорилтуудыг тавьсан. Энэ зорилтоо үндсэндээ биелүүлснээ намын 100 жилийн ойгоор мэдэгдсэн билээ. Мөн тус их хурлаар хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдийг намын гишүүнээр элсүүлэхийг албан ёсоор зөвшөөрсөн нь 1970 оны сүүлээр эхэлсэн зах зээлийн эдийн засгийн тогтолцоог улам төгөлдөржих нөхцлийг бүрдүүлсэн гэж болно.

- ХКН-ын XVIII дугаар их хурал: 2012 оны 11 дүгээр сард хуралдаж, Ши Жиньпин засгийн эрхэнд гарч, “Хятадын онцлогтой социализмын замаар гуйвалтгүй урагшлан, дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулахын төлөө тэмцэх, мөн эдийн засгийн бүтээн байгуулалт, улс төрийн бүтээн байгуулалт, соёлын бүтээн байгуулалт, нийгмийн бүтээн байгуулалт, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт гэсэн “Таван цогц” бүтээн байгуулалтын ерөнхий төлөвлөлтийг гаргав. Энэ бүгд нь Хятадын “Хоёр 100 жил”-ийн тэмцлийн зорилго болон Хятадын олон үндэстний аугаа их сэргэн мандлын Хятадын мөрөөдлийг хэрэгжүүлэх явдалтай нягт холбоотой гэдгийг онцлон тэмдэглэсэн. Мөн Хятад улс  хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа “Ойр дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, уужуу багтаамжтай, хүртээмжтэй байх” үзэл баримтлалын дагуу хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх “Хувь заяаны цогц нэгдэл” хэмээх ойлголтыг дэвшүүлж, Хятад улс цаашид гадаад харилцаандаа өөрийн онцлог бүхий их гүрний гадаад бодлоготой байна гэдгээ ч зарласан.

Дээр дурдсан намын их хурлуудыг ХКН-ын түүхэнд онцгой ач холбогдолтой, өнөөгийн Хятад орны хөгжил цэцэглэлтэд онцгой хувь нэмэр оруулсан гэж судлаачид үздэг. 

Дүгнэлт

ХКН-ын хурлын түүх бол өнөөгийн ХКН-ын 100 гаруй жилд туулсан хөгжлийн зам юм. Энэ нь бидний хаяа дэрлэн орших хөрш улсынхаа хөгжлийн өнөөгийн өндөрлөгт хүрэхэд нөлөөлсөн гол үзэл санаа, жанжин шугам, бодлого стратеги, хөгжилд баримтлах үзэл баримтлалыг ойлгох толь гэж болно.

1921 онд байгуулагдсан ХКН-ын хувьд ирэх 5 жил нь тус намын зүгээс “хоёр дахь 100 жил”-ийн их зорилтыг биелүүлэхээр ханцуй шамлах орж буй чухал үе төдийгүй дэлхий ертөнц бүхэлдээ өөрчлөгдөж, тогтворгүй байдал газар авч байгаа өнөө цагт Хятадын шинэ эрин үеийн өөрчлөлт шинэчлэлтийн бодлого олон олон шинэ сорилттуудтай тулгараад байгаа эгзэгтэй үе. Энэ цаг мөчид ХКН-ын XX дугаар их хурал зохион байгуулагдах гэж байна. Бидний судлаач нөхөд хөрш орны энэ удаагийн түүхэн их хурал зохион байгуулагдах өдөр чухам ямар бодлого, шийдвэр, өөрчлөлт гарахыг чих тавин чагнаж байна. 

Ашигласан эх сурвалж:

[1] 党的全国代表大会制度形成及历史经验
https://www.dswxyjy.org.cn/n1/2019/0625/c427167-31192809.html

[2] Ши Жиньпин, Төр улсыг засах тухай: боть 1, 2016, Гадаад хэлний хэвлэлийн хороо.

[3] Т.Чулуун-Эрдэнэ, ХКН-ын XVIII их хурлаас хойшхи Хятад улсын гадаад бодлогын шинэ үзэл санаа ба Монгол, Хятадын харилцаа, Олон Улс Судлал Vol.44 | 113 | 2021, https://doi.org/10.5564/jis.v44i113.1780