Азийн бага хурал өндөрлөв
2022-10-14 14:08:20
Share
Share this with Close
youtube WeChat

Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын дээд хэмжээний зургадугаар уулзалт энэ сарын 12-13-ны өдөр Казахстаны нийслэл Астана хотод болж өнгөрлөө.

Казахстаны Төрийн мэдээллийн агентлагийн уламжилснаар, дээд хэмжээний уулзалтаар “Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурлыг шинэчлэх тухай Астанагийн мэдэгдэл”, “Мэдээллийн аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааны тухай Азид  хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын удирдагчдын мэдэгдэл” , “Терроризмын эсрэг НҮБ-ын стратегийг хэрэгжүүлэх тухай Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын үйл ажиллагааны төлөвлөгөө” зэрэг баримт бичгийг батлав. Үүний зэрэгцээ Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын сан байгуулж, Казахстан бага хурлын даргалагч орны үүргээ 2024 он хүртэл гүйцэтгэхийг улс орнууд санал нэгтэй дэмжжээ. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр Кувейтийг Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын 28 дахь гишүүн орноор албан ёсоор элсүүлж, мөн Евразийн эдийн засгийн комисстой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Ингэснээр Евразийн эдийн засгийн комисс нь Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын 6 дахь түнш байгууллага боллоо.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш дээд хэмжээний уулзалтад цахим хэлбэрээр оролцон, улс төр, геополитикийн хурцадмал нөхцөл байдал улам бүр гаарч байгаа тул бүс нутаг хоорондоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь аль ч үеэс илүү чухал ач холбогдолтой болж байна. Азийн энх тайван цэцэглэл хөгжил нь талуудын бүгдэд ашигтай юм. 30 жилийн хөгжлийн түүхтэй Азид  хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурал нь Азийн орнуудын яриа хэлэлцээний чухал индэр боллоо гэжээ.
Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев дээд хэмжээний уулзалт дээр хэлсэн үгэндээ, даргалагч орны хувьд Казахстан Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын хүрээн дэх олон салбарын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжих бөгөөд тус бага хурлыг олон улсын байгууллага болгохын төлөө үргэлжлүүлэн хичээн зүтгэнэ гэжээ.