Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд тодорхой үүрэг гүйцэтгэх дэлхийн хөгжлийн санаачилга
2022-10-16 15:38:05
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын гишүүн орнууд хүн төрөлхтний хөгжил цэцэглэлтийг хөхиүлэн дэмжиж, энэ дэлхий ертөнцийг илүү амар амгалан, эрх тэгш газар болгож, үгээгүй ядуурлыг үндсээр нь арилгах зорилгоор 2015 онд Нью-Йорк хотноо 17 зорилт бүхий “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийг баталсан билээ.

Гэвч Ковид-19 цар тахал болон геополитикийн зөрчил мөргөлдөөн зэрэг хүчин зүйлс нь тэдгээр зорилтыг дэлхий нийт товлосон цагтаа биелүүлэх боломжийг хойш татаж байна.

Тэгвэл дэлхий нийтээрээ олон бэрхшээл, тодорхойгүй байдалтай тулгарч буй энэ цаг үед БНХАУ бүх нийтийн хөгжил болон дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудад анхаарлаа хандуулж, сорилтуудыг хамтдаа даван туулах, хамтран ажиллах арга замуудыг эрэлхийлж, санал болгож байна. Тухайлбал, 2021 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин дэлхийн хөгжлийг тэнцвэртэй, уялдаа холбоотой бөгөөд хүртээмжтэй хөгжлийн шинэ шат уруу оруулж, “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрт тусгасан зорилтуудыг биелүүлэхэд тус болох зорилгоор “Дэлхийн хөгжлийн санаачилга” /ДХС/ хэмээх шинэ санаачилгыг дэвшүүлсэн юм.

ДХС бол дэлхий дахиныг сүүлийн үеийн уналтаас татан гаргах, дэлхий даяар тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг түргэсгэхэд тус болох чухал арга хэмжээ юм гэж НҮБ-ын Хятад дахь суурин зохицуулагч Сиддхарт Чаттержи үнэлсэн байна.

ДХС-ыг дэвшүүлээд нэг жил гаруйн хугацаа өнгөрч буй бөгөөд уг санаачилгыг олон улсын хамтын нийгэмлэг халуун дотноор хүлээн авч, өдгөө 100 гаруй улс орон болон олон улсын байгууллага дэмжиж буйгаа илэрхийлж, 60 гаруй улс орон энэ санаачилгад нэгдээд байна.

ДХС-ын хүрээнд ядууралтай тэмцэх, хүнсний аюулгүй байдал, Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ ба вакцин, хөгжлийн санхүүжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, аж үйлдвэржилт, дижитал эдийн засаг болон дижитал хөгжлийн эрин үеийн харилцаа холбоо гэсэн найман гол салбарт төвлөрөн хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх боломжуудыг Хятад улс санал болгож байна. Эдгээр найман салбар нь НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрт тусгасан зорилтуудтай нягт уялдаж буй юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш энэ оны есдүгээр сарын сүүлчээр болсон ДХС-ын Анд нөхдийн бүлгийн сайд нарын түвшний уулзалтад цахимаар холбогдон үг хэлэхдээ “БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилсан ДХС нь тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх дэлхий нийтийн хүчин чармайлтыг сэргээхэд тус болно. ДХС хэмээх энэхүү цогц санаачилга нь дэлхий нийтэд тулгарч буй нийтлэг сорилтуудыг шийдвэрлэх, илүү тогтвортой бөгөөд хүртээмжтэй ирээдүй рүү шилжих шилжилтийг хурдасгахад үнэтэй хувь нэмэр болно” гэсэн байна.

 

Дэлхийн хөгжилд Хятад улсын оруулж буй хувь нэмрээс ...

НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрт тусгасан зорилтуудад товлосон хугацаандаа хүрэхэд улс бүрийн оролцоо, олон улсын хамтын ажиллагаа нэн чухал.

Ядуурлыг арилгах нь дэлхий нийтийн нийтлэг хүсэл эрмэлзэл бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн эрхэм зорилго юм.

“Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрт тусгасан хамгийн эхний зорилт бол дэлхийн хаа сайгүй ядуурлыг бүх хэлбэрээр устгах явдал билээ.

Хятад улс хэдэн арван жил уйгагүй хичээл зүтгэл гаргасны дүнд үгээгүй ядуурлыг үндсээр нь арилгах зорилтод товлосон хугацаанаас даруй 10 жилийн өмнө хүрч чадсанаа 2021 онд дэлхий нийтэд зарлан тунхагласан.

Дэлхийн Банкны мэдэгдсэнээр, өнгөрсөн 40 жилийн хугацаанд Хятад улс 800 сая хүнийг ядуурлаас ангижруулсан нь энэ хугацаанд дэлхийн хэмжээнд ядуурлаас ангижирсан хүмүүсийн дөрөвний гурав гэсэн үг юм.

Хятад улсын ядуурлын эсрэг тэмцэл нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон хүнд үр өгөөжөө өгсөн гэж олон улсын хамтын нийгэмлэг сайшааж байна.

Дэлхийн хамгийн олон хүн амтай энэ улс ард иргэдийнхээ амьжиргааны түвшнийг сайжруулж, хөдөө орон нутгаа сэргээн мандуулах ажлаа өдгөө улам бүр эрчимжүүлэхийн зэрэгцээ ядууралтай тэмцсэн туршлага, арга барилаа хөгжиж буй бусад улс оронтой хуваалцаж байна.

Эрүүл мэндийн салбарт

Хятад улс хүн амынхаа амь нас, эрүүл мэндийг ямагт нэгдүгээрт тавьж, өөрийн улсын төдийгүй хөгжиж буй орнуудын нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо, эмнэлгийн үйлчилгээг сайжруулахад ихэд анхаарсаар ирсэн. Тухайлбал, тус улс 2015-2019 онд эрүүл мэндийн салбарын 3600 орчим ажилтнаа гадаад улс орнууд уруу илгээж, 11 сая өвчтөнд тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Мөн Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш Хятад улс ядуу буурай улс орнуудад вакцин болон эм, эмнэлгийн хэрэгслийн тусламж үзүүлсээр ирсэн. 2022 оны эхний хагас жилийн байдлаар, Хятад улс 120 гаруй улс оронд 2.2 тэрбум гаруй тун вакцин нийлүүлээд байсан юм.

2030 он гэхэд Хятад улс халдварт өвчний эсрэг хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх шаардлагатай байгаа хөгжиж буй улс орнууд руу эмнэлгийн 5000 гаруй мэргэжилтнээ илгээхээр төлөвлөж байна.

Байгаль орчныг хамгаалахад

Хүн ба байгаль хоёр эв найрамдалтайгаар зэрэгцэн оршихуйг хөхиүлэн дэмжихийн тулд Хятад улс цэвэр эрчим хүчийг хөгжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг байгаль орчныг хамгаалах чиглэлээр ихээхэн хүчин чармайлт гаргаж байна.

Хятад улс нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын оргил үеийг 2030 оноос өмнө дуусгавар болгож, 2060 оноос өмнө нүүрстөрөгчийн төвийг сахисан улс болохыг зорьж байна.

Өдгөө Хятад улсын сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нь 1.1 тэрбум киловатт бөгөөд ус, салхи, нар болон биомассын эрчим хүчний хүчин чадлаараа дэлхийд тэргүүлж байна.

Хөгжиж буй улс орнуудын биологийн олон янз байдлыг хамгаалах хүчин чармайлтыг хөхиүлэн дэмжихийн тулд Куньмины биологийн олон янз байдлын сан байгуулж, туссанд 1.5 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээ тус улс өнгөрсөн онд зарласан юм.

Түүнчлэн Хятад улс нь таримал ой болон ногоон бүрхэвчийн өсөлтийн хэмжээгээр дэлхийд тэргүүлж буй бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд шинээр нэмэгдсэн ой, ногоон байгууламжийн дөрөвний нэгийг тус улс дангаараа бий болгожээ.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус улс 64 сая га газрыг ойжуулсан бол 1982-2021 онд Хятадын иргэд сайн дураараа 78.1 тэрбум мод тарьсан байна.

/Г.Солонго/