Аргентин залуугийн Хятад дахь бизнес амжилттай өргөжиж байна
2022-10-20 10:02:25
Share
Share this with Close
youtube WeChat

 

Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн аянд шуударсан залуус бизнесээ босгохоор Хятадыг сонгожээ. Өнөөдрийн “Хятад орон харийн хүний нүдээр” нэвтрүүлгээр та бүхэнд Аргентин залуу Томас Фуэнтес Бенитесийг танилцуулахаар бэлтгэлээ. Тэр мөрөөдлөө Хятадад тарьж ургуулан тордож яваа залуу бизнесменүүдийн нэг юм. 


Томас Фуэнтес Бенитес: "Би оюутан байхаасаа л бизнес сонирхсон. Тухайн үед Хятадын эдийн засгийн хөгжил илт ялгарч байсан учраас тухайн хөгжилд гар бие оролцон бизнесээ эхлүүлэхээр шийдсэн".

2016 онд Томас Фуэнтес Бенитес Чинхуа их сургуульд бизнесийн чиглэлээр магистрт суралцахаар элсжээ. Суралцах хугацаандаа тэрээр Хятадын дотоодоор аялж нүд нээв. Өргөн уудам Хятад оронтой ганц нэг жил танилцаж дуусахгүй гэдгийг мэдсэн тэрээр сургуулиа дүүргээд Аргентинаас Хятадад суугаа Элчин сайдын яаманд Аргентин-Хятадын худалдааг дэмжих чиглэлийн ажилд орж, чухам тэр л цагаас Хятад улсын асар том зах зээлийг таньсан нь түүнд маш гүн сэтгэгдэл үлдээжээ. 

Томас Фуэнтес Бенитес: “Их залуугаасаа би өөрийн компанитай болохыг хүсдэг байлаа. Өмнө нь бизнесийн өмгөөлөгчөөр ажиллаж, олон аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ багагүй туршлага хуримтлуулсан юм. Элчин сайдын яаманд ажиллах хугацаандаа Хятад улсын зах зээлийг улам сайн ойлгож, өөрийн компаниа нээхээр шийдэн төрийн ажлаа хүлээлгэж өгсөн юм”.   

Амьжиргааны түвшин тасралтгүй дээшлэхийн хирээр хоол хүнсний талаар Хятад улсын сонголт улам олон ургальч болж, чанарт тавигдах шаардлага тэр тусмаа нэмэгдсэн. Тэд зөвхөн сайн хооллох бус, харин эрүүл хооллохыг хичээх болсныг харсан Томас Фуэнтес Бенитес өөрийн сонирхон судалж байсан эрүүл хооллолтын туршлага мэдлэгтээ түшиглэн эрүүл хүнсний салбарт бизнесийн гараагаа эхлүүлжээ. Өдгөө түүний компани голдуу тахианы цээж махны чипс, үхрийн махны нимгэн зүсмэл зэрэг эрүүл хоол хүнс үйлдвэрлэж, Хятадын хэрэглэгчдийн талархлыг хүлээж байна.   

Томас Фуэнтес Бенитес: “Хятад улсад бизнес эхлүүлэх нь миний амьдралд тохиолдсон хамгийн том адал явдал байлаа. Энэ бол сорилт ихтэй ажил юм. Хятад улс хэрэглээний асар том зах зээлтэй. Энэхүү зах зээл маш түргэн өөрчлөгдөн шинэчлэгдэхийн зэрэгцээ, хэрэглэгчид бүтээгдэхүүний чанарт өндөр шаардлага тавьдаг болсон. Жишээ нь тэд чанар сайтай, боломжийн үнэтэй, түргэн шуурхай хүргэлт үйлчилгээтэй байхыг шаардах болсон. Тиймээс бид бүх хүчээ дайчлах хэрэгтэй юм”.    

Томас Фуэнтес Бенитес Хятадын интернет сүлжээний түргэн хөгжлийг ашиглан, шууд нэвтрүүлэг зэрэг аргыг хэрэглэн цахим бизнесийг хөгжүүлж байна. Тэрээр өөрөө лайв хийж бүтээгдэхүүнээ танилцуулахын хажуугаар бас нийгмийн сүлжээнд бичил видео нийтэлж, бүтээгдэхүүнээ сурталчилж байна.       

Томас Фуэнтес Бенитес: “Хэрэглэгчид видео бичлэгийг үзэж бүтээгдэхүүнтэй танилцсаны дараа хялбархан захиалга өгдөг. Бидний хувьд нийгмийн сүлжээ нь хэрэглэгчдийн хүрээгээ тэлэх, тэдэнтэй харьцах сайн боломж бөгөөд маш түргэн шуурхай, өртөг багатай арга зам юм. Цахим бизнес Хятад улсад хамгийн сайн хөгжиж, дээр нь бас өндөр үр ашигтай ложистиктой нь бизнес эрхлэлтийг хялбаршуулж байна”.   

Томас Фуэнтес Бенитесийн компани тасралтгүй өсөж өндийн, анх дөрөвхөн ажилтантай байсан бол одоо 10 гаруй болж, Хятадын дөрвөн хотод өөрийн бүтээгдэхүүний агуулахтай болжээ. Тэр өөрөө ч Бээжингээс Шанхайд нүүн очсон бөгөөд компанийнхаа ирээдүйн тухайд их л итгэлтэй байлаа.  

Томас Фуэнтес Бенитес: “Хятад улсын боловсруулах салбар надад маш гүн сэтгэгдэл төрүүлсэн. Эндэхийн үйлдвэрлэл маш хурдан шуурхай бөгөөд их уян хатан чанартай. Тэгээд ч бүтээгдэхүүний чанарыг баталж чаддаг. Миний бодлоор шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд Хятад улсаас илүү тохиромжтой газар гэж үгүй. Дэлхийн хэмжээнд Хятад улсаас илүү хурдан ложистиктой орон ч үгүй. Тиймд энд байгаа компаниуд аль хотод байгаагаас үл хамааран өөрийн бүтээгдэхүүнээ Хятад улсын хэмжээнд хэрэглэгчдэд шуурхай хүргэж болдог. Энэ нь мөн ч үйлс босгогчид, гарааны бизнес эрхлэгчдэд маш эерэг нөхцөл бүрдүүлдэг юм”.    

Энэ жил Хятад, Аргентин хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа. Хоёр орны харилцаа нь шинэ тулгар хөгжиж буй орнуудын хамтын ажиллагаа, хамтын хөгжлийн үлгэр жишээ болсон юм. Хоёрдугаар сард Хятад, Аргентин “Бүс ба зам”-ыг хамтаар бүтээн байгуулах хамтын ажиллагааны санамж бичиг зэрэг арваад гэрээ хэлэлцээрийг үзэглэсэн нь хөдөө аж ахуй, дижитал эдийн засаг, ногоон хөгжил зэрэг олон салбарыг хамарчээ.   

Томас Фуэнтес Бенитесийн үзэж буйгаар, хоёр орны эдийн засаг, худалдаа зэрэг олон салбарын солилцоо, хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрэх нь өөрийн компани нь Хятад улсад улам сайн хөгжихөд нааштай нөхцөл бүрдүүлж байна. Тиймээс хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг улам өргөжин тэлэхийг тэрээр хүсэж байна. 

Томас Фуэнтес Бенитес:“Юуны өмнө бид Хятад улсад компанийнхаа маш сайн үндэс суурийг тавина. Учир нь энэ бол маш том зах зээл. Хятад улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дэлхийн хаа ч очсон өрсөлдөх чадвартай. Тэгээд дараа нь бүтээгдэхүүнээ үе шаттайгаар Азийн зах зээл, цаашлаад Латин Америкийн зах зээлд гаргах төлөвлөгөөтэй”.

/Д.Хүчитбаатар/