ХКН-ын XX их хурлын ач холбогдол ба Хятадын хөгжлийн нууц
2022-10-20 09:21:16
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Коммунист Намын (ХКН) XX их хурал энэ сарын 16-нд Бээжин хотын Ардын их хурлын танхимд эхэлсэн бөгөөд уг их хуралд тус намын нийт 2300 орчим төлөөлөгч оролцон, XIX их хурлаас дэвшүүлсэн зорилтуудын хэрэгжилт, ахиц дэвшил болон цаашид хэрэгжүүлэх зорилт, төлөвлөгөөнүүдийг авч хэлэлцэж байна.

Дэлхийн хамгийн олон хүн амтай улс, дэлхийн хоёр дахь том эдийн засгийг удирдан жолоодож буй ХКН нь таван жил тутамд их хурлаа хийж, өнгөрснөө цэгнэн дүгнэж, цаашид хэрэгжүүлэх бодлого, зорилтуудаа тодорхойлдог. Тэр ч утгаараа одоо болж буй XX их хурал нь энэ өдрүүдэд дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Тэгвэл энэ их хурал нь дэлхий нийтэд чухам ямар ач холбогдолтой болох, Хятадын үсрэнгүй хөгжлийн гол нууц юу болохыг энд сийрүүлье.

БНХАУ бол дэлхийд хөгжлийн хурдаараа манлайлж, олон улсын үйл хэрэгт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж буй улс юм. Тэгвэл тус улсын хөгжил дэвшил, ололт амжилтын гол нууц нь нэгэн зууны түүхт ХКН-ын тогтвортой байдал, зөв бодлого гэж олон улсын шинжээчид үзэж байна.

ХКН нь амлалтаа ажил хэрэг болгож, бодит үйлдлээрээ ард түмэндээ төдийгүй, дэлхий дахинд үлгэрлэсээр ирсэн билээ. Тухайлбал, ХКН-ын удирдлага дор Хятад улс анхдугаар зууны зорилт буюу бүх талаараа цэцэглэн хөгжсөн чинээлэг дундаж давхарга бүхий нийгмийг цогцлоох зорилгодоо 2021 онд хүрч чадсан амжилттайгаар XX их хурлаа угтлаа.

Мөн ХКН-ын удирдлага дор Хятад улс үгээгүй ядуурлыг үндсээр нь арилгах зорилгод товлосон хугацаанаас 10 жилийн өмнө хүрч, Ковид-19 цар тахал гэх мэт дэлхий нийтийн өмнө тулгарч буй сорилтуудыг даван гарахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна.

ХКН “Ард түмэн нэгдүгээрт” зарчимтайгаар улс орноо хөгжүүлж, ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулахын төлөө ямагт урагш тэмүүлж, нийгэм-эдийн засгийн “Хорт хавдар” болсон авлигатай хатуу тэмцэхийн зэрэгцээ, энх тайвнаар зэрэгцэн орших буюу энх тайванч хөгжлийн замаар замнах зарчмыг дотоод болон гадаад бодлогодоо чухалчилсаар ирсэн байна.

Одоо харин тус улс 2035 он хүртэлх хугацаанд социалист шинэчлэлийг бүрэн хэрэгжүүлж, 2035 оноос энэ зууны дунд үе хүртэлх хугацаанд чинээлэг, хүчирхэг, ардчилсан, соёлжсон, эв найрамдалтай, үзэсгэлэнтэй бөгөөд орчин үеийн аугаа социалист Хятад орныг цогцлоох ХКН-ын хоёрдугаар зуун жилийн зорилгодоо хүрэхээр урагш тэмүүлж байна. Өдгөө болж буй ХКН-ын XX их хурал нь тус намын хоёрдугаар зуун жилийн зорилтод хүрэх, цаашлаад ирэх таван жилд олон улсын тавцанд тус улсын баримтлах бодлогыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Хятад улс социалист шинэчлэлд хүрэх явцдаа эдийн засгийн өсөлтийн чанарыг чухалчилж, тэгш бус байдлыг арилгаж, авлигыг устгаж, хүртээмжтэй хөгжлийн хүрээг тэлж, байгаль экологийн бүрэн бүтэн байдалд анхаарлаа хандуулах болно гэж ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин XX их хурлын нээлтийн ёслолын үеэр илтгэл тавихдаа онцлон дурджээ.

ХКН нь зөвхөн улс орныхоо хөгжил цэцэглэлт төдийгүй, дэлхий нийтийн сайн сайхан байдалд санаа тавьсаар ирсэн юм.

Хятад улсын хөгжил дэвшил нь дэлхийн эдийн засагтай гүн гүнзгий холбоотой. Сүүлийн 10 жилийн хугацаанд л гэхэд Хятадын ДНБ 54 их наяд юаниас 114 их наяд юань болон өсөж, дэлхийн эдийн засагт тус улсын эдийн засгийн эзлэх хувь 7.2  хувиар өсөн 18.5 хувь болсон байна. Дэлхийн хамгийн олон буюу 1.4 тэрбум хүн амтай, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай тус улс өдгөө 140 гаруй улс орон болон бүс нутгийн худалдааны хамгийн гол түнш болж, бараа бүтээгдэхүүний худалдааны хэмжээгээр дэлхийд тэргүүлж байна.

Хятад улс цаашид ч түрэмгийлэл, дээрэнгүй үзэл болон бусад улсын хэрэгт хөндлөнгөөс оролцох хандлагаас ангид байх зарчмыг баримталж, энх тайванч хөгжлийн замаар замнаж, бүх нийтийн хөгжил өөд тэмүүлэхийг Ши Жиньпин мөн XX их хурлын илтгэлдээ онцлон тэмдэглэсэн байна.

Сунжран үргэлжилж буй Ковид-19 цар тахал болон Орос-Украины геополитикийн мөргөлдөөний нөлөөгөөр дэлхийн эдийн засаг уруудаж, эдийн засгийн хямралтай нүүр тулж буй энэ үед улс төрийн тогтвортой байдал юу юунаас илүү чухал болохыг дэлхий нийтээрээ харцгааж байна.

Тэгвэл дэлхий дахины хүсэж буй тэр тогтвортой байдал нь ХКН-ын удирдлага, Хятад улсад байна. Тиймээс дэлхийн бусад улс орон ХКН-ын засаглалын тогтолцоо, манлайллаас үлгэрлэж, энх тайванч хөгжлийн замналыг баримтлах ёстой.

Хятад улс эдийн засгийн даяаршлыг дэмжиж, олон талт үзлийн эсрэг хандлагыг хэзээд эсэргүүцэхээ мэдэгдсэн.

Дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулж буй хувь нэмрээрээ тэргүүлдэг Хятад улсын хувьд ирэх таван жил нь социалист шинэчлэл хийж, орчин үеийн аугаа социалист гүрнийг цогцлооход маш чухал ач холбогдолтой бөгөөд ялангуяа ирэх таван жилд Хятад улс дотоод болон гадаадад ямар бодлого баримтлах, хэрхэн ажиллах замын зургийг гаргахад одоо болж буй XX их хурал нэн чухал юм.    

                         /Г.Солонго/