Хятад уран зохиолын Монгол уншигчдын клуб Улаанбаатар хотноо байгуулагдлаа
2022-10-23 10:14:27
Share
Share this with Close
youtube WeChat

Аравдугаар сарын 22-ны үдээс хойно, МУ-ын “Гэгээ паблишинг” хэвлэлийн газар болон БНХАУ-ын Зохиолчдын Нийгэмлэгийн хамтран санаачилсан Хятад уран зохиолын Монгол уншигчдын клубийн нээлт болон Хятадын CTPC хэвлэлийн газрын хамтран орчуулж хэвлүүлсэн “5 өнгө цуврал ном”-ын монгол хэвлэлийг танилцуулах арга хэмжээ Улаанбаатар хотноо болж, МУ-ын Хятад уран зохиол сонирхогчид, уран зохиолчид болон орчуулагчид, их дээд сургуулийн хятад хэлний ангийн оюутнууд болон дотоод гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид оролцжээ. 


△МУ-ын Хятад судлаач, нэрт орчуулагч Д.Болдбаатар

“Гэгээ паблишинг” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулагч, Хятад уран зохиолын Монгол уншигчдын клубыг санаачлагч, МУ-ын Хятад судлаач, нэрт орчуулагч, доктор, профессор Д.Болдбаатар нээлтийн арга хэмжээн дээр хэлсэн үгэндээ, Монгол, Хятад хоёр улс бол уул усаар холбогдсон найрсаг хөршүүд билээ. Хоёр орны соёлын солилцоо нь урт удаан жилийн түүхтэй бөгөөд тэр дундаас уран зохиолын солилцоо нь хоёр орны найрсаг харилцаанд маш чухал байр суурийг эзэлсээр ирсэн юм. Хятадын уран зохиолын Монголын уншигчдын клуб нь харилцааны том талбар болохын хувьд Монгол, Хятад хоёр орны ард түмний соёлын солилцоонд чухал гүүр болно гэдэгт эргэлзэхгүй байна гэж тэмдэглэв.


△Хятад уран зохиолын монгол уншигчдын клубийн нээлтийн арга хэмжээ

Доктор, профессор Д.Болдбаатар: Хятадын уран зохиолын Монголын уншигчдын клуб нь жил болгон тогтмол 4 удаагийн уран зохиолын үйл ажиллагаа зохион байгуулж байх болно. “5 өнгө цуврал ном” -ын монгол хувилбарыг танилцуулж байгаа өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь дээр дурдсан үйл ажиллагаануудын эхнийх нь болж байгааг тэмдэглэх хэрэгтэй. “5 өнгө цуврал ном” нь таван цөөн тоот үндэстний таван эмэгтэй зохиолчдын бүтээлээс бүрддэг. Тэдгээрийн тоонд Тузя үндэстний зохиолч Е Мэйгийн “Дууны саваа”, Манж үндэстний зохиолч На Егийн “Унтахын өмнөх ном”, Солонгос үндэстний зохиолч Зинь Рэнь Шүньгийн “Хувраг бүжиг”, Казах үндэстний зохиолч Еркеш Хурманбекийн “Мөнхийн хурга” ба Манж үндэстний зохиолч Жао Мэйгийн “Өгүүлэгчийн хүүрнэл” зэрэг бүтээлүүд багтдаг гэлээ.

Хятадын уран зохиолын гадаад уншигчдын клуб нь Хятадын Зохиолчдын Нийгэмлэг болон улс орон болгоны уран зохиол сонирхогчдын хамтран үүсгэн байгуулж буй Хятад болон гадаад улсын уран зохиолын харилцааны тавцан юм. 2021 оны 8 дугаар сарын 20-нд Хятадын уран зохиолын гадаад уншигчдын клуб 12 улсад нэгэн зэрэг нээлтээ хийсэн билээ. Хоёр талын байгуулсан холбогдох гэрээний дагуу, Хятадын Зохиолчдын Нийгэмлэгийн зүгээс Монгол уншигчдын клубт Хятадын уран зохиолын талаарх хамгийн шинэ соргог мэдээ мэдээллийг өгч, олон шилдэг бүтээлийг танилцуулан, уран зохиолын үйл ажиллагаа зохион байгуулахад нь туслалцаа үзүүлэхийн сацуу Монгол уншигчид Хятад улсад айлчилж, газар дээр нь үзэж сонирхон, Хятадын уран зохиол болон Хятадын зохиолчидтой танилцах боломжийг олгох юм. 


△Д.Болдбаатарын орчуулан хэвлүүлсэн Хятадын уран зохиолын бүтээлүүдээс

Доктор, профессор Д.Болдбаатар 1986 оноос эхлэн Хятадын уран зохиолын орчуулгын ажлын гараагаа эхлүүлжээ. Тэрээр “Хятад-Монгол толь”, “Монгол-Хятад толь” болон “Синьхуа толь”/Хятад-Монгол/ зэрэг томоохон толь бичгүүдийг зохион туурвиж, орчуулж хэвлүүлсэн байна. Эдүгээг хүртэл, профессор Д.Болдбаатар “Тан улсын шүлэг”, “Сүн улсын дуулал”, “Гурван улсын үлгэр”, “Усан хөвөөний шастир”, “Баруунш зорчсон тэмдэглэл”, “Богд Миларайвагийн тууж зохионгуй”, “Чингис хаан”, “Чонон сүлд”, “Төвд банхар”, “Гурван биет” зэрэг Хятадын эрт эдүгээгийн шүлэг дуулал, намтар цадиг болон роман тэргүүтнийг олон орчуулсан ба “Чингис хаан” Хятадын телевизийн олон ангит кино, “Чонон сүлд” кино зэргийг орчуулан үзэгчдийн хүртээл болгожээ. Эдүгээ, “Улаан асрын зүүдэн” сонгомол романы орчуулгын ажил өндөрлөх дөхөж байгаа бөгөөд ирэх жилд хэвлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж. 

2021 онд, доктор, профессор Д.Болдбаатар Хятадын Засгийн газраас гадаад улс орнуудын уран бүтээлчдэд олгодог уран зохиолын хамгийн дээд шагнал болох Хятадын уран зохиолын гарамгай хувь нэмрийн шагналыг хүртсэн байна. /Сэтгүүлч О.Дарамбазар/