Дам тамхидалт удамшлын өвчин үүсгэх эрсдэлтэй
2022-10-26 15:12:00
Share
Share this with Close
youtube WeChat

Австралийн Мельбурны их сургууль тэргүүт судалгааны байгууллагынхны “Европын амьсгалын замын анагаах ухааны сэтгүүл”-д нийтэлсэн өгүүллээс үзэхэд бага насаа дам тамхилалтын орчинд өнгөрүүлсэн эрчүүдийн үр хүүхэд багтраа өвчнөөр өвдөх эрсдэл эрс өндөр байна.

Уг судалгаанд 1968 онд Австралийн Тасманид эхлүүлсэн амьсгалын замын өвчлөлийн томоохон хэмжээний судалгаа болох "Тасманийн эрүүл мэндийн судалгаа"-ны өгөгдлийг ашигласан хэмээн Австралийн Мельбурны их сургууль саяхан мэдэгджээ.

Судлаачид Тасмани мужид төрж өссөн 1689 хүүхэд болон тэдний аав, өвөө, эмээгийн эрүүл мэнд болон амьдралын дадал зуршлын мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Эдгээр хүүхдүүд 7 нас хүртлээ багтраа өвчин туссан эсэх болон тэдний аав нар 15 нас хүртлээ тамхичин гэр бүлд өссөн эсэхийг харьцуулж, мөн хүүхдийн аав одоо тамхи татдаг эсэх, өмнө нь татаж байсан эсэх талаарх мэдээллийг ч орхигдуулсангүй.

Судалгааны дүнгээс үзэхэд аав нь багадаа дам тамхилалттай орчинд өссөн бол хүүхэд нь харшлын бус багтраа тусах эрсдэл 59 хувиар нэмэгддэг. Аав нь дам тамхилалттай орчинд өсөөд өөрөө тамхи татдаг бол үр хүүхэд нь харшлын бус багтраа тусах эрсдэл бүр ч өндөр болдог аж.

Тамхи зөвхөн хэрэглэж буй хүнээ хордуулаад зогсохгүй тамхины утаа тамхичдын үр удамд ч нөлөөлж магадгүй. Энэ үр нөлөө хэрхэн дамждаг нь хараахан тодорхойгүй боловч эпигенетикийн өөрчлөлттэй холбоотой байх магадлалтай хэмээн судлаачид үзэж байна.

Уг судалгаанд оролцсон Мельбурны их сургуулийн ахлах судлаач, доктор Пей Тин хэлэхдээ: "Эпигенетик өөрчлөлт генийн идэвхжил, илэрхийлэлд нөлөөлдөг. Өөрчлөлт нь DNA-ын дараалалд нөлөөлөхгүй ч гэлээ хүний биеийн DNA-ын дарааллыг унших аргыг өөрчилдөг. Эр бэлгийн эсийн хөгжил их удаан үргэлжилдэг тул өсөлтийн үедээ урт хугацаагаар дам тамхидалтад өртөх нь эр бэлгийн эсийн эпигенетик өөрчлөлтөд хүргэдэг. Энэ өөрчлөлт нь хойч үедээ дамжиж, багтраа өвчин тусах зэргээр тэдний эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй юм гэжээ.