Хятадын импорт экспорт өссөөр байна
2022-10-27 15:23:50
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ оны эхний гурван улиралд Хятад улсын импорт экспортын нийт хэмжээ 31 их наяд 110 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.9 хувиар өссөн байна. Гадаад худалдааг тогтворжуулах бодлого, арга хэмжээг шат дараатай ахиулсанаар гадаад худалдааны тогтвортой өсөлт илэрхий үр дүнд хүрснийг мэргэжилтнүүд үнэлж байна. Одоо та бүхэн Дэлхийн мэдээллийн радиогийн сурвалжлагч Жа Сьманы бэлтгэсэн нэвтрүүлгийг хүлээн авч сонсоно уу.

Энэ оны эхний гурван улиралд Хятад улсын экспорт 17.67 их наяд юань буюу 13.8 хувиар, импорт 13.44 их наяд юань буюу 5.2 хувиар өсжээ. Хятадын Худалдааны яамны судалгааны хүрээлэнгийн Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны судалгааны төвийн захирал Жан Жяньпин:

"Эхний гурван улирлын гадаад худалдааны өсөлт нь Хятадын одоогийн макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн хамгийн эерэг тоо баримтуудын нэг бөгөөд Хятад улс оны эхэнд гадаад худалдааг нэмэгдүүлэх бодлогыг үе шаттай хэрэгжүүлж, мөн оны дунд үеэс тухайн салбарын хөрөнгө оруулалтыг тогтворжуулах арга хэмжээг тууштай эрчимжүүлэн, гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийн хамтын хүчин чармайлтаар энэхүү амжилтад хүрсэн байна".

Өнгөрөгч есдүгээр сард Хятадын импорт экспортын нийт хэмжээ 3.81 их наяд юань буюу 8.3 хувиар өсөв. Үүний дотор экспорт 2.19 их наяд юань буюу 10.7 хувиар, импорт 1.62 их наяд юань буюу 5.2 хувиар өсчээ. Жан Жяньпин хэлэхдээ "Энэ онд тахал өвчин давтан дэгдсэн. Ийм нөхцөл байдалд Хятад улсын гадаад худалдаа асар их харимхай чанартай хөгжиж ирсэн юм" гэв.

Оны эхний гурван улиралд АСЕАН Хятадын хамгийн том худалдааны түнш хэвээр байсан. Хятад улс болон АСЕАН-ы хоорондын худалдааны нийт хэмжээ 4.7 их наяд юань буюу 15.2 хувиар нэмэгдэж, Хятад улсын гадаад худалдааны 15.1 хувийг эзэлж байгааг тоо баримт харуулж байна. Жан Жианпин хэлэхдээ:

"Бүс ба зам"-ын хүрээнд Хятад, АСЕАН системтэй хамтын ажиллагааг өрнүүлсний үр дүнд худалдааны үр ашиг улам бүр дээшилсээр байна. Энэ жил “Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр” буюу RCEP хэрэгжих шатандаа ороход Хятад, АСЕАН-ы зах зээл гол цөм нь болж байгаа бөгөөд худалдааны эргэлтийг түргэвчилснээр шинэ үр дүн гарах юм. АСЕАН ирээдүйд Хятадын хамгийн том гадаад худалдааны түнш хэвээр байх болно гэж төсөөлж байна. Хятад, АСЕАН-ы хоорондын худалдааны хэмжээ өнгөрсөн онд 900 орчим тэрбум ам долларт хүрсэн нөхцөлд дараачийн шатанд 1 их наяд ам долларт хүргэх зорилт тавин ажиллаж байна".

Эхний гурван улиралд Хятад улсын механик цахилгаан бүтээгдэхүүний экспорт 10.04 их наяд юаньд буюу 10 хувиар нэмэгдсэн нь нийт экспортын үнийн дүнгийн 56.8 хувийг эзэлж байна. Үүний дотор автомашины экспорт 259.84 тэрбум юань буюу 67.1 хувиар өссөн нь Хятад улсын автомашины үйлдвэрлэл, ялангуяа шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэлийн хөгжлийн тусгал болж байна гэж Жан Жяньпин үзэж байна.

"Хятадын автомашины үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд бие даасан инновацаа тасралтгүй хөгжүүлж байгаа нь энэхүү амжилтын гол шалтгаан бөгөөд сүүлийн жилүүдэд шинэ эрчим хүчний автомашиныг төрөөс тасралтгүй бодлогоор дэмжиж, урамшуулж байгаатай салшгүй холбоотой юм. Экспортын хувьд Хятадын автомашин, тэр дундаа шинэ эрчим хүчний автомашинууд экспортод ихээр гарч дээрх өсөлтийг дэмжсэн нь Хятадын автомашины үйлдвэрлэлийн хөгжлийн оргил үе болж байна. Түүгээр ч зогсохгүй энэ онд Хятадын гаргасан тоо баримт нь автомашин үйлдвэрлэгч хуучны том орон болох Германыхаас ч давж, Японы дараа хоёрдугаарт бичигдэж байна. Автомашин салбарт Хятад улс үнэхээр томоохон ахиц дэвшил гаргажээ.

Жан Жяньпин хэлэхдээ, "Дөрөвдүгээр улиралд дэлхийн гадаад худалдааны тодорхойгүй, ээдрээ төвөгтэй байдал нэмэгдсээр байна. Гадаад худалдааны аж ахуйн нэгжүүд зах зээлийн өөрчлөлтийг ажиглаж, янз бүрийн үзүүлэлтүүдэд үндэслэн цаг тухайд нь судалгаа, дүгнэлт хийх ёстой" гэв.

"Энэ оны Хятадын гадаад худалдааны ерөнхий гүйцэтгэлээс харахад Хятад улсын гадаад худалдаа дөрөвдүгээр улиралд шинэ дарамттай учирч байгаа ч эхний гурван улиралд нэлээд сайн үр дүнд хүрсэнээрээ дамжин "гадаад худалдааг бүхэлд нь тогтворжуулах" зорилтоо биелүүлнэ хэмээн үзэж байна. Хятадын гадаад худалдаа эерэг өсөлтийг бий болгохын зэрэгцээ эдийн засгийн өсөлтөд ч ихээхэн хувь нэмэр оруулах болно".