ОХУ стратегийн зэвсгүүд туршив
2022-10-27 16:26:52
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: ОХУ-ын арми энэ сарын 26-нд стратегийн зэвсэг турших цэргийн сургуулилт хийсэн нь зорилтот үүргээ биелүүлэв хэмээн Кремлийн ордон мөн өдөр мэдээлжээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков 26-нд хэлэхдээ, "Украйны тал “Бохир бөмбөг” хэрэглэн террорист халдлага хийхээр зэхэж байгаа тухай мэдээлэл Оросын талд ирсэн" гэжээ. Украины Гадаад харилцааны сайд Дмитро Кулеба харин энэ 25-нд мэдэгдэхдээ, "Украинд “бохир бөмбөг” гэгч зүйл хийгээд үүнтэй холбоотой төлөвлөгөө огт байхгүйг удахгүй энд ирэх ОУАЭХА-гийн шинжээчид нотлон харуулахыг хүсэн хүлээж байна" гэжээ.

Кремлийн ордны веб сайт 26-нд нийтэлсэн мэдээлэлдээ "ОХУ-ын мөн өдөр хийсэн стратегийн зэвсэг турших сургуулилт нь бүх үүргээ биелүүлж, Оросын баруун хойд хэсгийн Плесецк дахь хөөргөлтийн талбай болон Баренцын тэнгисийн бүсээс Оросын зүүн нутгийн Камчатскийн хойг дахь Кура байт бааз руу баллистик пуужин хөөргөж, Ту-95 бөмбөгдөгч онгоцноос харвасан далавчит пуужингууд бүгд товлосон байг онов. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ удаагийн сургуулилттай танилцсан" гэжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мөн өдөр Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын аюулгүй байдал, тагнуулын байгууллагын удирдагчдын зөвлөлийн хурал дээр цахимаар илтгэл тавихдаа, "Украин нэгэнтээ Америкийн гадаад бодлогын багаж хэрэгсэл болж, бүрэн эрхээ бараг алдаж, АНУ-аар шууд удирдуулж байна. Зарим орнууд урт хугацааны турш Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орон зайд хулхидах, дарамт шахалт үзүүлэх, айлган сүрдүүлэх зэрэг арга барилыг ашиглан эдгээр орнуудад “өнгөт хувьсгал” дэгдээх, үндсэрхэг үзэл хийгээд хэт даврагч үзлийг ашиглан зэвсэгт мөргөлдөөн дэгдээхийг оролдсоор ирсэн.  Энэ нь Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын аюулгүй байдалд шууд заналхийлж байна" гэж хэлснийг Кремлийн ордны веб сайт мөн өдөр мэдээлжээ.





\Уртнасан\