Хятадын олон улсын нислэг нэмэгдэж, тасалбарын үнэ буурч байна
2022-10-27 15:57:19
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Хятадын Иргэний нисэхийн ерөнхий газраас хэвлэлийн бага хурал хийж, шинэ улирлын нислэгийн цагийн хуваарийг танилцууллаа. Нисэхийн ерөнхий газрын Тээвэр зохицуулалтын газрын орлогч дарга Шюй Чин танилцуулахдаа, "Хятадын иргэний агаарын тээвэр 2022 оны 10-р сарын 30-наас 2023 оны 3-р сарын 25 хүртэл шинэчилсэн цагийн хуваарьт шилжсэн. Энэхүү хугацаанд гадаад дотоодын 127 компани долоо хоног бүр зорчигч тээврийн болон ачаа тээврийн 104573 нислэг зохион байгуулахаар төлөвлөж байна" гэв.

Олон улсын нислэгийн хувьд, дотоод гадаадын агаарын тээврийн компаниуд долоо хоногт 840 удаа, тухайлбал хоёр талын 420 удаагийн нислэг үйлдэж байгаа нь 2021-2022 оны өвөл, хаврын улирлынхаас 105.9 хувиар нэмэгдэж, долоо хоногт ачаа тээврийн 6148 нислэг байнга гаргаж буй нь мөн үеийн өвөл, хаврын улиралтай харьцуулахад 6.7 хувиар нэмэгдсэн байна.

Энэ оны зургадугаар сард, Иргэний нисэхийн ерөнхий газрын Тээвэр зохицуулалтын газрын дарга Лян Нан "Олон улсын зорчигч тээврийн хуваарьт нислэгийг үе шаттайгаар, тогтвортой нэмэгдүүлэх талаар зарим улс оронтой хэлэлцэж байна" хэмээн мэдэгдсэн бол наймдугаар сард Хятадын Төрийн зөвлөлийн байнгын хорооны хурлаар дотоодын болон олон улсын зорчигч тээврийн нислэгийг шат дараатай нэмэгдүүлж, гадаадын аж ахуйн нэгж, хүмүүсийн харилцааны нөхцлийг хялбаршуулах шийдвэр гаргажээ.

Түүнээс хойш дотоодын хэд хэдэн агаарын тээврийн компани олон улсын зорчигч тээврийн нислэгээ сэргээнэ гэдгээ зарласан. Нислэгийн менежерийн нийтэлсэн тоо баримтаас үзвэл, өнгөрөгч есдүгээр сард Хятадын дотоодын агаарын тээврийн компаниудын олон улсын зорчигч тээвэрлэлтийн тоо илэрхий нэмэгдэж, өдрийн дундаж нислэгийн хэмжээ 35 орчим буюу өмнөх сарынхаас 24.5 хувиар нэмэгдсэн нь 2021 оны 1, 3-р сарын түвшинд хүрсэн байна.

10-р сараас эхлэн олон улсын зорчигч тээврийн нислэгийн тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна. 2022 оны 10-р сарын 30-нд өвөл, хаврын нислэгийн хуваарьт албан ёсоор шилжсэнээс хойш олон улсын зорчигч тээврийн нислэгийг долоо хоногт 42 шугамаар 108 удаад хүргэхээр төлөвлөж байгаагаа хэдхэн хоногийн өмнө Хятадын Eastern Airlines мэдээлэв. Эдгээр нислэгийн шугамд Шанхай-Бангкок-Чиндао, Ханжоу-Чиндао-Наньжин-Кунмин-Токио Нарита, Чиндао-Наньжин-Яньтай-Сөүл Инчон чиглэлийн олон улсын нислэг багтаж байна.

Хятадын Southern Airlines компани 10-р сараас эхлэн Гуанжөү-Жакарта, Далянь-Токио Нарита чиглэлийн нислэгийг сэргээхээр ажиллаж байгаа бөгөөд Гуанжөү-Манила, Гуанжөү-Бангкок, Гуанжоу-Пномпень чиглэлд нэмэлт нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Air China мөн саяхан Бээжингээс Манила, Жакарта, Токио, Варшав, Афин, Ванкувер, Лос Анжелес, Торонто зэрэг чиглэлд нислэгээ сэргээхээ мэдэгдэв.

Олон улсын нислэг нэмэгдэхийн хэрээр нэвтэрч буй зорчигчдын тоо ч ихээхэн сэргэж, ялангуяа төрөл төрөгсдөө эргэх, гадаадын оюутнууд Хятадад буцан ирэх, олон улсын бизнесийн ажил хэргийн солилцоо мэдэгдэхүйц нэмэгджээ.

"Air Travel" компанийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад 10-р сарын 1-ээс өнөөг хүртэл хилээр нэвтрэх зорчигчдын тоо эрс нэмэгдэж, зорчигч тээврийн хэмжээ 170 мянгаас давж, өнгөрсөн оны мөн үеэс 80 орчим хувиар өссөн байна. 10-р сард Хятадад зорчих агаарын тээврийн компанийн хайлт өмнөх сарынхаас 63 хувиар, тасалбарын захиалга өмнөх сарынхаас 28 хувиар өссөн байна.

Маршрут нэмэгдэхийн хэрээр Хятадад зорчих олон улсын нислэгийн үнэ ч буурчээ. 10-р сарын 24-ний байдлаар, 10-р сарын олон улсын нислэгийн тасалбарын дундаж үнэ 10 мянга орчим юань байсан нь 9-р сарынхаас бараг 19 хувиар буурсан бол Хятадад зорчих нисэх онгоцны тасалбарын дундаж үнэ 9-р сараас 30 хувиар буурчээ.

"Сүүлийн хэдэн сарын хугацаанд би бараг өдөр бүр бүх төрлийн онгоцны тасалбарын аппликейшн руу орж үздэг. Саяхнаас үнэ нь мэдэгдэхүйц буурсан" гэж Японы Токио хотод сурдаг Чен Ли хэлж байлаа. Японоос Хятадад зорчих онгоцны тийзний үнэ өмнөх хоёр сард 10-20 мянган юанийн хооронд байсан бол 10-р сарын сүүлчээс 5000-7000 юань болтлоо буурч, Токио-Ханжөү зэрэг зарим чиглэлийн үнэ ердөө 4000 юань болсон гэж Чен Ли хэлж байлаа.

Эцэст нь Чен Ли 2023 оны нэгдүгээр сарын эхээр Нарита-Тяньжины онгоцны тийз захиалсан. Үндсэн үнэ ердөө 1310 юань байсан нь төсөөлж байсан зардлаас 90 хувиар хямд байлаа.

Түүнчлэн Зүүн өмнөд Азийн орнуудаас Хятадад ирэх онгоцны тийзний үнэ мөн буурсан байна. Бангкок, Пномпень, Сингапур, Хо Ши Мин хот болон бусад хотуудаас Хятадад нэвтрэх олон чиглэлийн нислэгийн тийзний үнэ 50 гаруй хувиар буурсан юм.

Нислэгийн шугамын тоо төдийлөн өөрчлөгдөөгүй ч Хятад-АНУ, Хятад-Их Британи, Хятад- Канад улсуудын Хятадад буцах онгоцны тийз буурсан байхыг Times Finance ажиглаж байна. Тухайлбал 10-11-р сарын байдлаар, Лос Анжелес-Гуанжөү хоорондын нэг чиглэлийн энгийн суудлын үнэ татварыг оруулаад 16 мянга орчим юань болтлоо буурсан нь урьд нь 30-40 мянга буюу цаашлаад 100 мянга гаруй юань байсантай харьцуулахад бараг үнэгүйтэй адил болжээ.

8-р сард нислэгээ сэргээнэ гэж зарласны дараа Хятад-Их Британийн хоорондох онгоцны тийзний үнэ буурч, Air Travel компанийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад Хятад-Их Британийн хооронд 10-р сард төлсөн шууд нислэгийн дундаж үнэ сард бараг 15 хувиар буурсан байна.

Энэ оны еспүгээр сард Лондонгийн Хитроу-Бээжингийн үндсэн тийзний үнэ өмнөх 30-40 мянган юаниас 26 мянган юаньд хүрч, харин сүүлийн үед Лондон Хитроу чиглэлийн Хятадад буцах онгоцны тийзний үнэ 10 мянган юань хүрэхгүй болж, Лондон-Гуанжөүгийн шууд нислэгийн тийз 8500 орчим юань болжээ.

Катар 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ойртож байгаатай холбогдуулан Хятадын агаарын тээврийн компаниуд Катар болон ойр орчмын хот руу чиглэсэн нислэгээ нэмж байна.

Дэлхийн аялал жуулчлалын судалгааны ForwardKeys компани саяхан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогч 31 улс болон Арабын Нэгдсэн Эмират улсаас Катар руу нисэх онгоцны тийзний захиалга тахлын өмнөх үеийнхээс 10 дахин их байгааг харуулсан тоо баримтыг нийтэлжээ.

Хятадын дотоодод, 10-р сарын 27-нд Хятадын Eastern Airlines агаарын тээврийн компани Дубайн нислэгийг сэргээж, Чиндао-Дубай чиглэлийн нислэгийг ажиллуулсан бол Хятадын Southern Airlines компани 10-р сараас Гуанжөү-Дубай чиглэлийн нислэгээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Үнийн хувьд, Eastern Airlines компанийн Чиндао-Дубай чиглэлийн үндсэн тасалбарын үнэ 4619 юань, Хятадын Southern Airlines компанийн Гуанжоу-Дубай чиглэлийн үндсэн тасалбарын үнэ 5000-7000 юань хооронд байгаа юм.

Хэдхэн хоногийн өмнө FIFA буюу Олон улсын хөл бөмбөгийн холбооны албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр, 10-р сарын 18-ны байдлаар Катарын ДАШТ-ний нийт 2.89 сая тасалбар зарагдсанаас Хятадын хөгжөөн дэмжигч 5000-7000 тасалбар худалдан авчээ.