Америк Европын худалдааны хэлэлцээрт ахиц гарсангүй
2022-11-01 14:10:29
Share
Share this with Close
youtube WeChat

Чех улсад болсон Европын холбооны Худалдааны сайд нарын албан бус уулзалтад АНУ-ын Худалдааны төлөөлөгч Кэтрин Дайг урьж оролцуулжээ. ЕХ, АНУ-ын худалдааны маргаан олны анхаарлыг татсаар байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ оны наймдугаар сард "Инфляцийг бууруулах тухай хууль"-д гарын үсэг зурж, ирэх арван жилд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цэвэр эрчим хүчийг хөгжүүлэх, анагаах ухааны салбарын аюулгүй байдлыг бэхжүүлэхэд 430 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Харин Америкийн цахилгаан машины үйлдвэрлэлийг өндөр нөхөн олговроор дэмжиж, АНУ-аас тухайн машин гэхчилэн цэвэр эрчим хүчний бүтээгдэхүүн худалдан авахыг уриалсан зарим заалт нь Европын холбооны олон орны дургүйцлийг төрүүлэв. Уг хуулийн төсөлд ялгаварлан гадуурхах заалтууд орсон гэж Европын холбооноос үзэж байгаа бөгөөд Европын цахилгаан тээврийн хэрэгсэл, батерей, сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүнүүдэд Канад, Мексикийн адилаар АНУ-ын зах зээлд нэвтрэх нөхцөл олгох ёстой гэжээ.

Европ, АНУ-ын хоорондох худалдааны хурцадмал байдлыг намжаахын тулд Европын холбоо, АНУ өнгөрсөн долоо хоногт Инфляцийг бууруулах тухай хуулийн хэлэлцээнд бэлтгэх хамтарсан ажлын хэсэг байгуулж, эхний уулзалтыг энэ долоо хоногийн сүүлчээр хийхээр товложээ. Хэлэлцээ дампуурах юм бол Европын холбоо хариу арга хэмжээ авах эсэх талаар асуухад энэ шатанд "бусад боломжит хувилбаруудыг авч үзэхээс өмнө" шийдэлд хүрэхийн тулд хэлэлцээ хийхэд гол анхаарлаа хандуулна гэж Европын комиссын дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис хэлэв.