Хятад Германы харилцаа шинэ дүгнэлтээр ирээдүйг угтаж байна
2022-11-06 17:45:24
Share
Share this with Close
youtube WeChat

“Олон улсын чиг хандлага ээдрээтэй, өөрчлөлт ихтэй байгаа ийм үед Хятад, Герман хоёр орон нөлөө ихтэй том гүрнүүдийн хувьд өөрчлөлт, эмх замбараагүй байдлын дунд гар нийлэн хамтран ажиллаж, дэлхийн энх тайван хийгээд хөгжилд илүү их хувь нэмрээ оруулах нь зүйтэй”. Хятад улсын дарга Ши Жиньпин энэ сарын 4-нд Бээжинд Хятад улсад ирж албан ёсны айлчлал хийсэн Германы канцлер Олаф Шольцтой уулзаж хэлсэн үгэндээ: Германы талтай хамтдаа хичээн зүтгэж, ирээдүйд хандсан иж бүрэн стратегийн түншийн харилцаа байгуулан, Хятад Герман, Хятад Европын Холбооны харилцааг ахиулан шинэ хөгжилд хүргэхэд бэлэн байна гэв. Олаф Шольц хэлэхдээ, Хятадын талтай итгэлцлээ нэмэгдүүлэн, Герман Хятадын харилцааг тогтвортой, бэхжүүлэн хөгжүүлэхэд Германы тал бэлэн байна гэсэн юм.

Олаф Шольц бол ХКН-ын 20-р их хурлын дараа Хятадад айлчилсан Европын анхны удирдагч юм. Энэ нь мөн түүний хувьд Германы канцлер болсныхоо дараа Хятадад хийсэн анхны айлчлал нь байлаа. Хятад Герман дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Хятад Германы харилцааны түүхэн үйл явцыг эргэн санаж Ши Жиньпин дарга цохон тэмдэглэхдээ: “Харилцан хүндэтгэж, ижил талаа нэгтгэн ялгаатай талаа нөөцлөн, харилцаа солилцоо өрнүүлэн харилцан суралцаж, хамтран ажиллаж хамтаар хожих зарчмыг баримтлах л юм бол хоёр орны харилцааны чиг хандлага замаасаа хазайхгүй, алхам ч улам тогтвортой болно” гэв. Энэ нь Хятад Германы харилцаа тогтвортой хөгжихийн чухал агуулгыг илэрхийлсэн юм.

Хятад Герман дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилд эдийн засаг худалдааны хоёр талт харилцаа нь гол тал болсоор ирэв. Статистикээс харахад Хятад улс 6 жил дараалан Германы худалдааны хамгийн том түнш болж, Герман улс 47 жил дараалан Хятад улсын Европ дахь худалдааны хамгийн том түнш байсаар иржээ. Хятад дахь Германы худалдааны нийгэмлэгийн нэгэн тайланд тэмдэглэснээр, сүүлийн зургаан жилд Хятад дахь Германы компаниудын бизнес нь өргөжин нэмэгдэж, санал асуулгад оролцсон компаниудын 70 хувь нь Хятад улсад хийх хөрөнгө оруулалтаа үргэлжлэн нэмнэ гэжээ. Олаф Шольц энэ удаа Хятадад айлчлахдаа Германы тэргүүлэгч 12 компанийн төлөөлөгчийг дагуулан айлчилсан бөгөөд тэд өргөдөл гаргасан Германы 100 гаруй компанийг төлөөлсөн юм. Эдгээр компаниуд аж үйлдвэр, химийн аж үйлдвэрлэл, эм бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн зэрэг салбарыг хамарчээ. Энэ нь Германы тал Хятад улсын зах зээл, Хятад улс дахь боломжийг маш чухалд үзэж буйг гүйцэд гэрчилж байна.

Хоёр тал цаашид ч хамтын ашиг тусыг  нэн сайтар бүтээж, шинэ эрчим хүч, хиймэл оюун ухаан, дижитал зэрэг шинэ салбар дахь хамтын ажиллагааны эрч хүчийг нэмэгдүүлэн, Хятадын талтай хамтаар ивээх үзлийг эсэргүүцэж, хоёр орны хамтын ажиллагааны үр бүтэмжийг хоёр ард түмэнд нэн сайтар хүртээл болгохыг Германы талд хүсэж байна гэж уулзалтын үеэр Ши Жиньпин дарга онцолсон юм.

Хамтран ажиллавал хоёр талдаа ашигтай, үүнийг Герман ч тов тодорхой мэдэж байгаа юм. Олаф Шольц айлчлалынхаа өмнөхөн Германы болон Америкийн хэвлэлд тус тус нийтлэл гаргаж, “Бид Хятад улстай саланги байдалд орохыг хүсэхгүй байна” хэмээн мэдэгдэв. Энэ удаагийн уулзалтын үеэр Олаф Шольц хэлсэн үгэндээ, худалдааг чөлөөтэй болгох, эдийн засгийн даяаршлыг Германы тал гуйвшгүй дэмжих бөгөөд “Саланги байдалд орох”-ыг эсэргүүцнэ, Хятадын талтай эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, хоёр орны компаниуд харилцан хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа өрнүүлэхийг дэмжинэ гэв.

Германы үйлдвэр худалдааны ерөнхий нийгэмлэгийн дарга Мартин Ванслебен үзэж байгаагаар, аль ч талаас авч хэлсэн ч Хятад улс бол Германы аж ахуйн нэгжийн салбарын хамгийн чухал зах зээлийн нэг. Хятадын зах зээл байгаагүй бол Германы эдийн засаг нэн хүндрэлтэй болно гэжээ. Германы химийн аж үйлдвэрийн тэргүүлэх компани BASF-гаар жишээлэхэд, тус компанийн нийтэлсэн 2021 оны санхүүгийн жилийн тайланд тэмдэглэснээр, Хятад улсын хэрэглэгчдэд хандсан борлуулалт нь 12 тэрбум еврод хүрчээ. Өдгөө Хятад улс BASF компанийн дэлхийн хоёр дахь том зах зээл нь болсон байна.

Саяхан хуралдсан ХКН-ын 20-р их хурлаар, Хятад улс дэлхийн энх тайван  хийгээд хөгжлийг гуйвшгүй хамгаалах явцад өөрийн хөгжлөө эрэлхийлж, түүнчлэн өөрийн хөгжлөөр дэлхийн энх тайван хийгээд хөгжлийг нэн сайтар хамгаална гэж онцолсон юм. Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор боломж болгож, Германы талтай хамтаар өнгөрсний туршлагаа эргэн харж шинэ дүгнэлт гаргаж, хоёр орны харилцааны ерөнхий чиг хандлагыг сайтар хөгжүүлэн, хамтын ашиг тусыг хамгийн их хэмжээнд хүргэж, ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулахад Хятадын тал бэлэн байна. Энэ нь хоёр орны ард түмэнд ашигтай төдийгүй Европ, түүнчлэн дэлхий дахинд ч үр өгөөжтэй юм.

Уртнасан