ХКН-ын удирдлага дор бнхау илүү их гайхамшгийг бүтээх шинэ аялалдаа гарлаа
2022-11-08 09:47:12
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын эрх баригч Хятадын Коммунист Намын /ХКН/ XX их хурал 10 дугаар сарын 16-22-нд болж, ХКН өнгөрсөн таван жилд хийсэн ажлаа дүгнэн хэлэлцэж, тус улсыг ирэх таван жилд удирдан жолоодож, Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийг хэрэгжүүлэх удирдлагаа сонгосон юм. 

XX их хурлын үеэр Ши Жиньпин ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсон бөгөөд нэгэн зууны түүхэнд ХКН-ын удирдлага дор дэлхийн хамгийн олон хүн амтай, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятад улс бүх талаараа цэцэглэн хөгжсөн орчин үеийн аугаа социалист гүрэн болж, Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлээр дамжуулан ард түмнийхээ аугаа их сэргэн мандалтыг ахиулах “Хоёрдугаар зууны зорилт”-оо хэрэгжүүлэх шинэ эриний шинэ аялалдаа ийнхүү албан ёсоор мордлоо. 

Орчин үеийн аугаа социалист гүрнийг цогцлоох зорилт ба хятадын онцлогтой шинэчлэл 

Дэлхийн хамгийн олон хүн амтай тус улс өөрийн гэсэн онцлогтой орчин үеийн шинэчлэлийн загварыг хэрэгжүүлэх замаар улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ сайн сайхан байдлыг хөхиүлэн дэмжээд  зогсохгүй, дэлхийн эдийн засаг болон энх тайванд хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна. 

ХКН нь 2020 оноос 2035 он хүртэлх хугацаанд социалист шинэчлэлийг бүрэн хэрэгжүүлж, 2035 оноос энэ зууны дунд үе хүртэлх хугацаанд чинээлэг, хүчирхэг, ардчилсан, соёлжсон, эв найрамдалтай, үзэсгэлэнтэй бөгөөд орчин үеийн аугаа социалист Хятад орныг цогцлоохыг зорьж байгаа юм.

Ши Жиньпиний тайлбарласнаар, Хятадын онцлогтой шинэчлэл гэдэг нь асар олон хүнийг хамрах бөгөөд бүх нийтийн хөгжил цэцэглэлт, материаллаг ба соёл-ёс суртахууны хөгжил, хүн ба байгаль энх тайвнаар зохицон орших, энх тайванч хөгжлийн замаар замнан хөгжих явдал юм.

ХКН-ын XX их хурлаас гаргасан тайланд дурдсанаар, одоо ХКН-ын гол үүрэг бол Хятад улсын бүх үндэстнийг зөв зохистойгоор удирдан чиглүүлэх замаар “Хоёрдугаар зууны зорилт” буюу Хятадын улсыг орчин үеийн аугаа социалист гүрэн болгох зорилтод хүрч, Хятадын онцлогтой шинэчлэлээр Хятадын ард түмний аугаа их сэргэн мандалтыг бүх талаар ахиулах явдал юм.

ХКН энэ шинэ эриний шинэ аяллын явцдаа илүү их амжилтад хүрч, илүү их гайхамшгуудыг шинээр бүтээж чадна гэдэгт итгэл төгс байна гэж Ши Жиньпин XX их хурал өндөрлөх үеэр цохон тэмдэглэсэн билээ.

Бүх талаараа цэцэглэн хөгжсөн чинээлэг дундаж давхаргыг цогцлоож чадсанаа Хятад улс 2021 онд дэлхий нийтэд зарлан тунхагласан. Энэ амжилтад хүрэх нь тус улсын, тус намын “Анхдугаар зууны зорилт” байсан юм. 

“Анхдугаар зууны зорилт”-од хүрэх явцдаа тус улс олон гайхамшгийг бүтээсэн. Тухайлбал, НҮБ-ын “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөрт тусгасан зорилтуудын нэг болох үгээгүй ядуурлыг үндсээр нь арилгах зорилтод 1.4 тэрбум хүн амтай тус улс товлосон хугацаанаасаа 10 жилийн өмнө хүрч чадсан байна.

Сүүлийн 40 жилийн хугацаанд тус улс 800 сая орчим хүнийг ядуурлаас ангижруулсан нь энэ хугацаанд дэлхийн хэмжээнд ядуурлаас ангижирсан хүмүүсийн 70 гаруй хувь гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Хятад улс дэлхийн ядуурлын эсрэг тэмцэлд оруулж буй хувь нэмрээрээ манлайлж байна.  Дэлхийн хамгийн олон хүн амтай улс дэлхийд эдийн засгийн хэмжээгээрээ хоёрдугаарт бичигдэх хүртэл хөгжиж, энэ олон хүн амаа өөрөө бие даан авч явж чадаж байгаа нь ХКН-ын гавьяа, бас гайхамшгуудын нэг.

Одоогоос хэдхэн арван жилийн өмнө хөдөө аж ахуй, газар тариаланд тулгуурласан эдийн засагтай байсан тус улс өдгөө дэлхийд хөгжлийн хурд, шинэчлэлийн явцаараа тэргүүлж байна. 2013-2021 онд дэлхийн эдийн засаг жилд дунджаар 2.6 хувиар өссөн бол Хятадын эдийн засаг жилд дунджаар 6.6 хувиар өссөн байна. Энэ хугацаанд Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтөд дангаараа 38.6 хувийн хувь нэмэр оруулсан нь 7-гийн бүлэгт хамаарах улс орнуудын оруулсан хувь нэмрийн нийлбэрээс ч давсан үзүүлэлт юм.

Мөн БНХАУ өдгөө 140 гаруй улс орон, бүс нутгийн худалдааны гол түнш болж, бараа бүтээгдэхүүний худалдааны нийт хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж, дэлхийн эдийн засгийг илүү нээлттэй болгох гол хөшүүрэг болж байна.

Түүнчлэн Хятад улс дэлхийн хамгийн өргөн хүрээг хамарсан нийгмийн халамжийн тогтолцоо, өндөр хурдны галт тэрэгний хамгийн том сүлжээ, мөн хамгийн том бөгөөд хамгийн хурдацтай хөгжиж буй чинээлэг дундаж давхаргыг бий болгоод байна.

Энэ бүх ололт амжилт нь Хятадын ард түмэнд үр өгөөжөө өгөөд зогсохгүй, дэлхий нийтэд хөгжлийн асар их боломжийг нээж өгч байна.

Одоо ХКН-ын хэрэгжүүлэхээр тэмүүлж буй Хятадын онцлогтой шинэчлэл нь тогтсон хэв маягт бус, харин үндэсний онцлогтоо нийцсэн төдийгүй, хувьсан өөрчлөгдөж буй дотоодын болон гадаадын нөхцөл байдалтай уялдаж буйгаараа олон улсын шинжээчдийн сайшаалыг хүртэж байна.

Мөн Хятадын онцлогтой шинэчлэл нь нийгэм-эдийн засгийн хөгжлийн асуудлуудтай нүүр тулж, үндэсний онцлогтоо нийцэх хөгжлийн замуудыг эрэлхийлж буй улс орнуудад урам зориг, үлгэр дууриал болж байна.

“Анхдугаар зууны зорилт”-ынхоо явцад хүн төрөлхтний түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэхүйц олон гайхамшгийг бүтээсэн БНХАУ ХКН-ын удирдлага дор “Хоёрдугаар зууны зорилт”-доо товлосон хугацаандаа хүрч, илүү олон гайхамшигт түүхийг бүтээн, дэлхийн хөгжил дэвшлийг ахиулж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд асар их хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

                                                 /Г.Солонго/