Цахим талбар бол хүн төрөлхтний хамтын орон зай юм
2022-11-11 10:46:39
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн интернет сүлжээний 2022 оны чуулган 11-р сарын 9-нд Жэжянь мужийн У Жэнь хотод нээгдлээ. Энэ удаагийн чуулган “Дэлхийн цахим сүлжээнд дижитал ирээдүйгээ хамтаар байгуулж, цахим орон зайн хувь заяаны нэгдмэл цогц байгуулъя” уриан дор болж буй. Энэ нь дэлхийн интернетийн хурлын олон улсын байгууллага албан ёсоор байгуулагдсаны дараа болж буй анхны цахим сүлжээний дэлхийн хэмжээний чуулган гэдгээрээ онцлог.

Интернэтийн дэвшил нь дэлхий ертөнцийг нэгэн гэр бүл болгож, энэхүү хөгжилд суурилсан технологийн болон аж үйлдвэрийн асар том гинжин хэлхээ үүсгэж даяаршил гэгч зүйл жинхэнэ утгаараа хэрэгжиж байна. Дэлхийн улс орнууд цахим орчинд хил хязгааргүй зэрэгцэн оршиж, зөвхөн ёс суртахуун, сонирхлын ялгарлаараа хилээ тамгалж, саяхан үлгэр домог мэт сонсогдож асан "Нэг дэлхий" гэх үг хэдийнэ биеллээ олжээ. Хүн төрөлхтөн хэдийгээр нэг гэр бүл хэмээн ярьж бичиж байсан ч өнөөгийнх шиг ийнхүү нэгэн дэлгэцэн дээр хамт амьдарч байсан түүхгүй юм. Гэхдээ цахим орон зайд ч гэсэн өдий төдий асуудал сорилтууд буй. Өдөр ирэх тутам тулгамдаж эхэлсэн энэхүү бэрхшээл хүндрэлүүдийг бүгдээрээ ярилцаж "бүлээн усаар угааж" байж сайтар зохицуулах шаардлага урган гарч байна. Улс орнуудын зиндаанаас шалтгаалан цахим хөгжлийн түвшин ч янз бүр байгаа. Үүнийг аажмаар шат дараалалтайгаар зохицуулчихаж болох асуудал. Харин өнөөгийн хамгийн ноцтой түгшүүр бол зарим орнууд цахим орон зайг бодлогын дарангуйллаа хэрэгжүүлэх талбар болгон ашиглаж, бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, технологийн шахалт үзүүлэн хууль бус үйл ажиллагаа явуулж эхлэв. Тиймээс энэ талын зохицуулалт зайлшгүй шаардлагатай болж байгаа бөгөөд үүнийг аль нэг улс орон биш, харин улс орнуудын хамтын нэгдэл санаачлагаар хийх нь тодорхой. Чухам ийм л учраас цахим сүлжээний хувь заяаны нэгдмэл цогц байгуулах уриалгыг Хятад улс гаргаж, хэрэгжүүлэхээр чармайж байгаа билээ.

Интернэт хэрэглэгчдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг улсын хувьд Хятад үүнийг хийхээс, санаачлахаас аргагүй. Сүүлийн жилүүдэд Хятад улс цахим хөгжлийг эн тэргүүний зорилтоо болгож, түүгээр ч барахгүй Хятадын IT компаниуд дэлхийн олон улс оронд цахим сүлжээний дэд бүтцийг байгуулан өгч, ялангуяа хөгжиж буй орнуудын дижитал мэдээллийн хөгжлийг дэмжин сайжруулсан юм. Хятадын аж ахуйн нэгжүүд дэлхийн таван тивийн 23 улс оронтой хоёр талын цахим худалдааны хамтын ажиллагааны механизм тогтоож, хил дамнасан ложистикийг хөгжүүлж, хөдөлгөөнт холбоог ашигласан цахим төлбөр тооцооны системийг бий болгосон билээ. Нөгөө талаар кибер аюулгүй байдлыг сахиулах, хувийн мэдээллийг хамгаалах, цахим гэмт хэрэгтэй тэмцэх асуудал маш чухлаар тавигдаж буй юм. Эдгээр тулгамдсан асуудлуудыг мөн л олон улсын хамтын ажиллагаагаар зохицуулах шаардлагатай болж байна. Өөрөөр хэлбэл цахим орон зайн хувь заяаны нэгдмэл цогц байгуулах цаг нийгмийн захиалгаар нэгэнт бий болжээ гэсэн үг.

Цахим талбар бол хүн төрөлхтний хамтын орон зай юм. Энэхүү орон зайгаа ямар янзтай байлгахыг дэлхийн улс орнууд өөрсдөө шийдэх ёстой. Ийм учраас хүн төрөлхтөн цахим орон зайд хөгжил болон аюулгүй байдлын сорилттой тулгарах бүртээ эв санаагаа нэгтгэж хамтаар дэвшилтэт арга зам эрэлхийлж, цугтаа даван туулж, эцэст нь бүгдээрээ ашиг тусыг нь хүртэх ёстой билээ. Үүнд засгийн газар, олон улсын байгууллагууд, цахим сүлжээний аж ахуйн нэгжүүд, технокаратууд, нийгэм, олон нийтийн байгууллага, иргэдийн санал санаачлагыг судалж, нийтэд хүртээмжтэй хөгжлийн загварыг сонгож, технологийн ангалыг мэдлэг, мэдээллээр, тэгэхдээ гол нь бодит мэдээллээр дүүргэх ёстой юм.