Бенжамин Нетаньяхуд шинэ засгийн газар байгуулах эрх олголоо
2022-11-12 15:57:24
Share
Share this with Close
youtube WeChat

Израилийн ерөнхийлөгч Исаак Херцог 11-ний өдөр ерөнхий сайд асан, Ликуд намын удирдагч Бенжамин Нетаньяхуд шинэ засгийн газар байгуулах эрх олгохоо мэдэгдэв.

Израилийн ерөнхийлөгчийн ордон 11-ний өдөр мэдэгдэл нийтэлж, ерөнхийлөгч Исаак Херцог парламентад суудалтай бүх намтай хэлэлцээ хийсний дараа засгийн газар байгуулах эрхийг Бенжамин Нетаньяхуд олгоно гэжээ. Бенжамин Нетаньяхугийн багийг парламентын 120 гишүүний 64 нь дэмжиж, зөвшөөрөл олгох ёслол 13-нд болох юм байна.

Израилийн хуулиар Бенжамин Нетаньяху 28 өдрийн хугацаанд сайд нарын танхимаа бүрдүүлэх хэрэгтэй бөгөөд энэ хугацаанд засгийн газрын бүрэлдэхүүнээ бүрдүүлж чадаагүй бол ерөнхийлөгчид 14 хоног сунгах хүсэлт гаргаж болно. Хэрвээ засгийн газраа товлосон хугацаанд байгуулж чадаагүй бол танхимаа бүрдүүлэх эрхээ парламентад шууд шилжүүлж, 21 хоногийн дотор 61-с доошгүй гишүүний саналыг авсан гишүүн засгийн газраа бүрдүүлэх эрх авах боломжтой болно. Хэрвээ хэн нэгэн гишүүн 61-с дээш санал аваагүй тохиолдолд парламент автоматаар тараагдаж, дахин парламентын сонгууль болно.

Израиль 11-р сарын 1-нд парламентын 25 дахь сонгууль болж, улс төрийн нийт 40 нам эвсэл 120 суудлын төлөө өрсөлджээ. Израилын Сонгуулийн төв хорооны 3-ны өдөр нийтэлсэн бүх санал хураалтын дүнгээс үзэхэд ерөнхий сайд асан Бенжамин Нетаньяхугийн бүлэг 64 суудал эзэлж, засгийн газраа бүрдүүлэх эрх авах боломжтой болжээ.