Хятадад ирж мөрөөдлөө биелүүлсэн энэтхэг бизнесмэн
2022-11-16 15:28:17
Share
Share this with Close
youtube WeChat

18 жилийн өмнө Энэтхэг улсын иргэн Дев Ратури хятад кинонд дурлаж Хятад улсад ирсэн бол одоо Хятадад өөрийн эзэмшлийн найман ч ресторантай болжээ. Тэрээр хоол хүнсний салбарын бизнесээрээ дамжуулан, Хятад Энэтхэгийн соёлын харилцаанд хувь нэмрээ оруулж, Хятадын амьдралтай хөл нийлүүлж, тус улсын хөгжлийн боломжоос нь хуваалцан амьдарч байна.

Дев Ратури: “Би уг нь Хятадад зургаан сарын хугацаатай аялж, кунг-фугийн соёлтой танилцаад л нутаг буцна гэж бодсон. Гэтэл энд суурьшаад 18 жил өнгөрч, хэдийнэ эндэхийн амьдралд идээшин дассан байна. Хүний амьдрал гэж үнэхээр төсөөлшгүй юм даа”. 

2005 онд Хятадад ирж олон хотоор аялсан Дев Ратуригийг сэтгэлийг тус улсын эрч хүч, хөгжил ийнхүү аргамжжээ. 2013 онд тэрээр энэтхэг рестораныхаа анхныхыг Ши-Ань хотод нээсэн. Эхэндээ тэр зүгээр л турших бодолтой нээсэн ресторан нь хэдхэн жилийн дараа санаанд оромгүй амжилт авчирч сүлжээ ресторан болтлоо өргөжсөн юм. 

Дев Ратури: "Эхлээд би зурагт, интернетээр янз бүрийн сурталчилгаа хийсэн... Ши-Ань тэр чигтээ интеграцичлагдсан хот болсон. Энд ирсэн хүн өөрийн хүссэн, дуртай бүх төрлийн хоол ундаа олж идэж уух бүрэн боломжтой. Орчин үеийн хүмүүсийн хоол ундны сонголт маш өргөн болсон. Тэгэхээр өмнөх шигээ нэг их зар сурталчилгаа хийгээд байх шаардлага ч үгүй. Анх нээж ажиллуулсан энэтхэг хоолны ганц ресторан маань ачааллаа даахаа больсон тул ахиад 5-ыг нэмж ажиллуулан, дээр нь би бас хятад хоолны гурван ресторан нээгээд байна".  

Хятадын бизнесийн таатай орчин өөрт нь маш их дэм болсон гэж Дев Ратури ярьж байлаа. Жишээлбэл, ресторанаа анх нээх цагаасаа л Ши-Аний бизнесийг дэмжих бодлогын үр өгөөжийг хүртэж байсан бол COVID-19 тахлын үед орон нутгийн захиргаа түүний рестораны байрны түрээс, сантехникийн төлбөр болон бусад зардлыг бууруулж, заримаас нь бүр чөлөөлжээ. 

Дев Ратури: “Энд ирж ажил үйлс эрхэлж өнгөтэй өөдтэй явахад энэ орны иргэд, олон нийт, аж ахуйн нэгжид чиглэсэн төрийн бодлого ёстой их нөлөөлсөн. Төр засгийнх нь үр өгөөжийг ёстой сайн эдэлсэн. Эргэн тойрны бүх л хүмүүс намайг дэмжиж байдаг. Тийм болохоор эрхэлсэн ажил урагшгүй байх боломжгүй. Бизнес эрхлэх хүсэлтэй бол Ши-Аньд ир. Эндээс бизнесээ эхлүүлбэл амжилтынхаа гарааны 50 хувийг шууд  биелүүлнэ гэж би гадаад найзууддаа байнга хэлдэг”.

Дев Ратуригийн бизнес эрхлэлтийн амжилт нь сүүлийн жилүүдэд Хятад улсад хэрэгжиж буй нээлттэй хөгжлийн бодлоготой холбоотой. Энэтхэг хоолонд олон төрлийн амтлагч шаардлагатай тул Дев Ратури эхний үед бүх амтлагчаа Энэтхэгээс захиалж авдаг байж. Харин одоо Хятад улс импортоо тасралтгүй нэмэгдүүлэхийн хирээр гадаадын хүнсний орц хольцууд зах зээлээр дүүрэн болж, Дев Ратури Ши-Ань хотын зах дээрээс Энэтхэгийн оргиналь амтлагчуудыг худалдан авах боломжтой болсон нь маш их зардал хэмнэжээ.  

Дев Ратури: “Энэтхэг амтлагчуудын олонх нь эндээс олддоггүй байсан үе саяхан. Харин одоо зах дээр зөвхөн каррины нунтаг л гэхэд 15 төрлийнх байж байх жишээний. Би ресторандаа ашигладаг найман төрлийн амтлагчийг эндээс авснаар нийт орцны маань 60-70 хувь нь бүрэн хангагдчихаж байна".

Сүүлийн хэдэн жил интернэтийн хурдацтай хөгжил нь хүмүүсийн амьдралын хэрэгцээг улам хялбарчилж, Дев Ратури шиг хүмүүсийн бизнесийн ашиг орлогыг ихээр нэмэгдүүлсэн байна. Жишээ нь тэрээр өөрийнхөө амьдарч суугаа Ши-Аниас шууд л бусад хот дахь ресторануудаа өөрөө удирдаж, цахимаар захиалга авч байна. Интернэтийн ачаар цар тахлын үед ч түүний рестораны борлуулалт нэг их буураагүй юм. 

Дев Ратури: “Хятадын интернэтийн хөгжил үнэхээр гайхалтай. Одоо эхнэр бид хоёр санасан болгоноо АРР-ээр шууд захиалахад хоёр хоногт л хүрээд ирдэг. Гар утсанд бараг бүх юм байна. Хаана очиж, юу идмээр байна, за тэгээд энэ тухай зөвлөгөө мэдээлэл цаг ямагт шинэчлэгдэж байдаг. Ёстой амар болсон. Энэ чинь тэр чигээрээ хөгжлийн үр шим шүү дээ”. 

Дев Ратуригийнх Ши-Аньд суурьшаад 10 гаруй жил болжээ. Тэр өөрийгөө эндэхийн “Архаг оршин суугч” гэдэг. Анх Хятадад ирж аялж байсан, Ши-Аньд бизнесээ эхлүүлснээ эргэцүүлэх бүрт тэрээр тухайн үеийн сонголтдоо сэтгэл хангалуун байдаг.

Дев Ратури: “Гадаад хүмүүс Хятад улсыг ойлгоё гэвэл Ши-Аниас эхлэх хэрэгтэй. Учир нь Ши-Ань бол торгоны замын эхлэл цэг бөгөөд уламжлалт соёл, үүх түүхийн өлгий хот юм. Тэгээд ч эндэхийн хүмүүс маш элгэмсэг. Би лав эндээс салж түвдэхгүй”. 

Дев Ратуригийн хүүхдүүд бүгд Ши-Аньд төрж өссөн. Хятад улс, тэр дундаа Ши-Ань хот бол хүүхдүүдийн маань төрсөн нутаг гэж Дев Ратури хэлж байлаа.

Дев Ратури: Нэг удаа хүүхдүүдээ аваад Энэтхэгт очиход хүүхдүүд: "Аав аа, бид эх орондоо буцаж байна" гэхээр нь "Үгүй ээ, тэр чинь миний эх орон. Харин та нарын гэр орон бол Ши-Ань” гэж би хэлсэн юм. Хүүхдүүд маань энд төрж өсөж, одоо эндэхийн сургуульд сурч, энэ нутгийн аялгаар цэвэр ярьдаг. 

Дев Ратуригийн бизнес амжилттай байгаагийн дээр түүний бага залуугийн мөрөөдөл болох кунг-фу сурах эрмэлзэл ч биеллээ олжээ. Тэрээр Хятадын 20 гаруй кино уран бүтээлд тоглосон байдаг.  

Өөрөө Энэтхэг-Хятадын солилцооны гүүр болж, хоёр ард түмний ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлж бэхжүүлэхийг хүсдэг. Тэгээд ч Хятад улсын ирээдүйн хөгжилд итгэл дүүрэн байгаагаа Дев Ратури ярьж байлаа.

Дев Ратури: "Ер нь олон салбарт Хятад улс маш сайн хөгжиж байна. Одоогийн байдлаас нь ирээдүйг тодорхой төсөөлж болно. Өмнө нь би бусад олон орноор очсон ч үргэлжлүүлээд Хятадад ажиллаж амьдрахаар шийдсэн”.