Жакарта-Бандунгийн хурдны төмөр замын туршилт амжилттай болов
2022-11-17 10:02:24
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хурдны шинэ төмөр замыг турших галт тэрэг энэ сарын 16-нд Жакарта-Бандунг чиглэлийн Тегал Луар өртөөнөөс 4-р цутгах талбай хүртэлх шугамд бүх талын шалгалт хийхэд үзүүлэлтүүд бүгд сайн гарав. Энэ нь Хятад Индонезийн хамтарсан Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр замын бүтээн байгуулалтыг дүгнэх анхны туршилт бүрэн дүүрэн амжилттай болсныг харууллаа.

Жакарта-Бандунг чиглэлийн хурдны төмөр зам нь Индонезийн төдийгүй Зүүн Өмнөд Азийн анхны хурдны төмөр зам юм. Индонезийн нийслэл Жакартаг аялал жуулчлалын алдартай хот Бандунгтай холбосон энэхүү төмөр замын нийт урт 142 км, ашиглалтын дараах дээд хурд нь 350 км/цаг. Хурдны төмөр замын бүтээн байгуулалт 2018 оны 6-р сард албан ёсоор эхэлсэн билээ. Энэ нь “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалт, Хятад Индонез хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааны бэлэг тэмдгийн чанартай төсөл, мөн түүнчлэн Хятад улсын хурдны төмөр замын салбар иж бүрэн систем, иж бүрэн эленмент, иж бүрэн үйлдвэрлэлийн гинжин хэлхээг гадаадад хэрэглэсэн нь анх удаагийнх гэдгээрээ ихээхэн онцлог юм. Бүх шугамд Хятад улсын технологи, Хятад улсын стандартыг ашиглажээ. Шинэ төмөр зам ашиглалтад орсноор, Жакарта Бандунгийн хооронд галт тэргээр 3 цаг гаруй зарцуулдаг аяллын цагийг 40 минут болгон хэмнэх ажээ.


\Уртнасан\