Дэлхийн бохирдолд шударгаар хариуцлага хүлээцгээе гэв
2022-11-19 10:58:25
Share
Share this with Close
youtube WeChat

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцид нэгдэгч талуудын 27-р бага хурал Египетийн Шарм-эль-Шейх хотод болж байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах ажлын зардал, татаасны асуудлыг албан ёсоор авч хэлэлцэхийн зэрэгцээ ур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй хөгжиж буй орнуудад өндөр хөгжилтэй орнууд хандив өгөх эсэх асуудлаар санал хураах юм байна. 

Цаг агаарын эрс тэс үзэгдэл байнга давтагдаж буй хүндхэн нөхцөлд болж буй уг хурлаас шуурхай шийдвэрүүд батлагдаж өргөн цар хүрээтэй арга хэмжээ төлөвлөх нь талуудын хувьд тулгамдсан асуудал болоод байгаа аж. “Хамтдаа хэрэгжүүлье” уриатай энэхүү хурлын ээлжит дарга орон Египет нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий Африк болон бусад хөгжиж буй орнуудад анхаарал хандуулахыг онцолсон бөгөөд уур амьсгалын асуудлаар хөгжиж буй орнуудад санхүүжилт хийнэ гэсэн амлалтаа биелүүлэхийг хөгжсөн орнуудаас шаардсан учраас “Уур амьсгалын асуудлын хэрэгжилтийн хурал” гэж нэрлэж ч болохоор байна. Хурлаар яригдаж буй сэдэв нь дээрх талуудын урт хугацааны турш анхаарал хандуулсаар ирсэн асуудал төдийгүй дэлхийн уур амьсгалын засаглалын суурь болох шударга ёсны тухай ярилцаж, цаг агаарын эрс тэс үзэгдлийг үүсгэсэн улс орон хариуцлагаа хүлээх ёстой гэдгийг ч онцолсон байна.  

Түүхэн баримтаас үзэхэд, хөгжсөн орнууд л дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг голлон үүсгэж байгаа бөгөөд өөрчлөлтийн улмаас учирсан гарз хохирлыг хөгжиж буй орнууд амсдаг жишиг бий. Энэ нь цаг уурын хүнд ноцтой шударга бус байдлыг үүсгэж байна.

1850-2020 он хүртэл чулуун түлш шатааснаар 1.69 их наяд тонн нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаруулжээ. Үүнээс АНУ-д 24.6 орчим хувь оногдож байгаа нь тус улс 417 тэрбум тонн чулуужсан түлш шатаасан гэсэн үг юм. Тэрчлэн өндөр хөгжилтэй орнууд (АНУ, Европ, Япон болон бусад улс орнууд) нь дэлхийн нийт нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтын 58.7 орчим хувийг "үйлдвэрлэсэн" байна. Тухайлбал, Пакистан улс 1850-2020 оны хооронд  ойролцоогоор зөвхөн 5.2 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулсан нь АНУ-ын нүүрстөрөгчийн давхар ислийн жилийн ялгаралтай тэнцэж байгаа аж. Гэтэл Пакистаны үүрэх ёстой хариуцлага зөвхөн 0.3 хувьтай байгаа мөртлөө уур амьсгалын өөрчлөлтөөс болсон гарз хохирлыг олон дахинаар үржүүлэн төлөлцөж байна. 1992 оны НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид хөгжсөн  орнууд хөгжиж буй орнуудад үзүүлэх санхүүгийн тусламжийн үүрэг хариуцлагыг онцолж, 2009 оны “Копенгагений гэрээ”-нд хөгжсөн орнууд хөгжиж буй орнуудын хэрэгцээ шаардлагыг хангахын тулд жил бүр 100 тэрбум ам.доллароор санхүүжүүлахыг зорилт болгон  тодорхой заасан байдаг ч хөгжсөн орнууд өнөөг хүртэл хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй юм.  

Уур амьсгалтай холбоотой алдагдал нэмэгдэхийн хэрээр цаг уурын бохирдлын салбар дахь шударга ёсны тухай дэлхий нийт анхаарч эхэлсэн юм. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг шударгаар ярихад, өнөөгийн нүүрстөрөгчийн хийн ялгаралтын орон зайн хуваарилалт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зардлыг хуваалцах, тухайн өөрчлөлтийн үр дагавраас болсон  экологийн нөхөн сэргээлт, мөн дэлхийн хэмжээнд баялгийн хуваарилалт зэрэг асуудлыг хамарч байна. Үүнийг улам нарийвчлахад, хүлэмжийн хийн ялгаварлалтын эрхийн хуваарилалт, эмзэг байдал, жич, зардлыг бууруулах асуудал дээр шударга бус байдал оршсоор байна. Энэ бүхэн нь хөгжсөн орон болон хөгжиж буй орнуудын хооронд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтын тал дээрх хуваарилалт, санхүүгийн тусламж, хохирлын эсрэг  нөхөн олговор зэрэг асуудлын талаар маргаан үүсгэх болно. Дэлхийн цаг уурын асуудлаар шударга байр суурьтай байж, хөгжиж буй орнууд, ялангуяа илүү эмзэг буурай хөгжиж буй орнуудын  уур амьсгалын өөрчлөлтийн улмаас учирсан гарз хохирлыг багасгахын тулд санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлэх замаар нүүрстөрөгч багатай шилжилт руу алхам хийхэд нь туслах, улмаар бүх улс орны уур амьсгалын аюулгүй байдлыг хангах нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх тухай сэдэв хурлын гол агуулга болж байна.   

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц хэрэгжигдээд 30 жил болж байгаа ч үндсэн зарчмууд нь үр дүнтэй хэрэгжээгүйн улмаас тогтоосон засаглалын зорилтуудыг биелүүлэхэд маш их хүндрэлтэй байгаа. Мөн өнөөг хүртэл олон улсын хамтын нийгэмлэгээс хэрэгжүүлж буй арга хэмжээ нь засаглалын зорилтод хүрэх зайнаас хол байсаар байна. 11-р сарын 3-нд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс (UNEP) нийтэлсэн 2022 оны “ялгарлын зөрүүний” тайланд, энэ зууны эцэс гэхэд дэлхийн дулаарал 2.8 ℃-аар нэмэгдэх төлөвтэй бөгөөд өнөөгийн улс орнуудын  бодлогод үндэслэн болзолгүй болон нөхцөлт байдал дор  2030 он гэхэд дэлхийн ялгаруулалтыг 5, 10 хувиар тус тус бууруулах болно гэлээ. 2019 оноос хойш улс орнууд  нүүрсхүчлийн хийг саармагжуулах зорилт дэвшүүлсэн боловч улс орнуудын амлалт нь дэлхийн дулаарлыг зөвхөн 0.5°С-аар бууруулах төлөвтэй байна. Тэгээд ч эдгээр амлалт нь маш олон хүчин зүйлээс болж хойшлогдсоор улс орнуудын сайн дурын санаачилга зорилт зогсонги байдалд орсон юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан байгалийн эрс тэс үзэгдэл улам гаарч, улс орнууд хохирол амссаар байгаа ч буурай эмзэг орнууд хөгжсөн орнуудаас илүү их гарз хохиролд учрах болно.  

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн хэлсэнчлэн, хөгжиж буй орнуудын орчиндоо дасан зохицох хэрэгцээ 2030 он гэхэд жилд 340 тэрбум долларын "өртөгтэй" болно гэлээ. Харин өнөөгийн байдлаар манай дэлхийн "баячууд" энэ мөнгөний аравны нэг хувийг ч гаргаж чадахгүй нь тодорхой аж. Харамсалтай нь эдгээр  зардлын золиос нь эцсийн эцэст хамгийн эмзэг бүлгийнхэн байх болно гэжээ. 

Далайнтуяа