Хятад улсад БНСУ, Германы хөрөнгө оруулалт нэмэгдэв
2022-11-21 16:38:11
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ оны 1-10-р сард Хятад улсад оруулсан гадаадын хөрөнгийн хэмжээ 1 триллион 89 тэрбум 860 сая юаньд хүрч, өнгөрсний мөн үеэс 14.4 хувиар нэмэгдсэний дотор БНСУ, Герман улс жин дарж байна хэмээн Хятадын Худалдааны яамнаас энэ сарын 17-нд нийтэлсэн хамгийн сүүлийн үеийн тоо баримтад дурджээ.

Германы Kärcher компаний Хятад дахь дэд ерөнхий захирал, санхүүгийн ахлах албан тушаалтан Кэ Руйлин хэлэхдээ: “Импортын экспод оролцохын тулд бид бүс нутаг дахь компаний төв байраа Шанхайгаас машинаар бараг 1 цаг явж хүрэх Жянсу мужийн Чаншу хотод байгуулахаар шуудхан шийдсэн юм. Учир нь бид Хятадын зах зээлийн маш том нөөц хүчийг олж харсан. Бид эх баялагаа нэн сайн нэгтгэж, хамтын ажиллагааны түнштэйгээ харилцаа холбоогоо эрчимжүүлж, Хятадад улам бузгайран хөгжихийг ахиулахад энэхүү арга шийдэл тус дэм болно гэдэгт итгэж байгаа” гэжээ.

Энэ бол Хятадын олон улсын импортын 5-р экспогийн үеэрх Германы Kärcher компаний Хятад дахь дэд ерөнхий захирал, санхүүгийн ахлах албан тушаалтан Кэ Руйлиний бодитой сэтгэгдэл юм.

Энэ оны эхний арван сард Хятад улсад гадаадаас оруулсан хөрөнгө оруулалт өнгөрсний мөн үеэс 14.4 хувиар нэмэгдэв. Үүний дотор БНСУ, Германаас Хятадад оруулах хөрөнгө оруулалт илт нэмэгдсэн байна. Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шу Жюетин хэлэхдээ: 

"Эх үүсвэрийн хувьд, БНСУ, Герман, Их Британи, Япон зэрэг орноос Хятадад оруулсан бодит хөрөнгө оруулалт тус тус 106.2, 95.8, 40.1 болон 36.8 хувиар нэмэгдэв” гэжээ.

11-р сарын эхээр, Германы ерөнхий сайд Шольц тус улсын олон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болох худалдааны төлөөлөгчдийг дагуулан Хятадад айлчилсан юм. Тэдгээр нь химийн үйлдвэр, машин тэрэг, эм бэлдмэл, биологийн шинжлэх ухаан технологи, банк санхүү, эрчим хүч, үйлдвэр, хүнсний бүтээгдэхүүн, биеийн тамир спортын хэрэглэл зэрэг салбарынхан байв. Шинжээчид хэлэхдээ: "Эдгээр аж ахуйн нэгж Хятадад хөлөө олоод олон жил болж байна. Тэд маш олон үйлдвэрийн баазад хөрөнгө оруулсан бөгөөд Хятадын зах зээлээс олох бодит ашиг чамлахааргүй их юм. Гадаад орчин нарийн төвөгтэй байгаа нөхцөлд эдгээр том группийн олонх нь Хятад дахь хөрөнгө оруулалтаа улам өргөтгөсөн нь тэд Хятадын зах зээлийг үргэлж өөдрөгөөр харж, Хятадтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Хятадын зах зээл цаашид илүү нээлттэй байх болов уу гэсэн найдварыг илэрхийлж байгаа юм" гэжээ.

Үүний зэрэгцээ зах зээл БНСУ-ыг бас анхаарах болсон байна. Энэ он гарснаас хойш БНСУ-аас Хятадад оруулах хөрөнгө оруулалт бусад хөгжсөн эдийн засгийн цогцоос хол илүү нэмэгджээ. БНСУ-ын хувийн эдийн засгийн хамгийн том цогцоос нийтэлсэн тайланд харуулснаар, 2021 онд БНСУ-аас Хятадад нарийн мэргэжлийн багаж хэрэгсэлүүдийг ихээр экспортолж, тус улсын ерөнхий экспортын 42.5 хувийг эзэлж байжээ. Үүнээс гадна химийн бүтээгдэхүүн, хагас дамжуулагч, шил болон нефьт химийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд их эрэлттэй байсан аж. Харин 2000 онд БНСУ-аас Хятадад зөвхөн модон материал болон савхин эдлэл юм уу гутал зэрэг бүтээгдэхүүнийг ихээр экспортолж байв.

Шинжээчид үзэхдээ: "Хятадын хэрэглээний маш том зах зээл, иж бүрэн дэд бүтэц зэрэг нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалтын шилдэг сайн орчныг хангаж, тогтвортой сайн эдийн засгийн өсөлтийн байдал, эрх тэгш харилцан ашигтай, нээлттэй гадаад бодлого зэрэг нь гадаадын бизнесмэнүүд хөрөнгө оруулан ашиг олохын баталгаа болсон байна" гэжээ. Худалдааг ахиулах нийгэмлэгийн хэвлэлийн төлөөлөгч, Хятадын олон улсын худалдааны нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Сун Шяо тэмдэглэхдээ: 

“Дотооддоо нийгмийн орчин тогтвортой, эдийн засгийн нөөц ихтэй, зах зээлийн орон зай өргөн уудам, үйлдвэрлэлийн иж бүрэн элменттэй, бодлогын талаар байнга хөнгөлөлттэй байдаг учраас дэлхийн хөрөнгө оруулалтын гол акулууд цөм Хятадад хөрөнгө оруулах дуртай байдаг” гэжээ.

Түүнчлэн Худалдааны яамаас нийтэлсэн тоо баримтад харуулснаар, 1-10-р сард Хятад улсаас гадаадад оруулсан банк санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 94.36 тэрбум ам долларт хүрч, өнгөрсний мөн үеэс 7.3 хувиар нэмэгджээ. Үүнд түрээсийн салбар болон худалдаа үйлчилгээний салбар, үйлдвэрийн салбар, бөөний болон жижиглэн борлуулалтын салбар, барилгын салбар зэргийн хөрөнгө оруулалт цөм өсөх хандлагатай болсон байна. “Бүс ба зам”-ын үндэсний санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 17.25 тэрбум ам долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар нэмэгдэн, ноднингийн ерөнхий хэмжээний 18.3 хувийг эзэлсэн байна. 


Ганаа