Гадуурхгүй голч шударга байхыг шаардав
2022-11-26 11:16:32
Share
Share this with Close
youtube WeChat

ЕХ-ны Худалдааны сайд нарын уулзалт орон нутгийн цагаар 11-р сарын 25-нд Брюссель хотноо болж, энэ оны 8-р сард Америкийн баталсан "Инфляцыг бууруулах тухай хууль"-тай холбогдуулж, цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн татаасны асуудал ЕХ маш их анхаарал хандуулж буйг Америкийн талд чухалчлан авч үзэн, Европын аж ахуйн нэгжийг гадуурхахаа болихыг шаардаж, нөхцөл байдлын дагуу хариу арга хэмжээ авах болно гэдгээ сануулжээ. 

Сүүлийн хэсэг хугацааны турш АНУ-ын "Инфляцыг бууруулах хууль"-д ЕХ дургүйцлээ илэрхийлсээр ирсэн юм. Учир нь тус хуулийн төслийн дагуу АНУ ирэх 10 жилд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цэвэр эрчим хүч болон бусад салбарыг хөгжүүлэхэд зориулж засгийн газар нь 430 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, орон нутгийн цахилгаан хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлд өндөр нөхөн олговор олгохыг зөвшөөрчээ. Харин энэ нь Европын автомашин үйлдвэрлэгчдийг ялгаварлан гадуурхаж, Европын холбогдох үйлдвэрүүдийг хохироож байна гэж ЕХ үзэн, дургүйцлээ илэрхийлсээр байна.

25-ны өдөр болсон худалдааны сайд нарын уулзалтаар ЕХ-ны гишүүн орнуудын худалдааны сайд нар АНУ-ын "ялгаварлан гадуурхах худалдааны практик" болон ЕХ-ны зүгээс хариу авч хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар ярилцсан байна. Оролцогч орнуудын худалдааны сайд нар дээрх асуудлыг аль болох хурдан шийдвэрлэх бодит арга хэмжээ авч, Европын талын санаа зовоосон асуудалд АНУ эрхбиш даруй хариу өгөх ёстой гэдэгт санал нэгдэв.

ЕХ-ны хэд хэдэн гишүүн орны худалдааны сайд нар мөн өдөр хэлэхдээ, Америк шударга өрсөлдөөний зарчмаар өөрийн ногоон эдийн засгаа хөгжүүлж, Дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг зөрчихгүй байх ёстой. 12-р сарын эхээр товлогдсон уулзалтаар ЕХ болон АНУ тохиролцоонд хүрнэ гэж найдаж байна, эс тэгвээс ЕХ холбогдох арга хэмжээг авах шаардлагатай болно гэв.

Д.Хүчитбаатар