Хятадын эко автобус ДАШТ-д үйлчилж байна
2022-11-28 18:30:50
Share
Share this with Close
youtube WeChat

Катарт хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ид өрнөсөөр байна. Нийслэл Доха хотын гудамжаар дүүрэн фанатууд суулгасан олон өнгийн автобуснууд "нисэлдэн" өнгөрнө. Харин эдгээр автобусны дийлэнх нь Хятадаас оруулсан шинэ эрчим хүчнийх гэдгийг тодотгууштай. Хятадаас оруулсан "ногоон автобус" нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тээврийн үйлчилгээг баталгаажуулж байгаа нь Хятадын үйлдвэрлэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөний нэгэн тод жишээ гэдгийг дурдах илүүц биз.

33 настай Вэй Инпэн бол Хятадын автомашины компаниас Катарт ажиллаж байгаа үйлчилгээний инженер юм. 2020 онд Хятадын энэ компанийн үйлдвэрлэсэн автобус Катарын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үйлчилгээний тээврийн хэрэгслийн төслийн тендерт амжилттай оролцож, дараа нь байнга захиалга авдаг болсон төдийгүй Катарын тал Хятадын компаниудаас 888 цэвэр цахилгаан автобус болон нийт 1500 орчим автобус импортоор оруулсан юм. Эдгээр цахилгаан хөдөлгүүрт автобуснууд нь ДАШТ-д ашиглагдаж байгаа нийт тээврийн хэрэгслийн дөрөвний нэг хувийг эзэлжээ. Эдгээр автобусыг ихэвчлэн улс орны хөгжөөн дэмжигчид, олон улсын хөл бөмбөгийн холбооны албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийнхийг тээвэрлэх, мөн метро, автобусны буудлаас ДАШТ-ий цэнгэлдэх хүрээлэн рүү очих зэрэг Доха хотын нийтийн тээврийн системийн үйлчилгээнд ашиглаж байна. 

Вэй Инпэн ажлын хамт олонтойгоо тээврийн хэрэгслийг шалгах, эд ангиудын засварлах, яаралтай тусламж үзүүлэх чиглэлээр байнгын бэлэн байдалд ажиллаж байна. Тэрээр хэлэхдээ, "Катарын цаг агаар хэт халуун учраас батерейны хувьд зохих сорилт болдог. Би өдөр бүр 888 гаруй шинэ эрчим хүчний автомашины батерейны хэрэглээнд хөшигний араас бодит хяналт тавьдаг. Мөн өдөр бүр олон бүсүүдийн тээврийн хэрэгслүүдийн агааржуулагч, гэрэлтүүлгийн систем, аюулгүйн төхөөрөмж зэрэгт бүх талын хяналт шалгалт хийж, тэмцээний үеэр тээврийн хэрэгслийн аюулгүй, хэвийн ажиллагааг баталгаажуулах үүрэг хүлээдэг" гэлээ. 

Катар улс нефть, байгалийн хийн нөөц баялаг ихтэй ч Хятадын шинэ эрчим хүчний автобусууд Катарт орж ирэхээс өмнө тус улсад үндсэндээ цахилгаан хөдөлгүүртэй автомашин байгаагүй, түлшээр явдаг машинууд монополь байсан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахдаа "Нүүрстөрөгчийн хэрэглээг нэмэгдүүлэхгүй" амлалтаа хэрэгжүүлэхийн зэрэгцээ Катарын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, олон талт хөгжлийн стратегийн бүрэлдэхүүн хэсэг болохын тулд Катар улс сүүлийн жилүүдэд шинэ эрчим хүчний аж үйлдвэрийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч, нийтийн тээвэрийн салбарын ногоон аяллыг тууштай дэмжсээр ирсэн юм. Ийнхүү шинэ эрчим хүчний автобусны салбарт тэргүүлэгч Хятад улс Катартай энэ чиглэлийн хамтын ажиллагааны таатай түнш болсон төдийгүй Хятадын компаниуд Катарт цахилгаан хөдөлгүүрт автомашины цорын ганц нийлүүлэгч болжээ. Катарын үндэсний тээврийн компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ахмед Аль-Обайдли хэлэхдээ, "Катарын Үндэсний хэтийн төлөв 2030"-ын дагуу бид автобус, суудлын машин зэргийг эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслээр солих зорилт тавин ажиллаж байна. Сүүлийн хэдэн сарын хугацаанд дизель хөдөлгүүрт зарим автобусыг цэвэр цахилгаан хөдөлгүүрт автобусаар сольсон" гэжээ. 

Катарын өндөр халуун, элсэн шуурга ихтэй байгаль орчны онцлогт зохицуулан Хятадын автомашины компаниуд "зөвхөн тэдэнд тохирсон" машины загвар боловсруулж, агааржуулагч, цахилгаан батерейны шинэ загвар хэрэгжүүлсэн нь тээврийн хэрэгслийн батарейны ашиглалтын хугацааг уртасгасан төдийгүй батерейны аюулгүй байдлыг системтэй сайжруулж чаджээ. 

Хятадын автомашины компаниуд бүтээгдэхүүнээ экспортлохоос гадна Катартай нягт хамтран ажиллаж, Катарын чөлөөт худалдааны бүсэд цахилгаан хөдөлгүүрт автобусны үйлдвэр байгуулсанаар, бүтээгдэхүүний экспортоос өндөр өртөгтэй технологийн экспорт руу шилжилт хийжээ. Хятадын аж ахуйн нэгжийн гадаад үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Пэн Шү хэлэхдээ, "Цахилгаан хөдөлгүүрт автобусны үйлдвэрийг 2023 онд ашиглалтад оруулж, Катар улсад жилд 500-1000 шинэ эрчим хүчний автобус нийлүүлэхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ, Катар улсын шинэ эрчим хүчний технологийн мэргэжилтнүүдийг сургах, нийтийн тээврийн ногоон өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд туслах зорилгоор Катарын сургууль, аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаа өрнүүлэх болно" гэв.

Энэ удаагийн ДАШТ нь Катарын шинэ эрчим хүчний салбарын хөгжилд дорвитой түлхэц өглөө. Тэмцээн өндөрлөсний дараа Хятадаас оруулж ирсэн эдгээр цэвэр цахилгаан хөдөлгүүрт автобуснууд Катарын нийтийн тээврийн чухал хэсэг болж, урт хугацааны турш орон нутгийн авто замын сүлжээнд үйлчлэх юм.

Энэ удаагийн Катарын ДАШТ нь шинэ эрчим хүчний автобусуудаар “гоёсон” анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Түүнчлэн Хятадын шинэ эрчим хүчний автобусыг анх удаагаа их хэмжээгээр ашигласан олон улсын томоохон спортын арга хэмжээ боллоо. Энэ нь Хятадын автомашины үйлдвэрлэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөний тэмдэг юм. 

Ренчинсоо