Г.Батсүх: У.Хүрэлсүхийн Хятадад хийж буй айлчлалын үр дүнд хоёр орны худалдаа нэмэгдэх хүлээлттэй байна
2022-11-29 09:15:39
Share
Share this with Close
youtube WeChat


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар урд хөршид айлчилж байна. Ерөнхийлөгчийн айлчлалыг тохиолдуулан “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайд асан Г.Батсүх Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн даргын хувиар хоёр орны хамтын ажиллагааны талаарх байр сууриа илэрхийлсэн байна.  

-CGTN: У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар БНХАУ-д анх удаа айлчилж байна. Түүний айлчлал Монголын ард түмний дунд ярианы халуун сэдэв болж байна. Та Ерөнхийлөгчийн айлчлалаас ямар үр дүн хүлээж байна вэ. Мөн хоёр орны хамтын ажиллагааны хэтийн хөгжлийн талаар та ямар хүлээлттэй байна вэ?

-Г.Батсүх: Би хувьдаа айлчлалын үр дүнд хоёр орны худалдаа нэмэгдэх хүлээлттэй байна. Одоогоор Монгол-Хятадын худалдааны эргэлт 10 тэрбум ам.долларт хүрээд байгаа. Энэ нь таван жилийн өмнө хоёр орны Засгийн газрын тавьсан зорилтод хүрсэн тоо. Ирэх таван жилийн хугацаанд энэ тоог хоёр дахин нэмэгдүүлж чадвал үнэхээр сайн үр дүн байх болно. Монгол Улсын хувьд ашигт малтмал, металь, мал аж ахуйн бүтээгдэхүүнээ Хятад руу илүү экспортлох боломжтой.

Мөн миний хувьд энэ айлчлалаар хоёр орны хооронд ногоон хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлд дэвшил гарах болов уу гэж хүлээж байна. Хоёр улс нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах чиглэлд үр ашигтай хамтран ажиллах боломжтой. БНХАУ нь НҮБ-аар хүлээн зөвшөөрөгдсөн цөлжилттэй тэмцэх асар их туршлагатай. Харин Монгол Улсад энэ төрлийн туршлага, технологи маш их хэрэгтэй байгаа.

-БНХАУ-ын Гадаад хэргийн яам Монгол Улстай хийх харилцаа, хамтын ажиллалааг шинэ шатанд гаргаж, найрсаг хөршийн харилцааны үлгэр жишээг харуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. “Үлгэр жишээ хөршийн харилцаа” гэх агуулгыг та хэрхэн дүгнэх вэ?

-Энэ бол Хятадын тал хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн чухал байр суурь. Хятад улс арваад жилийн өмнө хөршийн бодлогоо “найрсаг хөрш, энх тайванч хөрш, чинээлэг хөрш” гэж тодорхойлж байсан. Харин өнөөдөр Бээжин хөрш улсуудтайгаа хийх харилцаанд илүү нарийн, алсын хараатай стратеги баримтлах болсон. Монгол Улс Хятадын технологи, шинжлэх ухаан, соёл, эдийн засаг, худалдаа болон бусад салбараар дамжуулан энэхүү стратегийн үр шимийг хүртэхийн төлөө ажиллана гэж бодож байна.