Хятад улс ковидын дэглэмээ сулруулсан тухай тайлбар өглөө
2022-12-27 15:05:47
Share
Share this with Close
youtube WeChat

Омикрон вирусийн эмгэг төрүүлэгч чанар суларч, олон хүн вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж, урьдчилан сэргийлж хянах туршлага нэмэгдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Хятад улс халдвартай тэмцэх шинэ зорилт тавих шаардлага гарсан юм.   

Тэгвэл 12-р сарын 26-нд Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооноос мэдэгдэл гаргаж, “2023 оны нэгдүгээр сарын 8-наас КОВИД-19-ийг халдварт өвчний зэрэглэлийн А-аас Б рүү шилжүүлж, халдвараас урьдчилан сэргийлж хянах бодлогодоо зохицуулалт хийхээ зарлажээ. Тухайлбал: 

Хил боомтыг нээх тухайд: Хятадад ирэх хүмүүс 48 цагийн доторх ПСР-ын шинжилгээний сөрөг дүнтэй байх хэрэгтэй. Хилээр нэвтэрсэн хүмүүсийг бүгдийг нь төвлөрсөн цэгт  тусгаарлахаа цуцалж, эрүүл мэндийн мэдүүлэг болон гаалийн хорио цээрийн шалгалтын дүн хэвийн хүмүүсийг нийгэмд шууд нэвтрүүлнэ. Түүнчлэн олон улсын зорчигч тээврийн нислэгийн тоо зэрэгт тавьж байсан хязгаарлалтыг цуцална. Агаарын тээврийн компаниуд нисэх онгоцны үйлчилгээнд тавигдах цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ажлаа сайтар хийхийн зэрэгцээ зорчигчид онгоцонд явахдаа амны хаалт зүүхийг шаардана. Аж үйлдвэрлэлийг сэргээх, бизнес хийх, оюутан сургуульдаа буцах, хамаатан саднаа эргэх, гэр бүлээрээ уулзаж цуглах зэрэг шалтгаанаар Хятадад ирэх гадаадын иргэдэд виз олгохоо хялбар дөхөм болгож, хөлөг онгоц болон авто, төмөр замын боомтоор нэвтрэх зорчигч тээвэрлэлт, Хятадын иргэдийн хилийн чанадад жуулчлахыг шат дараалалтайгаар сэргээнэ. 

Хятадын Төрийн зөвлөлийн Цар тахлаас урьдчилан сэргийлж хянах нэгдсэн механизмын мэргэжилтэн, Эрүүл мэндийн үндэсний хорооны КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэх ажлын хэсгийн ахлагч Лян Ваньнянь олон нийтийн анхаарал хандуулж буй асуудалд хариу өгчээ. 

КОВИД-19-ийг А ангиллын халдварт өвчнөөс Б ангилалд оруулсан үндэслэлийн талаар Лян Ваньнянь хэлэхдээ, “Холбогдох хуулийн дагуу эмгэг төрүүлэгч, өвчний мөн чанар, хоруу чанарын талаарх ойлголт болон хүмүүсийн дархлаа, эрүүл мэндийн тогтолцооны даац, мөн цар тахлын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, гадаад дотоодын туршлага зэрэг олон хүчин зүйлийг ерөнхийд нь харгалзан байж уг шийдвэрийг гаргасан юм. Халдварт өвчний хүний эрүүл мэнд, амь насанд заналхийлэх хор хөнөөл, эдийн засаг нийгэмд үзүүлэх сөрөг үр дагавар нь буурсан учраас бодлогоо сулруулж, тохиромжтой зохицуулалт хийж байна” гэжээ. 

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж хянах бодлого суларснаар богино хугацаанд өргөн цар хүрээтэй халдвар тархах эрсдэлтэй юү? Ирээдүйн сэргийлэлт хамгаалалтын ажлын гол тал нь юу вэ?

Лян Ваньнянь хэлэхдээ, “Б ангиллын халдварт өвчний хяналт удирдлагын журмын дагуу халдварын эх үүсвэр болон ойрын хавьтлыг хатуу тусгаарлалтад оруулахгүй. Иймээс КОВИД-ын халдвар нэмэгдэж, эм бэлдмэл хүрэлцэхгүй, эмчилгээний нөөц боломж дутагдах зэрэгт хүмүүс санаа зовж байна. Тиймд бид тусгай бодлого хэрэгжүүлнэ. Тухайлбал: Нэгд, вакцинжуулалтыг нэмэгдүүлнэ. Ялангуяа ахмад настнууд болон суурь өвчтэй хүмүүсийг вакцинжуулалтад идэвхтэй хамруулна. Хоёрт, эм бэлдмэлийн хангалтыг баталгаажуулна. Гуравт, цахимаар эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө өгөх, эмийг зөв хэрэглэх мэдлэг түгээх зэрэг арга замаар өвчний шинж тэмдэггүй юм уу эсвэл шинж тэмдэг нь хөнгөн өвчтөнүүд гэртээ тусгаарлан сувилахыг урамшуулна. Дөрөвт, эмчилгээний нөөцийг тохиромжтой ашиглаж, хэвийн эмчилгээний үйлчилгээг аль болох баталгаажуулна. Тавд, эрсдэлийг шуурхай хянаж, нийгэм нийтэд эрүүл мэндийн зөвлөгөө өгч, бүх нийтээрээ цар тахлыг даван туулах сурталчилгаа хийнэ. Зургаад, эмч сувилагчдыг халамжилж, нийгэм эдийн засгийн хэвийн байдлыг хадгалахаар бүх хүчээ дайчилна. Долоод, вирусийн хувилбар, эмчилгээний нөөцийн байдлыг цаг алгасалгүй хянаж, аль болох тохиромжтой ашиглах зэрэг болно” гэжээ. 

“Хойшид төрийн байгууллага, эрүүл мэндийн байгууллагууд холбогдох хууль дүрэм, шаардлагын дагуу урьдчилан сэргийлж хянах, аварч эмчлэх ажлыг сайтар зохицуулахын зэрэгцээ иргэд хувийн хамгаалалтдаа илүү анхаарч, нааш цааш зорчихоо аль болох багасган, олноор цуглахгүй байж, богино хугацаанд түргэн үүсэх эмчилгээний ачааллыг нэмэгдүүлэхээс зайлсхийхийг уриалж байна” хэмээн Лян Ваньнянь хэллээ. 

Бодлогын зохицуулалт хийсний дараа сэтгэл санаагаа хэвийн байлгахад мөн анхаарах шаардлагатайг мэргэжилтэн онцолж байв. Ялангуяа вирусийн мутаци, эмнэлгийн нөөцийн ашиглалтын хяналтад онцгой анхаарч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хангах, хүнд өвчлөл болон нас баралтыг бууруулах чиглэлээр сайн ажиллах шаардлагатайг анхааруулжээ.