Японы гадаад хэргийн сайдтай утсаар ярьжээ
2023-02-03 10:14:55
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны сайд Чинь Ган энэ сарын 2-нд Японы Гадаад харилцааны сайд  Ё.Хаяшитай утсаар ярьжээ.  

Чинь Ган хэлэхдээ, "Хятад Япон хоёр улс уул усаараа залгалдсан сайн хөршүүд. Энх тайвнаар зэрэгцэн орших, найрсгаар хамтран ажиллах нь хоёр орны цорын ганц зөв сонголт юм. Хоёр тал баримт, түүхийг түшиглэж, саад бэрхшээлийг арилган, чиглэлээ тодорхойлж, шинэ цаг эриний шаардлагад нийцсэн Хятад Японы харилцааг хамтдаа байгуулах ёстой. Энэ онд Хятад Японы энх тайван, найрамдлын гэрээнд гарын үсэг зурсны 45 жилийн ой тохиож байна. Японы талтай хамтдаа сайн эхлэлийг тавьж, олон салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Японы харилцааг зөв замаар сайжруулан хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна. Япон улс  Хятадын талаарх ойлголтоо бодитой, оновчтой болгож, түүхэн нөхцөл хийгээд Тайванийн асуудал зэрэг томоохон хэлцлээрх амлалтаа биелүүлж, үг, үйлдэлдээ болгоомжтой хандах ёстой. Мөн цэргийн аюулгүй байдлын салбарт ухаалаг ажиллаж, Дяо Юйдао арлын асуудлаарх баруун жигүүрийн хүчний өдөөн хатгалгыг зогсоон хориглох ёстой. Үүний зэрэгцээ Японы тал зах зээлийн зарчим, эрх чөлөө, нээлттэй байдлын үзэл баримтлалын дагуу Хятад улстай эдийн засаг, худалдаа, технологийн хамтын ажиллагаа явуулж, ил тод, шинжлэх ухаанч, аюулгүйгээр цөмийн бохир усны асуудлаа шийдэх ёстой" гэжээ. 

Ё.Хаяши хэлэхдээ, "Япон, Хятадын хөгжил дэвшил бие биетэйгээ уялдаатай бөгөөд хоёр орны харилцаа хамтын ажиллагааны өргөн орон зай, хөгжлийн асар их нөөц боломжтой юм. Бид Хятадын талтай хамтдаа Хятад Японы энх тайван, найрамдлын гэрээнд гарын үсэг зурсны 45 жилийн ойгоор гараа болгон, уг гэрээний үзэл баримтлалыг эргэн санаж,  хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, бүх түвшний яриа хэлцэл, харилцаа холбоо болон хоёр орны иргэд хоорондын  солилцоог бэхжүүлэх, ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулах, Япон, Хятадын бүтээлч, тогтвортой харилцааг бий болгоход бэлэн байна. Мөн олон улсын хамтын нийгэмлэгт оруулсан Хятад улсын хувь нэмрийг Японы тал сайшааж байгаа бөгөөд олон салбарт Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.