Хятадын ГХЯ-ны 17-нд хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хурлаар хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь гадаад дотоодын сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулж, Хятадын төр засгийн байр суурийг тодорхойллоо.
Хариуцлагат байр сууриар цөмийн бохир усаа зохицуулахыг Японд шаардав
Япон цөмийн бохир усаа далайд цутгах гэж байгаад холбогдуулж Ван Вэньбинь хэлэхдээ, маш нягт ашиг сонирхлын харилцаа холбоотой хөрш орнууд болон олон улсын холбогдох байгууллагатай гүйцэд зөвшилцөж тохиролцоогүй тохиолдолд Япон цөмийн бохир усаа дур мэдэн далайд цутгаж болохгүй. Энэхүү том чухал асуудалд түлхүү анхаарал хандуулж, хариуцлагатай байр сууриар цөмийн бохир усаа зохицууулахыг Японд шаардахыг Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалж байна гэжээ.
Тэрээр онцлохдоо, олон улсын хамтын нийгэмлэгийн дуу хоолойг сайтар сонсож, үүрэг хариуцлагаа хянуур биелүүлэн, хөрш орнуудтайгаа сайтар гүйцэд зөвшилцөж, шинжлэх ухааны дагуу цөмийн бохир усаа ил тод, аюулгүй зохицуулж, тэнгис далайн экологи, улс орнуудын ард түмний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын эрх ашгийг үнэнхүү хамгаалахыг Хятад улс Японд дахин шаардаж байна гэжээ.
Хятад улсын орчин үеийн хөгжил хүний эрхэнд ээлтэй хөгжил болно
Саяхан Швейцарын Женев хотноо НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо Хятад улс “Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын конвенц”-ыг хэрэгжүүлж буй тухай хянан хэлэлцжээ. Энэ тухай сэтгүүлчийн холбогдох асуултад Ван Вэньбинь хариулахдаа, хоёрдугаар сарын 15, 16-ны өдөр Швейцарын Женев хотноо болсон "Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын конвенц"-ын гурав дахь удаагийн хянан хэлэлцүүлэгт Хятадын төлөөлөгчид оролцохдоо Хятадын засгийн газрын дэвшүүлсэн 3-р улирлын тайлан болон конвенцын хэрэгжилтийн талаар танилцуулсан юм. Түүнчлэн Хятад улс хүний эрхийн хөгжлийн замыг гуйвшгүй мөрдөж, Хятадын хүний эрхийн үйлсийг түүхт чанартай улам том ололт амжилтад хүргэснээр ард түмний эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хамгаалах төвшин шинэ шатанд гарсныг мэдэгдсэн гэжээ.
Элизабет Трасс үг яриагаа хичээхийг анхааруулав
Их Британийн экс ерөнхий сайд Элизабет Трасс өнөөдөр Японд Хятад улстай холбогдсон агуулга бүхий илтгэл тавьжээ. Үүнд холбогдуулж Ван Вэньбинь хэлэхдээ,
Хар цагааныг хутгаж, үнэн худлыг холихыг бид эсэргүүцсээр ирсэн. Хятадын 93 хувиас дээш тооны иргэд засгийн газартаа бүрэн итгэл хүлээлгэж байгааг олон улсын иргэдийн санал асуулгад тусгагдсаныг Их Британийн зарим улс төрч ойлгож анхаарахыг бид сануулж байна. Хятад улс бол дэлхийн энх тайвныг бүтээн байгуулагч, дэлхийн хөгжилд үүрэг гүйцэтгэгч, олон улсын дэглэмийг хамгаалагч байсаар ирсэн, байсаар л байх болно. Хятад улсын хөгжил даян дэлхийн хувьд боломж байж, Хятад улс хөгжих тусам дэлхийн энх тайван, тогтвортой байдал, нийтлэг хөгжилд улам их үүрэг гүйцэтгэнэ. Харин үүнийг зарим орны улс төрч зориуд мушгин харлуулж байна. Тайваний асуудал бол тэр чигээрээ Хятадын дотоод асуудал болохоор хэн ч хошуу хоншоор дүрэх эрхгүй гэжээ.
Америк зэвсгийн хүчээ урвуулан ашиглаж, хэт хариу тусгал үзүүлэх ёсгүй
16-нд АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга сэтгүүлчдэд хандан, Хятад улс Америкийн цэргийн аж үйлдвэрийн компаниудын эсрэг хориг арга хэмжээ авна гэж мэдэгдэж байгаа нь “агаарын бөмбөлгийн хэрэг”-ээс хүмүүсийн анхаарлыг шилжүүлэх зорилготой гэсэн байна. Энэ тухай Хятад улс ямар байр суурьтай байгаа бий гэсэн сэтгүүлчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хариулахдаа, Америкийн тал биднийг “хүмүүсийн анхаарлыг шилжүүлж байна” гэж хэлэх юм. Тэгвэл яагаад 18000 метрийн өндөрт нисэж буй агаарын бөмбөлгийг олж хараад Охайо муж улсын агаарт бий болсон винил хлоридын "хорт мөөгний үүл"-ийг харахгүй байгаа вэ? Мөн “Хойд урсгал” байгалийн хийн хоолойн дэлбэрэлт үүссэн тэр даруйд мөрдөн байцаалт явуулна гэж албан ёсоор зарласан ч Америкийн сэтгүүлчдийн сүүлийн үеийн эрэн сурвалжлах тайлан гаргасны дараа яагаад чимээгүй болов? Иймд Америкийн тал зэвсгийн хүчээ урвуулан ашиглаж, хэт хариу тусгал гаргах ёсгүй. Тэрчлэн энэхүү хэргийг ашиглан улс төрийн явуулга хийж, Хятад улсыг гүтгэх ч хэрэг алга гэжээ.
Ойрх Дорнодын энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа ахиулна
Ираны ерөнхийлөгч Ибрахим Раис Хятадад албан ёсны айлчлал хийсэнд холбогдуулан хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, Ираны ерөнхийлөгч Ибрахим Раис Хятадад айлчлах үеэр хоёр орны төрийн тэргүүн нар уулзалт хийж, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрсэн. Хоёр тал язгуур ашиг сонирхолтой холбоотой асуудлаар харилцан тууштай дэмжиж, ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн. Мөн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмын дагуу Ойрх Дорнодын энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа ахиулж, олон улсын шударга ёсыг хамгаалахад бэлэн гэдгээ илэрхийлсэн гэжээ.