Хөгжлийн эрхийн чухлыг дахин нотолжээ
2023-03-02 09:55:11
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл "Хөгжлийн эрхийн тухай тунхаглал" баталсны 35 жилийн ойг тохиолдуулан 2 дугаар сарын 28, 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд дээд түвшний уулзалт зохиолоо. Эдүгээгээс 35 жилийн өмнө, 1986 оны арван хоёрдугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей “Хөгжлийн эрхийн тухай тунхаглал”-ыг баталсан байдаг юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед уулзалтын үеэр, "Уг тунхаглалд хүн болгон хөгжлийг дэмжигч, эцсийн үр шимийг хүртэгч болохыг онцлоод, хүн бүр оролцож байж л тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлнэ. Харамсалтай нь, хөгжлийн эрх хүний эрх гэдэг утгаар өргөн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөхгүй байсаар байна"  гэжээ.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Волкер Турк хэлсэн үгэндээ, "2030 он хүртэлх мөрийн хөтөлбөрт тусгагдсан 15 жилийн хугацааны хагас  нь өнгөрсөн ч тогтвортой хөгжлийн энэхүү зорилтыг хэрэгжүүлэх үйл явц ноцтой доголдсон хэвээр байна. Энэ оны есдүгээр сард зохиогдох “Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний уулзалт” нь хөгжлийн эрхийн хэрэгжилт, тогтвортой хөгжлийн зорилтуудын биелэлтийг хангахад чухал түлхэц болно гэж найдаж байна" гэв.

Хөгжлийн эрх болон хүн төрөлхтний хөгжил хоёр салшгүй холбоотой бөгөөд хөрөнгийн шинэ эх үүсвэрийг нээх нь хөгжлийн эрхээ хэрэгжүүлэх гол түлхүүр болно гэдгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирал Ахим Штайнер хэлсэн үгэндээ онцоллоо.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Ребека Гринспан Майуфис хэлэхдээ, "Хөгжлийн эрх нь зөвхөн онолын ойлголт төдийгүй хүн төрөлхтний түгээмэл үнэнийг хүлээн зөвшөөрөх явдал бөгөөд мөнхүү "үйл ажиллагааны уриалга" юм. Хүн бүр ядуурал, өлсгөлөн, өвчин эмгэг, дарамт шахалтаас ангид нэр төртэй амьдрах орчныг бүрдүүлэх нь хөгжлийн эрхийг хэрэгжүүлэхийн зангилгаа зүйл" гэжээ.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус уулзалтын үеэр хэлэхдээ, "Тунхаглалд хөгжлийн эрх, ялангуяа эрүүл байх эрхийг хэрэгжүүлэхэд ард түмний оролцоо нэн чухал болохыг тодорхой заасан байна. Хөгжих эрхээ хэрэгжүүлэхийн тулд улс орнууд өөр хоорондоо хамтран ажиллах үүрэгтэй" гэжээ.

2022 оны гуравдугаар сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2023 оны 52 дугаар чуулганы үеэр “Хөгжлийн эрхийн тухай тунхаглал” батлагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан өндөр түвшний уулзалт зохион байгуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Д.Хүчитбаатар