Яг хэний эрхийг хамгаалаад байна?
2023-03-16 18:38:15
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн холбооны мөрдөх товчоо саяхан гаргасан мэдээллээр, 2020 онд Америкт үзэн ядалтын гэмт хэргийн тоо 8,120 байсан бол 2021 онд 9,065 болж, хохирогчдын тоо 12,411-д хүрч, өмнөх оныхоос 11.6%-иар нэмэгдсэн байна. Үүнд 64.5 хувь нь арьсны өнгө, гарал угсааны үзэн ядалтаас болж гэмт хэргийн хохирогч болсон байна. 

Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 3 дугаар сарын 16-нд хэлэхдээ, эдгээр тоо үнэхээр хүмүүсийг цочирдуулж байна. Үзэн ядалтын гэмт хэрэг ирэх тусмаа газар авч байгаа нь Америкт үндэс угсаа, арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхах системийн чанартай хүний эрхийн асуудал оршиж байгаагийн зөвхөн нэг хэсэг юм. Үнэн хэрэгтээ “хүн болгон эрх тэгш” хэмээн сурталчилдаг Америкт зөвхөн цагаан арьстан төвтэй үзэл даамжраад удаж байна. Индианчууд АНУ-д дундаж наслалт хамгийн бага, ядуурлын түвшин хамгийн өндөр үндэстэн болсон. Африк гаралтай америкчууд эд баялаг, эрүүл мэнд, боловсрол, шударга ёс зэргээрээ цагаан арьстнуудаас хол хоцорч байна. АНУ-д 2021 онд Азиудын эсрэг үйлдэгдсэн үзэн ядалтын гэмт хэрэг 2020 онтой харьцуулахад 339%-иар нэмэгдсэн бөгөөд өөрт нь чиглэсэн хүчирхийлэл нэмэгдсээр байна гэж Ази гаралтай америкчуудын 63% нь үзэж байна. Түүнчлэн АНУ-ын хүн амын 19 хувийг эзэлдэг испаничууд нийт баялгийн хоёрхон хувийг эзэмшдэг бөгөөд Америкийн нийгэмд лалын шашинтнуудыг ялгаварлан гадуурхах явдал их байгааг тус орны насанд хүрсэн лалын шашинтнуудын 75% нь хэлж байна. 

АНУ-ын засгийн газар хүн болгоны эрхийг дээдэлнэ гэж удаа дараа мэдэгдсэн. Тэгвэл энэ "хүн болгон" гэх багцад цагдаад өвдөглүүлж амиа алдсан Флойд яагаад байхгүй байна?  АНУ-д үзэн ядалтын гэмт хэргийн хохирогчдын хүний эрхийг хэн яаж хамгаалж байна? Энэ онд бууны хүчирхийллийн улмаас амиа алдсан 2337 америк хүн энэ багцад хамрагдаагүй юм үү?

Америк дотоодынхоо хүний эрхийн асуудлыг дурангаар харж, харин бусад улс орны хүний эрхийг томруулдаг шилээр харж, хүний эрхийн асуудлаар давхар стандарт тоглож байна. Хүний эрхийн асуудал гэж нэг их хол зүйл биш, харин ч бидний өдөр тутмын амьдралтай маш ойрхон байдгийг  АНУ-ын талд сануулж байна. АНУ-ын засгийн газар “Хүний эрхийн номлогч”-ийн дүр эсгэхийн оронд өөрийн орныхоо арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, үзэн ядалтын гэмт хэрэг, галт зэвсгийн хүчирхийлэл, хар тамхины гэмт хэрэг зэрэг улам бүр ноцтой болж буй хүний эрхийн асуудлуудад илүү анхаарч ажилласан нь дээр байх гэжээ.