Хятад Вьетнам хоёр орон өнгөрсөн оны эцсээр стратегийн чанартай Хятад Вьетнамын хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулж, хоёр нам, хоёр орны харилцааны шинэ хуудсыг нээж буйгаа мэдэгдэж байсан бол өдгөө уламжлалт найрамдлаа хэрхэн шинэ эрч хүчээр сэлбэж байгаа вэ? 8 дугаар сарын 18-аас 20-ны өдөр ВКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНСВУ-ын дарга То Лам БНХАУ-д төрийн айлчлал хийх үеэр хоёр талаараа энэхүү асуултад хариулт өгсөн юм.
Энэ бол То Лам энэ сарын эхээр ВКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоны дараа гадаадад хийсэн анхны айлчлал болохоор Хятад Вьетнамын харилцааны түвшин, стратегийн чанарыг гүйцэд харуулж байна. 19-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин То Ламтай хэлэлцээ хийхдээ, Вьетнам улсыг хөрш орнуудын дипломат бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгож, стратегийн ач холбогдол бүхий Хятад Вьетнамын хувь заяаны хамтын нийгэмлэгийн байгуулалтаа үргэлжлүүлэн эрчимжүүлж, Улс төрийн харилцан итгэлцэл, аюулгүйн салбарын хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн, иргэдийн ойлголцол найрамдлыг улам бэхжүүлж, олон талт зохицуулалтаа улам нягтруулан, санал зөрөлдөөнөө улам сайн хянаж зохицуулах болно гэдгээ мэдэгдсэн бол Хятад улсыг дипломат бодлогынхоо стратегийн чанартай сонголт, тэргүүлэх чиглэл болгож, Хятад улстай тогтоосон стратегийн иж бүрэн хамтын ажиллагааны түншийн харилцаагаа улам гүнзгийрүүлж, улмаар стратегийн ач холбогдол бүхий Вьетнам Хятадын хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг урагшлуулах болно хэмээн То Лам онцолжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, хоёр талын энэхүү байр суурь нь Хятад Вьетнамын өвөрмөц онцгой найрамдлыг харуулаад зогсохгүй, мөн өөр өөрсдийн орны хөгжлийн гол зангилгаа үе шатанд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх хүсэл эрмэлзэл, шийдвэр зоригийг илэрхийлсэн тул хоёр нам, хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон болно.
Өдгөө Хятад улс орчин үеийн шинэчлэлээ хүч тавин ахиулж, социалист орчин үеийн хүчирхэг орныг бүх талаар бүтээн байгуулах хоёр дахь зуун жилийн тэмцлийн зорилтынхоо төлөө ажиллаж эхлээд байна. Тэгвэл Вьетнамын хувьд тус орны КН болон БНСВУ байгуулагдсаны 100 жилийн ойд чиглэсэн хос зуун жилийн тэмцлийн зорилтыг боловсруулж, социалист орчин үеийн улс орны бүтээн байгуулалтаа ахиулж байгаа юм. Ийм нөхцөлд хоёр орон хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулах нь чухам цагаа олсон, иргэд түмний сэтгэлд хүрсэн том чухал стратеги гэж болно.
Улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлэх бол Хятад Вьетнамын хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулахын ул үндэс нь юм. Хоёр орон бүгд КН-аар удирдуулсан социалист орон болохоор улс төрийн тогтолцоо, үзэл баримтлал, хөгжлийн зам нь бүгд ижилхэн байдаг.
Эдийн засгийн хувьд хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд маш идэвхтэй явгадаж, аж үйлдвэрийн харилцан нөхөх давуу талаа бадруулж, ажил хэрэгч хамтын ажиллагаа асар том нөөцтэй болохоо гэрчилсэн юм. Хятад улс олон жил дараалан Вьетнамын худалдааны хамгийн том түнш болсон бол Вьетнам нь АСЕАН-ы орнууд дотроос Хятадын хамгийн том худалдааны түнш, мөн олон улс дахь Хятадын худалдааны дөрөв дэх том түнш юм. Энэ оны эхний хагасын байдлаар Хятад Вьетнамын хоёр талт худалдааны хэмжээ мөн үеийнхээс 20.6%-р өссөн байна.
Улс орны харилцааны ул үндэс бол иргэдийн ойлголцол, найрамдалд байдаг. Сүүлийн жилүүдэд Хятад Вьетнамын хүмүүнлэг соёлын харилцаа идэвхжиж, Вьетнамын иргэд түмэн Хятад кино их сонирхон үзэж байгаа бол Вьетнамын олон хит дуунууд Хятадын сошиалд халуурсаар байна. Хоёр орон хооронд агаарын тээврийн олон шууд нислэг үйлдэгдэж байгаагийн дээр виз олголтыг хөнгөвчлөх бодлого харилцан хэрэгжүүлсний ачаар зөвхөн энэ оны 5 дугаар сард л гэхэд давхацсан тоогоор 357 мянган хятад иргэн Вьетнамд аялжээ. Түүнчлэн ирэх жил хоёр орон дипломат харилцаа тогтоосны 75 жилийн түүхт ой тохиож, "Хятад Вьетнамын хүмүүнлэг соёлын солилцооны жил"-ийг хамтран зохион байгуулж, хоёр ард түмнийг улам ойртуулах болно.
Ямартай ч Хятад Вьетнам эв найрамдлаа бататган, хамтран ажиллах нь хоёр орон төдийгүй, бүс нутаг, тэрчлэн дэлхийн энх тайван, хөгжилд чухал хувь нэмэр оруулах болно.