Өнгөрсөн хоёр хоногт, Хятадын Юньнань мужийн Шишуанбаньнагийн Азийн зааны сүрэг дахин нүүдлээ эхлүүллээ. Орон нутгийн цагдаа, ажилтнуудын хамгаалалт дор 42 заан зам дагуу алгуурхан алхаж хамгаалалтын бүсэндээ эсэн мэнд хүрч иржээ. Энэ нь гурван жилийн өмнө Азийн 15 заан мөн л эндээс хөдөлж, дөрвөн сар аялсны эцэст хүмүүсийн тусламжтайгаар буцаж ирснийг санагдуулж байна. Зааны сүргийн аюулгүй буцаж ирсэн үйл явдал дэлхийн интернет хэрэглэгчдийн анхаарлыг ихээхэн татаж байна.
Зааны сүрэг“нүүдэл”хийх явцдаа иргэдийн ургацыг идвэл яах ёстой вэ? "Асуудал" үүсгэдэг амьтдыг мөн даатгалд хамруулдаг. Энэ нь Юньнань мужийн зэрлэг амьтдын олон нийтийн хариуцлагын даатгалын тогтолцоо юм. 2023 онд энэ тогтолцоог “Нэн ховордсон зэрлэг амьтан, ургамлын төрөл зүйлийн олон улсын худалдааны тухай конвенц”-ийн Нарийн бичгийн дарга нарын газраас үлгэр жишээ болгон хэрэгжүүлсэн юм. Шишуанбаньнагийн Дай үндэстний өөртөө засах жөүгийн Азийн заан хамгаалах төвийн дэд захирал Шюн Чаоюнь хэлэхдээ, олон талын хүчин чармайлтын үр дүнд, нутгийн иргэд болон заанууд хоорондоо маш эв найртай харьцаж, хүмүүс ч зааныг аяндаа хамгаалах болсон гэжээ.
Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань муж нь дэлхийн биологийн олон янз байдлын төрөл зүйл хамгийн олонтой бүс нутгийн нэг юм. Тухайлбал, тус бүс нутагт Азидаа хамгийн том зэрлэг амьтдын үр хөврөлийн нөөцийн агуулахыг байгуулж, үр хөврөлийн нөөцийг хадгалах, дэлхийн хэмжээнд судалгаа хийх чиглэлээр үндэсний болон олон улсын олон байгууллагатай хамтран ажиллаж байна.
Хятадад экологийг хамгаалах явдал нь ард түмний зүрх сэтгэлээрээ мэдэрч гүйцэтгэдэг ажил болсон юм. Саяхан чуулсан Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурлаар экологийн соёл иргэншлийн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэх тусгай зохицуулалт хийж, экологийн орчны удирдлагын тогтолцоог боловсронгуй болгож, биологийн олон янз байдлыг хамгаалах зохицуулалтын механизмыг бэхжүүлэхийг санал болгосон байна. Экологийн орчныг хамгаална гэдэг нь үйлдвэрлэлийн хүчнийг хамгаалж, экологийн орчныг сайжруулна гэдэг нь үйлдвэрлэлийн хүчнийг хөгжүүлнэ гэсэн үг юм.
Ногоон хөгжил бол Хятадын өндөр чанартай хөгжлийн үндэс юм. Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурлаар, ногоон болон нүүрстөрөгч багатай хөгжлийн механизмыг сайжруулах санал дэвшүүлсэн. 7-р сарын сүүлчээр, Хятад улс "Эдийн засаг, нийгмийн хөгжлийн иж бүрэн ногоон өөрчлөлтийг эрчимжүүлэх тухай санал" гаргасан юм. Энэ нь анх удаа ногоон байгууламжийг цогцоор нь өөрчлөх талаар системтэй зохицуулалт хийж буй явдал юм.
2023 онд ДНБ-д ногдох эрчим хүчний хэрэглээ болон нүүрстөрөгчийн ялгаруулалтын хэмжээ 2012 оныхоос тус тус 26,35 хувиар буурчээ. Энэ оны 6-р сарын эцсийн байдлаар, сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нь Хятадын нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 53.8 хувийг эзэлж, Хятад улс нь дэлхийн ногоон өөрчлөлтийн чухал хүчин болсон байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн тайланд дурдсанаар, 2023 онд Хятад улс дэлхийн сэргээгдэх эрчим хүчний шинээр суурилагдсан хүчин чадлын талаас илүү хувьд хувь нэмэр оруулжээ. Хятад улс эдийн засгийн хөгжил, байгаль орчныг хамгаалах ажлын ахицыг урагшлуулж, бусад улс оронд үлгэр жишиг болно гэж олон улсын шинжээчид үзэж байна.
"Цэнгэг ус-алтан эрдэнэ, цэцэгт уулс-мөнгөн эрдэнэ". Хятад улс хүн байгаль эвсэг зохицонгуй орших орчин үеийн шинэчлэлийг эрэлхийлсээр байгааг үлгэр түүх харуулж байна. Энэ үйл явцад цэнгэг ус, цэцэгт уулс болсон “экологийн өнгө үзэмж”болон иргэдийн амьдралын“аз жаргалын үзүүлэлт" нь зэргээр дээшилж байна. Ирээдүйд Хятад улс дэлхийн хөгжилд илүү "ногоон" үзэл баримтлалыг авчирч, дэлхийн экологийн засаглалд улам их Хятадын шийдлүүдийг хангах болно.