Наймдугаар сарын 27-28-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны гадаад харилцааны ажлын албаны дарга Ван И, АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын үйл хэрэг хариуцсан туслах Жейк Салливантай уулзаж, хоёр талын стратегийн тухай хэлэлцэж, илэн далангүй, бодитой, бүтээлч яриа өрнүүлэв
Ван И хэлэхдээ, Хятад, Америкийн харилцаа өөд уруу үеийг туулж, туршлага, сургамжаа дүгнэх нь ирээдүйг илүү сайн нээж, хоёр том улс харилцан ойлголцох зөв замыг олоход туслах болно.
Нэгд, Хятад, Америкийн харилцаа зөв чиг хандлагатай байхын гол зүйл нь хоёр улсын төрийн тэргүүн нар зөв удирдан дагуулах явдал юм.
Хоёрт, Хятад Америк хоёр орны мөргөлдөөн, сөргөлдөөнөөс зайлсхийх гол зүйл бол “гурван хамтарсан мэдэгдэл”-ийг баримтлах явдал юм.
Гуравд, Хятад, Америкийн солилцоо тогтвортой байхын тулд бие биедээ эрх тэгш хандах нь чухал юм.
Дөрөвт, Хятад, Америкийн тогтвортой, урт хугацааны харилцааг хадгалах гол зүйл бол олон нийтийн санаа бодлыг бэхжүүлэх явдал юм.
Тавд, Хятад Америк энх тайвнаар зэрэгцэн оршихын тулд зөв ойлголцлыг бий болгох нь чухал юм.
Тайвань бол Хятадынх бөгөөд Хятад улс нэгдэх нь гарцаагүй. "Тайванийн тусгаар тогтнол" нь Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдалд хамгийн том эрсдэл юм. Америкийн тал "Тайваний тусгаар тогтнолыг дэмжихгүй байх" амлалтаа хэрэгжүүлж, нэг Хятадын зарчим болон Хятад Америкийн гурван хамтарсан мэдэгдлийг баримталж, Тайваньд зэвсэг нийлүүлэхээ зогсоож, Хятад улсыг энх тайвнаар нэгтгэхийг дэмжих ёстой гэж Ван И онцлов.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад улс Өмнөд тэнгисийн арлуудын нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн эрх ашгийг тууштай хамгаалж, Өмнөд тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаглалыг нухацтай, үр дүнтэй байхыг баталгаажуулна. АНУ хоёр талын гэрээ гэх шалтгаар Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдахгүй байж, Филиппиний хууль бус ажиллагааг өөгшүүлэх ёсгүй.
Салливан хэлэхдээ, Америк, Хятадын хооронд санал зөрөлдөөн, өрсөлдөөн бий, бас хамтран ажиллах шаардлагатай олон салбар бий. АНУ Хятадаас салах бодолгүй байна. АНУ нэг Хятадын бодлогыг баримталж, "Тайванийн тусгаар тогтнол", "хоёр Хятад", "нэг Хятад, нэг Тайвань" гэгчийг дэмжихгүй. АНУ-ын бодлогын зорилго бол Америк, Хятадын харилцааг тогтвортой хөгжүүлэх арга замыг олох явдал юм. Хятад улстай стратегийн харилцаагаа үргэлжлүүлж, харилцан ойлголцлоо нэмэгдүүлж, үл ойлголцол, буруу дүгнэлтийг багасгахад АНУ бэлэн байна.