9-р сарын 2-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин дэх Ардын их хурлын ордонд Хятад Африкийн хамтын ажиллагааны форумын дээд хэмжээний уулзалтад оролцож, төрийн айлчлал хийхээр Хятадад ирсэн Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафосатай хэлэлцээ хийв.
Ши Жиньпин тэмдэглэхдээ, Хятад, Өмнөд Африкийн найрамдал нь үндэсний эрх чөлөөний төлөөх чин сэтгэлийн тэмцэл, харилцан дэмжлэгээс үүдэлтэй, мөн үндэсний хөгжил, бүтээн байгуулалтад харилцан тус дөхөм үзүүлэх, олон улсын шударга төв ёсны төлөөх эв санааны нэгдэл, хамтын ажиллагаанаас үүдэлтэй. Өмнөд Африк бол миний хамгийн олон зочилсон Африкийн орон юм, та бол энэ удаагийн Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын дээд хэмжээний уулзалтаас өмнө Хятадад төрийн айлчлал хийхээр ирж, би хүлээн авсан Африкийн анхны төрийн тэргүүн юм, энэ нь Хятад, Өмнөд Африкийн харилцаа болон бидний найрамдал өндөр түвшинд байгааг харуулж байна. Энэ жил Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны 75 жил, Өмнөд Африкийн улс байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Олон улсын байдал өөрчлөгдсөн ч Хятад, Өмнөд Африкийн шинэчлэлийг хэрэгжүүлэх эрхэм зорилго өөрчлөгдөөгүй юм, Хятад, Африкийн хамтын ажиллагааг ахиулах хүсэл зорилт, дэлхийн засаглалыг сайжруулах хүсэл эрмэлзэл өөрчлөгдөөгүй хэвээр байна. Шинэ эрин, шинэ аянд Хятад, Өмнөд Африкийн эв нэгдэл, хамтын ажиллагаа бэхжиж байгаа нь хоёр орны ард түмний нийтлэг хүлээлттэй нийцэж, "Дэлхийн өмнөд бүс"-ийн хөгжил дэвшлийн түүхэн үйл явцтай нийцэж байгаа учир, орчин үеийн чухал ач холбогдолтой мөртөө дэлхийн хэмжээнд нөлөө үзүүлж байна. Би энд Хятад, Өмнөд Африкийн харилцааг шинэ эрин үеийн бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаанд ахиулахыг санал болгож байна гэжээ.